Хавар-зуны шилдэг 30 юбка
Яг одоо ямар загварын юбка худалдан авах хэрэгтэй вэ
Атлас материалтай юбка
Та хавар-зуныхаа хувцасны шүүгээг хамгийн сүүлийн үеийн тренд бүхий хоорондоо хялбархан зохицдог хувцаснуудаар дүүргэхээр шийдсэн бол юуны түрүүнд атлас материалтай юбка худалдан аваарай. Ийм загварын юбкаг загварчлан өмсөхдөө эсрэг тэсрэг туйлын дүрэм буюу зөөлнийг хатуутай хослуулах аргачлалыг баримтлаарай. Эмэгтэйлэг, зөөлөн атлас юбка нь oversize свитер, технологижсон куртка, комбат гутал, эрэгтэйлэг стильтэй туфли зэрэг илүү болхи загваруудтай сайхан зохицдог. Мөн мэдээж цасан цагаан кет, өсгий хэсгээрээ онгорхой туфли, гоёмсог пиджак зэрэг илүү ганган хувцастай хослуулснаар үдшийн төрх бүрдүүлэх боломжтой.
Хуниастай юбка
Хэдэн жилийн өмнө бид гэнэт л нарийхан хуниастай юбкагаар өвчилж, тэр хэрээрээ асар хурдан энэхүү трендийг мартсан. Гэхдээ сайхан мэдээ дуулгахад дизайнерууд хуниастай юбкаг дахин сэргээж моданд оруулсан байгаа. Зарим брэндүүд юбкаг бүтнээр нь биш харин тал хэсгийг нь хуниастай байхаар бүтээсэн бол, өөр брэндүүд тэгш бус хэмтэй загварыг онцолж, бусад нь элсэн бор, beige зэрэг сонгодог саармаг өнгөнүүд дээр төвлөрч байна. Юутай ч одоо худалдаалагдаж буй юбканууд таван жилийн өмнөх хуучинсаг хуниастай загваруудаас тэс ондоо, илүү контемпорари дизайнтай болсон тул та эмээх зүйлгүйгээр уг трендэд нэгдээрэй.
Ажлын өмсгөлийг санагдуулам том халаастай юбка
Ер нь энэ улиралд ажлын өмсгөлийг санагдуулсан, прагматик, биед эвтэйхэн, технологижсон загварууд анхаарлын төвд байх болно. Брэндүүдийн шинэ цуглуулгад замын ажилчдын өмсгөлтэй ижил хийцтэй хантааз, цахилгаанчдын комбинзон зэрэг олон том халаастай, хатуу даавуун материалтай загварууд төрөл бүрээрээ багтсан байгаа. Ийм загварын юбка ч бас нэгэн хэвийн эмэгтэйлэг юбкатай харьцуулбал илүү сонирхолтой, эд зүйлсээ биедээ авч явахад ч тустай, өвөрмөц байх болно шүү.
Жийнсэн мини юбка
2000-аад онуудаас эргэн ирсэн загварууд дунд жийнсэн юбка гарцаагүй чухал байр суурь эзэлнэ. Ихэнх брэндүүд мини юбкаг винтэж эффекттэй цайралттай жийнсэн материалаар хийж, эсвэл хуучин жийнсэн өмдийг өвөрмөц байдлаар юбка болгон оёж байгаа. Хэрвээ танд богино жийнсэн юбкаг өргөн тэлээ, богино топ, өндөр өсгийтэй туфлитэй хослуулж өмсөх зориг хүрвэл бид танд босоогоороо алга таших болно. Яг л 20 жилийн өмнөх шиг хувцаслах тренд хүчээ аваад байна шүү дээ.
Урлагийн бүтээл мэт юбка
Загварын салбар болоод улирлын чиг хандлагуудын хувьд урлаг гэдэг зүйл нь хэзээ ч хуучиршгүй, үргэлж cool байдаг элемент болж өгдөг. Simone Rocha-гийн Тан гүрний үеийн хятад хөрөг зургууд, Marni-гийн Афродитатай коллаж зураг, Dries van Noten-ы усан будган угалз гээд ийм зэргийн гоёмсог хийцтэй юбкануудыг цагаан футболкатай хослуулахад л хангалттай.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт