Батлагдсан: Өндөр хөгжилтэй орны иргэд илүү их унтаж амардаг
Sleep Cycle аппын хэрэглэгчдийн мэдээлэл дээр тулгуурласан судалгаа
The Economist хэвлэл мэдээллийн группэд харьяалагддаг 1843 нэртэй сэтгүүлд дэлхийн олон орны иргэдийн нойрыг судалсан нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Судлаачид хүний нойрсох дундаж хугацааг тухайн хүний оршин суудаг улс орны амьдралын түвшинтэй харьцуулж дүн шинжилгээ хийсэн байна. Хамгийн сонирхолтой нь өндөр хөгжилтэй, чинээлэг орны иргэд илүү их унтдаг болох нь судалгааны үр дүнд батлагджээ.
Эрдэмтэд энэхүү судалгааг хийхийн тулд хүний нойрны үйл явцыг хянадаг Sleep Cycle аппын нэг сая хэрэглэгчдийн мэдээллийг ашигласан байна. Судалгааны үр дүнд дэлхийн иргэд шөнө дунджаар долоон цаг 12 минут нойрсдог болох нь батлагдсан юм. Тэгвэл Шинэ Зеланд улсын иргэд хамгийн их унтдаг болох нь тогтоогджээ. Тодруулбал тэд өдөр бүр нийт долоон цаг 40 минутыг нойронд зарцуулдаг байна. Мөн хамгийн их унтдаг улс орнуудын жагсаалтын эхний таван байранд Голланд, Финлянд, Австрали ба Их Британи улсууд бичигджээ. Тэд Шинэ Зеландчуудаас ердөө л 10 минутаар дутуу нойрсдог аж.
Болгар, Итали, Испани, Румын, Орос, Хятад, Польш, Словак улсын иргэд дунджаар долоон цаг 13 минутыг нойронд зарцуулдаг байна.
Харин Саудын Араб, Өмнөд Солонгос, Япон улсын иргэд маш богино хугацааг буюу ердөө л зургаан цаг 30 минутыг унтаж амрахад зориулдаг болох нь илэрчээ. Судлаачид уг үзүүлэлтийг Азийн орнуудын эдийн засгийн хурдацтай хөгжил болон лалын шашинтнуудын өглөө эртлэн босч мөргөл үйлддэгтэй холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн судлаачид Sleep Cycle аппын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 20 минут илүү нойрсдог болохыг баталжээ. Харин эрчүүд шөнө нойрондоо илүү их хөрвөөдөг гэнэ.
Судалгааны үр дүнд социологичид тухайн улсын хангалуун байдал иргэдийнх нь нойронд нөлөөлдөг болохыг онцолсон юм. Мөн иргэдийн ядаргаа нь улсын эдийн засагт муу нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон байна. Жишээ нь Япон улсын иргэд хэт их ажиллаж маш их тамирддаг бөгөөд энэ нь тус улсын нэг жилийн ДНБ-г бараг 3%-иар бууруулдаг (үйлдвэрлэлтийн түвшин буурснаар) гэдгийг эх сурвалж мэдэгджээ.
Харамсалтай нь манай улсын иргэдийн нойрны мэдээлэл Sleep Cycle аппад байхгүй байгаа юм. Харин та шөнө хэдэн цаг унтаж амардаг вэ?