Вирусийн эсрэг хөтөч: Корона төдийгүй бусад вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
COVID-19
Коронавирусын халдвар дотооддоо алдаж, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байгаа энэ үед бид өөрсдийгөө болон бусад хүмүүсийг халдвараас сэргийлэхийн тулд юу хийж чадах вэ?
Гараа зөв угаа
Гараа 30-аас дээш секунд эсвэл "Happy Birthday To You" дууны дахилтыг гурван удаа дуулсантай ижил хугацаанд савандаж угаах хэрэгтэй гэдэг үгсийг одоо бараг хүн бүр цээжилсэн гэдэгт итгэлтэй байна. Мөн хуруунуудынхаа болон хумсныхаа завсраар сайтар савандаж угаах хэрэгтэй. Болж өгвөл хумсаа бүр богиносгож авах нь зүгээр. Харин бактерийн эсрэг эсвэл энгийн савангийн алийг нь сонгох нь таны л сонголтын асуудал. Коронавирусын липидийн давхаргыг ямар ч шүлтлэг саван устгаж чадах учраас энэ хоёр саван нь хоорондоо бараг л ялгаагүй.
Гараа зөв угаасны дараа зөв хатааж сураарай. Гараа маш хурдан хугацаанд хатаахгүй бол бичил биетүүд чийгтэй арьсан дээр асар хурдан үрждэг. Гараа цэвэр алчуур, цаасан салфеткаар арчиж эсвэл халуунаар бус хүчтэй агаараар үлээдэг цахилгаан хатаагчаар хатаагаарай.
Гар ариутгагч бодис хэрэглэ
Ус болон савангаар гараа угаах боломжгүй байвал гель эсвэл спрэй бүтэцтэй гар ариутгагч бодис танд тусална. Биедээ байнга авч явж, дэлгүүр орсныхоо дараа, нийтийн тээврээс буугаад гэх мэт шаардлагатай үедээ заавал гар ариутгагч хэрэглээрэй. Гар ариутгагчийн гол найрлага нь ихэвчлэн спирт (60%-аас багагүй хувь) эсвэл хлоргексидин байдаг. Аль аль нь арьс хуурайшуулдаг учраас глицерин, зуун настын ханд, E аминдэм, пантенол зэрэг арьс зөөлрүүлдэг нэмэлт бодис агуулсан бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Харин нянгийн эсрэг үйлчилгээтэй цаасан алчуурт халдваргүйжүүлэх бодис маш бага агуулагддаг тул зүгээр л нойтон салфеткатай ижил гэсэн үг.
Амны хаалт зүү
Амны хаалт зүүснээр коронавирусээс хамгаалж чадах уу? Зөв хэрэглэсэн тохиолдолд чадна. Энэ талаар ДЭМБ, АНУ-ын Өвчлөл Хянах Төв (CDC) гээд эрүүл мэндийн байгууллагууд зөвлөсөн байдаг. Хэрвээ та дэлгүүр эсвэл лифт зэрэг олон хүн цугларсан газраар явах гэж байгаа бол заавал амны хаалт зүүх хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн таны дэргэд ханиалгаж эсвэл найтаасан тохиолдолд амны хаалт вирусийн халдвар авах магадлалыг багасгана. Мөн амны хаалт зүүснээр нүүрэндээ хүрэх нь багасдаг бөгөөд ингэснээр вирус амны хөндийн салст бүрхэвч, хамар, нүдээр дамжин халдварлахаас сэргийлнэ.
Туйлшрах хэрэггүй: Амны хаалтыг хэт удаан зүүж болохгүй. Учир нь хэт удаан амны хаалт зүүснээр маскне буюу батгашил, хүчил төрөгч дутагдсанаас болж үүссэн толгой өвдөлт, ядаргаа, сульдаа зэрэг зовиурууд бий болдог.
Хэрвээ та доорх зүйлсийг хийж байвал маск зүүх хэрэггүй
1
Гадаа олон хүнээс хол байж, цэвэр агаар амьсгалж байгаа тохиолдолд.
3
Түүнчлэн бяцхан хүүхдүүдэд амны хаалт зүүлгэхийг хүүхдийн эмч нар төдийлөн дэмждэггүй.
2
Гадаа гүйж, дасгал хийж байгаа тохиолдолд маск зүүх хэрэггүй. Харин цар тахлын үеэр спорт зааланд дасгал хийнэ гэдэг маск зүүсэн, зүүгээгүй сайхан санаа биш шүү.
Коронавирус агаар дуслын замаар буюу вирус тээгч ханиаж, найтаасан тохиолдолд халдварладаг тул гадаа халдвар авах магадлал арай бага. Мөн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүнээс коронавирусын халдвар авах тохиолдол ховор байдаг байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар ажил дээрээ байх шаардлагатай болсон бол айж сандралгүй зүгээр л тогтмол оффистоо цэвэр агаар сайн оруулаарай.
Үүнээс гадна ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан хүмүүс эфирийн тос болон бусад найрлагуудыг (цайны мод, эвкалипт болон цитрусын тос зэрэг) амны хаалтдаа шингээж зүүх моод дэлгэрээд байгаа. Тэгвэл харшил, бронхоспазм, багтраа үүсгэхийг хүсэхгүй байгаа л бол энэ нь дэмий санаа гэдгийг эмч нар зөвлөжээ.
Тэгвэл бээлий өмсөх хэрэгтэй юу?
ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон эмч нарын үзэж буйгаар эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдийг асарч байгаа хүмүүст л бээлий нэн шаардлагатай гэнэ. Тэдний хувьд бээлий нь өвчтөний биеэс ялгарах шингэн арьсанд нь хүрэхээс сэргийлэх юм. Харин бусад тохиолдолд тэр тусмаа өдөр бүр бээлий өмсөх нь харин ч хор хөнөөл учруулж мэдэх аж.
- Та бээлийтэйгээ нүүрэндээ хүрснээр олон янзын гадаргуугаас "цуглуулсан" бичил организмуудыг арьс руугаа зөөнө гэсэн үг.
- Ухаалаг утас, түрийвч, төлбөрийн карт, жолооны хүрд гээд бээлийтэй хүрсэн бүх зүйлд тань бичил организмууд наалдана.
- Мөнгө хэмнэх зорилгоор нэг удаагийн бээлийг олон дахин хэрэглэдэг хүмүүс ч бий. Мэдээж энэ нь хор уршигтай.
- Эцэст нь байнга бээлий өмсөх нь гарын тань арьсанд тухгүй мэдрэмж төрүүлж, дерматит үүсгэх магадлалтай.
Дархлаагаа дэмж
Энэ текстэд байгаа бүх арга хэмжээ коронавирусээс 100% хамгаалж чадахгүй бөгөөд зөвхөн халдвар авах магадлалыг л бууруулна. Дархлаа дэмжих зөвлөгөөнүүд ч мөн адил. Тэгвэл хэрхэн дархлаагаа дэмжих вэ?
• Боломжтой бол цэвэр агаарт алхаж, гэртээ дасгал хөдөлгөөн хий.
• Стресс нь бие организмын дархлааг сулруулдаг тул юуны түрүүнд үүнээс ангижрах хэрэгтэй. Жишээ нь бясалгаж, йогоор хичээллэж, амьсгалын дасгал хийж болно.
• C болон D аминдэм уух. Гэхдээ уух дозыг эмч шинжилгээ хийсний дараа тодорхойлж өгнө.
• Эхинацея, хүн орхоодой, чихэр өвс, цагаан гаа зэрэг ургамлын гаралтай иммуномодуляторууд дээр суурилсан цай, ханд болон бусад нэмэлт бүтээгдэхүүнүүдийг мэргэжилтэнтэй зөвлөлдсөний дараа тунгийн тохируулан хэрэглэх нь зүйтэй.
• Тэнцвэртэй хооллож, тэр тусмаа цэсэндээ тод өнгийн жимс, ногоонуудыг тогтмол идээрэй. Тод өнгө нь полифенол, ликопин, бета-каротин, лютеин зэрэг өвчний эсрэг тэмцэх чадвартай фитонутриент агуулагдаж байгааг илтгэнэ.
Зай барь
2020 оны хамгийн түгээмэл үгсийн тоонд тусгаарлалт заавал багтана. Хөл хорионы үеэр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд гэрээсээ гарахгүй байх нь зүйтэй. Мэдээж хэрэг та олон хүнтэй харьцахгүй байх тусам вирусийн халдвар авах магадлал багасна. Нөгөөтээгүүр өөрийгөө бусдаас тусгаарласнаар сэтгэлээр унах, түгших, сэтгэл гутралд орох гээд муу үр дагаврууд ч гарсаар байна. Тиймээс та хөл хорионы үеэр өөртөө тохирсон ухаалаг гаргалгаа олох нь чухал юм. Тухайлбал хүнсний дэлгүүр, эмнэлэг зэрэг газруудаар явах бол бусдаас 1,5 м зай барьж, гэртээ ганцаараа байгаа үедээ бие физиологи болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал тавиарай.