Энгийн цагаан футболканы тусламжтай бүрдүүлэх загварлаг төрхүүд
Бидний хувцасны шүүгээн дэх хамгийн энгийн атлаа загварлаг зүйл бол цагаан өнгийн футболка юм. Цагаан футболка нь бүх хүний загварын сонирхолд нийцэж маш олон төрлийн төрх бүрдүүлэхэд тусалдгаараа онцлог юм. Харин бид ямар төрхүүд бүрдүүлж болохыг харуулж байна.
Даашинзтай
Хамгийн түрүүнд бид давхарлаж өмсөх аргыг онцолж байна. Зуны нимгэн даашинзын дотуур цагаан футболка өмсөх нь хүзүү, мөрний хэсгийг нарны хэт ягаан тусгалаас хамгаалахын сацуу загварлаг харагдуулдаг. Ингэхдээ футболка давхарлаж болохоор сул даашинз сонгоорой.
1970-аад оны чиг хандлага
Пальтоны улирал эхэлмэгц тод өнгийн хүрмээ шүүгээнээсээ гаргаж пейсли хээтэй жийнсэн өмд болон бүдүүн өсгийтэй гуталтай хослуулан өмсөөрэй.
Унтлагын пижамтай
Хөл хорионы улмаас олон сар гэртээ тусгаарлагдсан болоод ч тэр үү тав тухтай гэрийн хувцсаа өмсөөд гарчихмаар санагдаж байна уу? Тэгвэл зориг гарган унтлагын пижамаа цагаан футболкатай хослуулан зуны сандаалаар төрхөө баяжуулаад өөртөө итгэлтэйгээр гараад нэг үзээрэй.
Нимгэн хантаазтай
Төрхийг илүү сонирхолтой болгохын тулд цагаан футболка дээрээ хантааз давхарлаж өмсөөрэй. Мөн энэ дашрамд зөвлөхөд, жийнсэн материалтай хантаазыг Скандинав бүсгүйчүүдийн адил даашинзын гадуур загварчилж, тейлор хийцтэйг нь нүцгэн бие дээрээ өмсөж гадуур нь пиджак давхарлах аргуудыг туршаарай.
1990-ээд оны хэв маяг
Хамгийн эрс тэс уур амьсгалтай орнуудын нэгт ордог манай улсын хувьд зуны улиралд ч мөн дулаалах хэрэг гардаг. Яг тэр үед цагаан футболкагаа савхин хүрэмтэй загварчилж 90-ээд оны хэв маяг бүрдүүлээрэй.
Ажил хэрэгч стиль
Оффист тохиромжтой байдлаар хувцаслахын тулд тейлор хослолоо заавал сорочкан цамцтай хослуулах ёстой гэх үзэл ард хоцорсон. Та хамгийн ажил хэрэгч гэсэн хослолоо ч хүртэл цагаан футболканы хамт өмсөж болно.
Хар өнгөөр дагнах нь
Дараагийн шалгарсан арга бол толгойн оройноос хөлийн ул хүртлээ хар өнгөөр хувцаслаж ганцхан цагаан футболкагаар төрхөд контрастыг өгөх арга юм.