Өлөн элгэн дээрээ нимбэг, эсвэл цагаан гаатай ус ууж болох уу?: Усны зөв хэрэглээ
Эрүүл бие, залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалах гол хүчин зүйлсийн нэг бол цэвэр ус. Энэ нь хоол боловсруулалт, зүрх судас, дархлааны систем хэвийн явагдахад нөлөөлдгөөс гадна бодисын солилцоог эрчимжүүлж жингээ хасах үйл явцыг түргэсгэхэд тусалж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ашигтай билээ. Хөгшрөлтийн эсрэг анагаах ухааны доктор Наталья Зубаревагийн хэлснээр шөнийн цагаар ходоод гэдэсний үйл ажиллагаа удааширдаг бөгөөд үүнийг нөхөн сэргээхийн тулд өглөөний цайгаа уухаас хагас цагийн өмнө өлөн элгэн дээрээ ус уух хэрэгтэй байна. Ингэхдээ усыг зөв уух нь чухал ба эс бөгөөс бие махбодод сөрөг үр дагавартай байж болзошгүйг хуваалцжээ.
Ямар усыг өлөн элгэн дээрээ уух ёстой вэ?
Юун түрүүнд цоргоноос гоожсон бус цэвэршүүлсэн, эсвэл гүний ус уух хэрэгтэй. Буцалсан усны хувьд ямар нэг эсрэг заалтгүй ч хоол хүнсний мэргэжилтэн Натали Макиенкогийн хэлж буйгаар нэгээс дээшгүй удаа буцалгасан байх дээр анхаарахыг зөвлөлөө. Учир нь усыг өндөр хэмд халаах тутамд дотор нь агуулагддаг эрдсүүд нь устаж байдаг гэнэ.
Харин цай, кофе, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа зэрэг нь шүдний эрүүл мэндэд халтайн сацуу илүүдэл илчлэг болдог тул цэвэр усыг орлож чадахуйц хүчин зүйл биш юм. Үүнээс гадна өлөн элгэн дээрээ хийжүүлсэн ус уухыг мэргэжилтнүүд зөвлөдөггүй байна. Учир нь хийжүүлсэн усанд агуулагддаг нүүрстөрөгчийн давхар исэл нь ходоод хямрах, гэдэс дүүрэх болон бусад тавгүйтлийг мэдрүүлэх боломжтой билээ. Харин үүнд эмчийн жороор бичсэн рашааны хэрэглээ хамаарахгүй болохыг анхаараарай.
Нимбэг, цагаан гаа, эсвэл зөгийн балтай ус өлөн элгэн дээрээ ууж болох уу?
Эдгээр усыг уухдаа зарим нөхцөлийг харгалзан үзэх шаардлагатай. Тухайлбал, нимбэгтэй усыг өлөн элгэн дээрээ зөвхөн цитрусын төрлийн хүнснээс харшилдаггүй, ходоодны хүчил ихсэх асуудалгүй хүмүүс хэрэглэх боломжтой.
Харин цагаан гаатай ус нь биеийн хаван буулгах, нян устгах үр нөлөөтэй билээ. Тиймээс та усандаа 5мм бүхий цагаан гаа хийж хандлан уух боломжтой. Ингэхдээ цагаан гаагаа идэхгүй байхыг зөвлөе. Учир нь энэ нь биеийн дулааныг дээшлүүлдэг, даралт нэмэгдүүлдэг, цусны эргэлтийг түргэсгэдэг учир аль болох болгоомжлоход илүүдэхгүй. Үүнээс гадна цагаан гаа амьсгалын замын вируст цочмог халдвараас урьдчилсан сэргийлдэг ашиг тустай ч, тус өвчлөлийн үеэр хэрэглэхэд тохиромжгүйд тооцогддог.
Зөгийн балын хувьд элсэн чихрийн агууламж өндөрт тооцогддог тул өглөө хэрэглэхийг зөвлөдөггүй байна. Эдгээрээс дүгнэхэд өлөн элгэн дээр хэрэглэх хамгийн шилдэг шингэн бол элдэв найрлагагүй цэвэр ус байх нь ээ.
Ус ямар хэмд байх ёстой вэ?
Ходоод гэдэсний үйл ажиллагаанд 30-40 хэмийн буюу бүлээн, аль эсвэл тасалгааны температур дахь 22-25 хэмийн ус хамгийн тохиромжтойд тооцогддог. Учир нь ходоод өөрөө 37 орчим хэм байдаг тул хүйтэн, аль эсвэл мөстсөн ус хүний биед тохиромжгүйн сацуу бие махбодыг ачаалуулах, салст бүрхэвчийг цочроох үндэс болдог билээ. Гэдэс дүүрэх, цээж хорсох, өтгөн хатах шинж тэмдэг илэрч байгаа хүнд тэр тусмаа хүйтэн ус тохиромжгүй.
Түүнчлэн 50 болон түүнээс дээш хэмд халаасан ус мөн л салст бүрхэвчид сөргөөр нөлөөлж, цусны даралтыг нэмэгдүүлдэг. Энэ нь өглөөний цагаар даралт үл ялиг нэмэгдсэн үед маш тохиромжгүй сонголт юм. Хэт их халуун ус хэрэглэх нь мөгөөрсөн хоолой болон улаан хоолойн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй билээ.
Өглөө ямар дарааллаар ус уух вэ?
Юун түрүүнд өглөө босоод шүдээ угаах хэрэгтэй. Улмаар цэвэр усаа залгилж биш бага багаар ууна. Ингэхдээ 1-2 стакан буюу 450мл усаар хязгаараа тогтоогоорой. Улмаар 15-30 минутын дараа өглөөний цайгаа уух боломжтой.