Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног ѳндѳрлѳлѳѳ

Нью-Йоркийн загварын долоо хоног ѳндѳрлѳлѳѳ

Үүсгэн байгуулагч Ө.Содгэрэлийн нүдээр

Text: Ө.Тодгэрэл


“Том дөрөв”-ийн эхнийх болох Нью-Йоркийн загварын долоо хоног Marc Jacobs-ын шоугаар өндөрлөлөө. Ингээд #NYFW -ээс шууд мэдээлэл хүргэсэн Бюрогийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Ө.Содгэрэлтэй ярилцлаа

Хөтөлбөрөө сонгосон нь

Загварын долоо хоногийн үеэр дизайнерууд presentation болон runway гэсэн хоёр төрлөөр цуглуулгаа үзүүлдэг. Загварын шоунууд нэг цэг дээр биш Нью-Йорк хотын өөр өөр байршлуудад болдог тул олон шоу үзэхийг хүсвэл яаравчлах хэрэгтэй. Миний хувьд хоёр ѳдрийн хугацаатай очихдоо Rossie Assoulin, Gabriela Hearst, ба Тanya Taylor брэндүүдийн танилцуулга болон Ohne Titel, Hervé Léger by Max Azria, Yigal Azrouël болон Jason Wu-гийн шоу үзэж амжлаа.

Уур амьсгал

Загварын салбарын нөлөө бүхий хүмүүс нэг доор цугларч, дэлхийн загварын ертѳнц долоо хоногийн хугацаанд Нью-Йорк хотод төвлөрсөн. Ирсэн бүх зочид өөрийн гэсэн нарийн мэдрэмжтэй, сайхан хувцасласан төдийгүй бүгд эерэг энерги цацруулж байлаа. Ерөнхийдөө загварын үзүүлбэр бүр дээр ирсэн зочид бүгд хоорондоо танил, халуун дотно уур амьсгалтай, яг л гэр бүлийн цуглараан мэт өнгөрдөг санагдсан.

Загварын шоуны тайз засалт

Загварын долоо хоногоос хамгийн ихээр таалагдсан зүйл бол дизайнеруудын бүтээлч байдал. Тэд яаж л бол яаж, хаана л бол хаана хүссэн хэв маягаар цуглуулгаа танилцуулдаг. Жишээ нь Rossie Assoulin усан бассейн дотор моделиудыг зогсоон танилцуулга хийсэн бѳгѳѳд зочид цуглуулгын загваруудыг тухтай үзэн, зургийг нь дарах боломж гардаг тул нэг талаараа маш давуу талтай санагдсан. Зарим дизайнерууд шууд бутик дотроо танилцуулга тавьж, харин шоуны хувьд гэвэл аль болох том зайтай орчин байвал дизайнерууд цуглуулгадаа тохирсон инсталяци засаж, өөр өөр уур амьсгал бүрдүүлдэг. Өмнө нь Австралийн загварын долоо хоногт очиход шоунууд нийлээд дээр үеийн, ашиглагдахаа байсан галт тэрэгний буудал дээр зохион байгуулагдаж байсан. Нэг галт тэрэгний толгой гэхэд л ямар том билээ. Тэр бүгдийг хадгалж байсан орон зай мэдээж хэрэг бүр том учир тун тохиромжтой орчин байсан. Нэг талын галт тэрэгний агуулахад нэг дизайнерын шоу, дэргэдэх агуулахад нь нөгөө дизайнерынх болсон гээд маш их таалагдсан.

Зочид

Ажиглаад байхад загварын шоуны зочид маань хоёр төрөлд хуваагддаг бололтой. Нэг хэсэг нь маш тод, анхаарал татам хувцасласан, аливаа шоуны үүдэнд шуугилдах паппарацид цаг заваа зарцуулж, зураг авахуулан зогсож буй хүмүүс. Тэр нь мэдээж блоггерууд. Харин нөгөө хэсэг нь загварын салбарын мэргэжилтнүүд. Тодруулбал томоохон худалдан авагчид, сэтгүүлчид, шүүмжлэгчид гэх зэрэг хүмүүс юм. Тэд голдуу саармаг эсвэл хар өнгөтэй, дэгжин бас чанартай хувцастай, хүний анхааралд өртөхөөс илүү ажлаа хийж яваа бүлэг байлаа. Эрчүүд нь эмэгтэйчүүдээс дутахааргүй загварын өндөр мэдрэмжтэй, бүгд маш загварлаг хувцасласан нь таалагдсан. Тэд шоу дууссаны дараа тайзны ард очин, дизайнертаа баяр хүргээд дараагийн шоу руу яардаг.

