Хайх

Батлагдсан: Хэрэв та “Харри Поттер”-ын ном уншдаг бол сайн хүн байх магадлалтай

Батлагдсан: Хэрэв та “Харри Поттер”-ын ном уншдаг бол сайн хүн байх магадлалтай

Эцэг эхчүүд анхаарлаа хандуулаарай!

Text: Buro.Mongolia


Зураг:

Жоан Роулингийн алдарт "Харри Поттер" цуврал ном олон сая хүмүүсийн хувьд маш онцгой байр суурийг эзэлдэг гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл хэрэв та хүүхэд насандаа энэхүү зохиолыг уншиж өссөн бол ерөнхийдөө илүү сайн хүн байх магадлалтай гэдгийг нэгэн судалгаа баталлаа. Тодруулбал Journal of Applied Social Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харахад "Харри Поттер"-ын ном уншдаг хүмүүс бусадтай харьцуулахад нийгмийн цөөнх бүлгийг ялгаварлан гадуурхах магадлал бага байдаг аж.

Applied Social Psychology сэтгүүлийн сэтгэл судлаачид дунд сургууль, ахлах сургуулийн сурагчид ба их сургуулийн оюутнууд гэсэн гурван бүлгийн дунд судалгаа явуулжээ. Судалгааны хүрээнд судлаачид тавдугаар ангийн 34 хүүхдэд нийт зургаан долоо хоногийн турш "Харри Поттер"-ын цуврал номуудыг уншихыг санал болгож, харин дараа нь тэднээс цагаачлалын талаар санал асуулгын хуудас бөглөхийг хүсчээ. Судалгааны үр дүнд "Харри Поттер"-ын тухай ном уншсан хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харьцуулахад энэхүү нийгмийн бүлгийг ялгаварлан гадуурхалгүй, илүү хүлцэнгүй хандаж байсан нь тогтоогдсон байна.

Үүний дараа судлаачид 117 ахлах сургуулийн сурагчдыг туршилтанд хамруулжээ. Тэдний судалгааны үр дүнд "Харри Поттер"-ыг уншдаг хүүхдүүд ЛГБТ нийгэмлэгийн талаар илүү эерэг хандлага үзүүлж байсан гэнэ.

Эцэст нь коллежийн оюутнууд дунд хийсэн судалгаанаас харахад, тэд дүрвэгсдийн асуудал дээр илүү энэрэнгүй хандаж байсан нь батлагдсан байна.

Жоан Роулингийн уг номонд гол хорон санаатан Волдеморт зөвхөн цэвэр цусны шидтэнүүдийг илүүд үзэж, ид шидгүй, энгийн хүмүүсийг дорд үзэн, тэдний эсрэг аймшигтай зүйлс үйлдэж байгаа нь уншигчдад ялгаварлан гадуурхах нь байж боломгүй зүйл гэдгийг ойлгуулж чаддаг байна. Судлаачид үүн дээр тулгуурлан "Харри Поттер"-ын ном нь нөхөрлөл, сайхан сэтгэлийг түгээж, нийгмийн цөөнх буюу бусдаас өөр хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх үзлийг уншигчдад сурталчилдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх