Амьдрал өөрчлөх 9 зуршлыг 66 хоногт бий болгоё
Судалгаагаар шинэ зуршлыг бий болгоход дунджаар 66 хоног шаардлагатай байдаг гэж тогтоосон байдаг. Хэдий тийм ч гэлээ шинэ зуршилтай болоход өдөр хоног бол тийм ч чухал хүчин зүйл биш юм. Та 66 хоног эсвэл бүр 6000 жилийн туршид ямар нэг зүйл хийхийг хичээж болох ч, хэрэв танд тэрхүү зүйлийг хийх дорвитой шалтгаан байхгүй бол та жинхэнэ өөрчлөлтийг хийж чадахгүй л болов уу. Тэгвэл өөрчлөлт хийх хүслийг юу бадраадаг вэ? Үүний хариулт бол шаналал. Та нэг л мөчид одоо байгаа нөхцөл байдал болон муу зуршлуудаасаа залхаж өөрчлөлт хийхийг хүснэ. Харин тэр үед ямар алхмуудыг хэрэгжүүлснээр амьдралдаа эерэг өөрчлөлт оруулж болохыг танилцуулж байна.
1. Өдөрт 3-4 чухал зорилго тавих
Богино болон урт хугацааны зорилгууддаа хүрэхийн тулд юуны өмнө үүнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Харин эргэн тойрон тань эцэс төгсгөлгүй анхаарал сарниулах зүйлсээр дүүрсэн өнөө үед хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх вэ гэвэл өдөрт хийх ажлуудаа хязгаарлаж, хийж гүйцэтгэх ёстой нэн чухал зүйлсээ дэс дарааллаар нь жагсаах шаардлагатай юм. Өглөө болгон гурваас дөрвөн жижиг атлаа зайлшгүй хийх шаардлагатай ажлуудаа өөртөө тодорхой болгон бичиж зорилгоо болгоорой. Уг дадалд суралцах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг хамгийн сайн стратегиудын нэг юм.
2. Өдөрт нэг цаг унших
Та унших хүсэлгүй, эсвэл дургүй ч байж болно. Гэсэн хэдий ч ном бол оюун санааны дасгалжуулагч ба унших нь тайвшруулахын хажуугаар бодол санаа цэгцлэхэд тусалж, хүнийг илүү сайн сэтгэгч болгодог юм. Та өдөр бүр ном уншиж зуршсанаар нэг л өдөр дуртай болох магадлалтай тул одооноос эхлээрэй.
3. Орой болгон 7-8 цаг унтах
Дутуу нойртой явах нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлдгийг бид бүгд сайн мэднэ. Иймээс маргаашийг үр бүтээлтэй өнгөрөөе гэвэл нойроо битгий золиослоорой.
4. Өдөрт 30 минут алхах
Өдөрт өөртөө цаг гарган гадаа алхах нь энгийн зүйл мэт санагдах ч сэтгэл зүй болоод бие организмын эрүүл мэндэд нэн тустай, өдөр тутмын нэгэн хэвийн байдлыг эвддэг маш зөв дадал юм. Гадаа алхах үед уушги тань цэвэр агаар мэдэрч, хөл тань газрын хөрсийг мэдэрч, та хүрээлэн буй орчинтойгоо уусан нэгдэнэ. Ингэснээр сэтгэл санаа тайвширч, бодол цэгцэрч, илүү өөдрөг болох тул өдөр бүр уг дадлыг хэрэгжүүлээрэй.
5. Бүтэн биеийг ачаалладаг дасгал хийх
Биеийн болон сэтгэл зүйн байдал эрүүл байснаар бүтээлч байдал дээшлэх учир та бүтэн биеийг ачаалах дасгал хийж, эсвэл спортоор хичээллэснээр өөртөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалтыг хийх юм.
6. Одоо цагтаа анхаарал хандуулах
Бид ихэвчлэн дараагийн ажлаа бодон санаа зовниж одоо цагтаа анхаарал хандуулахаа мартаж орхидог. Гэтэл яг одоогийн мөчийг бүрэн дүүрэн эдэлж, таашаал авах нь хүмүүс бидний суралцах шаардлагатай нэн чухал зуршил юм. Үүний тулд та өөрийгөө дараагийн ажилдаа туйлшран сэтгэл санаа тогтворгүй байхыг анзаарах бүртээ анхаарлаа одоогийн мөчид буцаан авчрах өдөөгчийг олох хэрэгтэй. Жишээ нь бугуйн цаг руугаа харах болгондоо анхаарлаа одоогийн байгаа байдал болон хүрээлэн буй орчиндоо хандуулан одоо цагийг мэдрэх боломжтой юм.
7. Хайр түгээх
Хүмүүс хайрыг шавхагдан дуусах боломжтой нөөц мэт хүлээж авдаг боловч үнэндээ хайрлах сэтгэл нь хэзээ ч ундарч дуусдаггүй. Тиймээс өдөр бүр аль болох их хайр түгээж үүнийхээ хариуд юу ч хүлээлгүй энэрэнгүй хандлагатай байж сураарай.
8. Өдөрт 30 минут бичиж суух
Өдөр бүр бодлоо цэгцтэй байлгах өөр нэгэн арга бол бичгээр өөрийгөө илэрхийлэх юм. Бичих нь хүний амьдралд тохиолддог чухал зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Тухайн өдөр онц үйл явдал тохиогоогүй ч тэр өдрөө мэдэрсэн сэтгэгдэл, анзаарсан жижиг зүйлүүдээ тэмдэглэж, аль эсвэл талархлын дэвтэр ч хөтөлж болох юм. Хүн өөрийн дотоод сэтгэлийг сонсож дэвтэр дээр ч болтугай илэрхийлэх нь сэтгэл зүйд тустайгаас гадна илүү сайн сэтгэгч, сайн хүн болоход тусална.
9. Орлогынхоо 30%-ийг хадгалаарай
Хэрвээ 30%-ийг хадгалах боломжгүй бол 10%-ийг ч болтугай хадгалж заншаарай. Та өдөр тутамдаа хийдэг худалдан авалтуудаасаа жижиг зүйлүүд дээр хэмнэлт хийснээр хуримтлал үүсгэж, чухал үед хэрэгтэй мөнгөө аажмаар цуглуулж чадна.
Эдгээр шинэ дадлууд амьдралыг тань хэрхэн өөрчилж байгааг харснаар та үргэлжлүүлэн хийх урам зориг авч, улмаар зуршлаа "зуршил" гэж харахаа болин, өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгоно гэдэгт итгэлтэй байна.