Зочдын нүүр будалт

Дээр дурдсан хоёр бүлэг хүмүүс хувцаслалтын хэв маягийн дагуу нүүр будалтаа сонгодог харагдсан. Өөрөөр хэлбэл мэргэжилтнүүд хамгийн энгийн, байгалийн будалт хийн, үс засалт дээр ч яалгаагүй, маш байгалийн эффекттэй, өөртөө хэт их анхаараагүй мэт төрх харагдаж байлаа. Харин блоггер охидууд сүүлийн үеийн тренд бүхий мэргэжлийн нүүр будалт голдуу хийсэн байв.

Онцлох дизайнер

Жейсон Вугийн цуглуулга үнэхээр таалагдсан. Түүний хувцасны эсгүүр, материал, өнгөний сонголт гээд бүгд миний хувьд төгс санагдсан. Зөвхөн хувцас ч биш мөн түүний гутал ба арьсан цүнхнүүд хүртэл маш сайн хийгдсэн байв. Цуглуулгыг хаа нэгтэйгээс биш, харин дизайнерын бэлдсэн тусгай орчинд, түүний сонгосон хөгжимд амьдаар харна гэдэг хамгийн бодит мэдрэмж. Жэйсон Вугийн шоу нэлээд энгийн хэрнээ дэгжин орчинд болж өнгөрсөн нь цуглуулгатайгаа сайхан хосолсон. Жэйсон Вутай тайзны ард танилцахад тэр их энгийн, даруухан, найрсаг сэтгэгдэл үлдээсэн.

Нью-Йоркийн загварын долоо хоног ѳндѳрлѳлѳѳ (фото 1)

Нью-Йоркийн загварын долоо хоног ѳндѳрлѳлѳѳ (фото 2)

Farfetch & Nicole Richie

Farfetch хэмээх онлайн дэлгүүр Никол Ричитэй хамтран зохион байгуулсан үдэшлэгт очсон. Тэд хамтран гаргасан богино хэмжээний бичлэгээ сурталчлах зорилгоор загварын долоо хоногийг ашиглан бүх салбарын нөлөө бүхий хүмүүсийг нэг доор цуглуулан, тухайн завгүй ѳдрийн дараагаар тайван суун загварын талаар яриа өрнүүлэн үдшийг өнгөрүүлэх орчин бүрдүүлсэн байв.

Нью-Йоркийн загварын долоо хоног ѳндѳрлѳлѳѳ (фото 3)Нью-Йоркийн загварын долоо хоног ѳндѳрлѳлѳѳ (фото 4)

Монголын загварын долоо хоног

Загварын салбар хүчтэй хөгжиж эхэлж байгаа энэ үед нэгдсэн загварын долоо хоног зохион байгуулдаг болох нь маш чухал. Юуны түрүүнд монголын дизайнерууд маань бүгд дэлхийн жишгийг дагаж нэг загварын улирлаар түрүүлж явдаг системд орох нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тодруулбал ирэх хавар-зуны цуглуулгыг энэ намар танилцуулж, харин дараа жилийн намрын цуглуулгыг ирэх хавар танилцуулах гэх мэт. Ингэснээр дизайнерууд, компаниудын хувьд маш их ашигтай. Дизайнерууд маркетингаа шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргах улирал нь эхэлсэн хойно биш харин урьтаж эхлүүлэн, томоохон худалдан авагч дэлгүүрүүдтэйгээ тохиролцох нь илүү үр дүнтэй. Бид загварын долоо хоногтой болохийн тулд маш зохион байгуулалттай, хоорондоо сайн холбоотой байх хэрэгтэй болов уу.

цааш үзэх