Хайх

Мандарины детокс: Хамгийн шинэ жилийн уур амьсгалтай дэглэм

Мандарины детокс: Хамгийн шинэ жилийн уур амьсгалтай дэглэм

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрвээ бид бүхэл өдрийн турш зөвхөн мандарин идвэл бие организмд юу тохиолдох вэ? Энэ асуултад хоол тэжээлийн мэргэжилтэн, клиникийн сэтгэл зүйч, диетолог Анна Ивашкевич хариулж байна.

Өнөөдөр моно хоолны дэглэмийн төрлүүд маш олон болсон. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь алим, тараг мөн гурвалжин будааны дэглэм юм. Магадгүй бараг хоёр эмэгтэйн нэг нь амьдралдаа нэг удаа ч болов эдгээр дэглэмүүдийн аль нэгийг нь туршиж детокс хийж үзсэн байх. Гэхдээ моно дэглэм нь өргөст хэмхээс эхлээд гадил хүртэл ямар ч бүтээгдэхүүн дээр суурилсан байж болно гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүн нь харшил өгөхгүй байх нь чухал. Мөн тухайн бүтээгдэхүүнийг бие организм хүлээн авахгүй байх магадлалтай бөгөөд энэ тохиолдолд дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрч болно.

Сүүлийн үед цитрусын төрлийн дэглэм маш их эрэлттэй болоод байгаа. Өглөө шинэхэн шахсан жимсний шүүс ууж, жүрж, бэрсүүт жүржийг янз бүрийн хоолонд нэмэх (каша, салаат, үндсэн хоол, илчлэг багатай амттан) нь үзэмжтэй, эрүүл, ач тустай харагдаж болох ч энэ талаар илүү дэлгэрэнгүй судалсан нь дээр.

Мандарин: Эрүүл мэндэд ямар тустай вэ?

Жүрж, бэрсүүт жүржнээс (грейпфрут) илүүтэй янз бүрийн дэглэмд мандарин голцуу ашиглагддаг. Ялангуяа өвлийн улиралд. Тэгвэл энэхүү жимсийг яагаад жин хасах зорилгоор иддэг вэ гэж үү? Жимсэнд агуулагдаж буй илчлэгт бүх учир бий. Нийт 100 г бүтээгдэхүүнд 33 ккал агуулагддаг бөгөөд үүнээс 0,8 г уураг, 0,2 г өөх тос, 7,5 г нь нүүрс ус байдаг. Химийн найрлагаараа мандарин нь грейпфруттэй төстэй ч гашуун амт мэдрэгддэггүй давуу талтай.

Мандарин бол жинхэнэ амин дэмийн "бөмбөг" л гэсэн үг. Цитрусын төрлийн энэхүү жимс нь A, C, D, K, PP болон B (B1, B2, B6) аминдэмээр баялаг. Түүнчлэн мандаринд кали, фосфор, натри, төмөр, кальци, магни, эслэг, эрүүл мэндэд тустай чихэр агуулагддаг. Мөн мандарины хальсанд агуулагддаг эфирийн тос нь мэдрэлийн систем, сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, хоолны дэглэм эсвэл хүйтний улирлаас үүдэн сэтгэл хөдлөл тогтворгүй болох үед тэнцвэржүүлж өгдөг байна.

Мандарины детокс: Хориглох заалт

Мандарины детокс нь зөвхөн мэргэжилтний хяналтан дор, зөвлөгөө авсны дараа хийгдэх ёстой. Дархлаа дэмжиж, липидийг хэвийн болгож, олон төрлийн аминдэм агуулдгийг үл харгалзан мандаринд маш их хэмжээний хүчил агуулагддаг тул ходоод болон амны хөндийд таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй. Жишээ нь амны хоёр хажууд хагарал үүсэж магадгүй.

