Загварлаг куртка санал болгодог 4 брэнд
Загвар болон технологийн дэвшлийн хослол
Stone Island
Футуристик хэв маяг, онцгой деталь, тод өнгө зэрэг орчин цагийн залуусын хүслэн болсон бүх зүйлс Stone Island брэндийн загваруудад оршдог. 1982 онд Италийн Раварино мужид спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэхээр Stone Island брэндийг үүсгэн байгуулсан Массимо Ости нь усны хамгаалалттай, хүйтэнд тэсвэртэй, амьсгалдаг, температураас хамааран өнгөө хувиргадаг гэх мэт шинэ материалыг зохион бүтээсэн бөгөөд одоо ч түүний бүтээсэн материалуудыг хувцас загварт ашигладаг билээ.
49winters
Лондон хотноо үүсгэн байгуулагдсан 49winters брэнд нь тэйлор хийц, минимал силуэт, технологийн дэвшлийг ашиглан практикт ашигтай загваруудыг урладаг. 49winter брэндийн куртка нь дотор хэсэг буюу богино загварын винил материалтай хүрэм, түүний гадуур өмсөхөд зориулагдсан салхи, усны хамгаалалттай минимал хийцийн урт хүрэм болон дулаан байлгах үслэг малгай гэсэн гурван хэсгээс бүрддэг. Дээрхи гурван хэсгийг дангаар нь өмсөх боломжтой тул Mонголын эрс тэрс уур амьсгалд нэн тохиромжтой.
Aimé Leon Dore
Америкийн залуу дизайнер Тедди Сантисын үүсгэн байгуулсан Aimé Leon Dore брэнд нь өнгөлөг байдал, сонирхолтой хээ, өвөрмөц шийдлээрээ загварын "influencer", сагсан бөмбөгчид болон хип-хоп уран бүтээлчдийн дунд нэрд гарчээ. Тедди Сантис өвлийн улиралд зориулан алдарт Woolrich брэндтэй хамтран чөлөөт хэв маягтай, тод өнгөнүүдээс бүрдэх эрэгтэй куртканы цуглуулгаа худалдаанд гаргаад байгаа юм.
Supreme болон The North Face. брэндүүдийн хамтарсан цуглуулга
Хамгийн эрэлттэй street wear брэндүүдийн нэг Supreme болон спорт хэрэглэлийн Тhe North Face нар 2007 оноос хойш хамтран жил бүр өвлийн куртканы цуглуулга гаргаж ирсэн билээ. Тэдний онцлох цуглуулгуудаас дурдвал 2012 онд гаргаж байсан газрын зурган хээтэй загвар, 2016 оны улбар шар өнгийн oversize загварын курткаг нэрлэж болох бол 2018 оны намар-өвлийн улиралд зориулан брэндүүд мөнгөлөг болон алтлаг эффекттэй, мөн могойн арьсан хээтэй курткаг танилцуулаад байгаа юм.