2017 оны чиг хандлага: Дөрвөлжин хээ
Энэ намрын улирлын гол хээ
Дөрвөлжин хээ нь загварын салбарт үргэлж байсаар ирсэн, эртний чиг хандлагуудын нэг юм. Хамгийн анх дөрвөлжин хээтэй ёслолын хувцсыг Эртний Ром хотын иргэд болон Японы самуурайнууд өмсөж эхэлсэн бөгөөд удалгүй энэ хээ нь Византийн эрин үед дэлгэрсэн байдаг. Гэхдээ дөрвөлжин хээг алдрын оргилд хүргэсэн хүмүүс бол яахын аргагүй Шотландчууд юм. Тэр дундаа Шотланд улсыг биширдэг байсан Их Британийн хатан хаан Виктория дөрвөлжин хээг өргөн хүрээний аж үйлдвэрт нэвтрүүлж, өдөр тутмын хэрэглээ болгосон билээ.
Дөрвөлжин хээ нь дотроо олон төрөл байдаг бөгөөд энэ намрын улиралд бүх хувилбарууд адилхан загварлаг байх болно. Тухайлбал Gucci брэнд "Ройал Стюарт" нэртэй хамгийн алдартай хувилбараар цамц урлаж, шүр болон хатгамлаар баяжуулсан бол, Balenciaga ба Calvin Klein брэндүүд саарал өнгийн дөрвөлжин хээтэй гадуур хувцас санал болгосон. Түүнчлэн Alexander Wang илүү том хэмжээтэй дөрвөлжин хээг онцолж, харин Chanel ба Thom Browne загварын ордод өвөрмөц шийдэлтэй дөрвөлжин хээ танилцуулсан байгаа.