Цитрусын төрлийн дэглэмд өдөрт идэж болох хэмжээг заавал заасан байдаг. Мандарины дэглэмд дээд тал нь 1,5 кг жимс идэхийг заасан байдаг ч өдөрт 1кг идэхэд л харшил, загатнаа, тууралт үүсэх магадлалтай бөгөөд үр дүнд нь удаан хугацааны турш энэ жимсийг идэх боломжгүй болдог. Нэгэнт харшил өгсөн бол цаашид ходоодонд хүчил очсоноор бие организм тань ийм реакц үзүүлж болно.

Гастрит, ходоодны өвчлөлд өртөмтгий эсвэл нефрит, энтерит, псориаз, колит, холецистит зэрэг өвчтэй хүмүүст мандарины дэглэм барихыг зөвлөдөггүй. Учир нь бие организмын ерөнхий төлөв муудаж, салст бүрхэвч цочирч, хоол боловсруулах системийн өвчлөл сэдэрч магадгүй.

Мандарины детокс хэрхэн хийх вэ?

Хэрвээ та эрсдэлтэй бүлэгт хамрагддаггүй бөгөөд энэхүү дэглэмийг туршиж үзэхээр шийдсэн бол бие организмыг гэмтээдэггүй, тохиромжтой хувилбаруудыг сонгоорой. Гэхдээ үүнээс өмнө доорх дүрмүүдийг санах хэрэгтэй.

  • Өглөө өлөн дээрээ шинэхэн шахсан шүүс ууж болохгүй.
  • Өдөрт 1-2 л ус ууж, бие организмын усны тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Гэхдээ хэрвээ таны бие организм ус нэхэхгүй байвал хүчээр уух гэсний хэрэггүй. Юуны түрүүнд өөрийнхөө биеийг сонсох нь чухал.
  • Бие организмд муу үр дагаваргүй моно дэглэм хийхийн тулд эртнээс бэлдэх хэрэгтэй. Жишээ нь аажмаар өдөрт авч буй илчлэгээ багасгаж, цэсээсээ гурилтай, тослог, халуун ногоотой, давстай хоолыг хасаж, оронд нь жимс, ногоо, үр тариа, тослог багатай мах (загас, шувуу, цацагт хяруул) түлхүү оруулж өгөөрэй. Энэ байдлаар долоо хоног хооллосны дараа л зөвхөн нэг бүтээгдэхүүнээс бүрдсэн моно дэглэм эхэлж болно.

Мөн бусад хүнсний бүтээгдэхүүн оролцуулах боломжтой хөнгөвчилсөн мандарины дэглэм байдаг.

  • Өглөө сэрээд нэг аяга бүлээн ус ууна. Дараа нь ногоон цай ууж болно.
  • Өглөөний цайндаа хоёр ширхэг чанасан өндөг болон хоёр ширхэг мандарин иднэ. Хүсвэл маш жижиг хэрчим бүхэл үрийн талх идэж болно.
  • Өдрийн хоолондоо жигнэсэн мах эсвэл чанасан цацагт хяруулын махыг хүссэн ногоотойгоо (амтат чинжүү, өргөст хэмх, улаан лооль, лууван) идээрэй.
  • Зууш: 2-3 мандарин
  • Оройн хоолонд салаатны навч эсвэл руккола, авокадо, өргөст хэмхтэй салаат. Хүсвэл жигнэсэн тахианы цээж мах нэмэх боломжтой.

Дэглэм барих явцдаа өөрийн биеийн байдал, мэдрэмжээ маш анхааралтай ажиглаж, бага зэрэг л тухгүй мэдрэмж төрвөл идэж буй хүнсний бүтээгдэхүүнээ төрөлжүүлж эсвэл хэвийн хооллолтод шилжих хэрэгтэй. Ерөнхийдөө гурван хоногийн турш детокс хийхэд л бие хөнгөрч, арьсны өнгө сайжирч, бие организм дахь илүүдэл шингэн гадагшилж мөн сэтгэл санааны байдлаа мэдэгдэхүйц өөрчлөх боломжтой юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх