Шинэ оноо хэрхэн төлөвлөх вэ?
Шинэ жил, шинэ зорилт, шинэ амжилт
Би өнөөдрийн ажил, маргаашийн амралт, энэ жил унших номын жагсаалт, таван жилийн дараах амьдралын төлөвлөгөө гаргахдаа ухаалаг төхөөрөмж ашиглахаас илүүтэй үзэг дэвтэр бариад бүдэг гэрэлтэй, нам гүм өрөөнд ганцаараа суухыг чухалчилдаг. Магад харьцангуй хуучирсан арга байж болох ч өөртөө дүгнэлт хийж, ирээдүйгээ төлөвлөхөд үүнээс илүү дээр сонголт байхгүй мэт санагдахыг яана гээч. Тэр дундаа шинэ оны босгон дээр яг л ахин цоо шинээр амьдрах гэж буй мэт л бичиж, төлөвлөж, тэмдэглэх зүйлс маш ихээр урган гарч ирдэг. Яг энэ л үед алдаа гаргалгүйгээр хэрхэн “ЗӨВ” төлөвлөгөө гаргах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
1. Бодит байх
Хамгийн түрүүнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн бүтээсэн, алдсан, оносон бүх зүйлсээ эргэн нэг бодоод, өөртөө дүгнэлт хийхийг зөвлөж байна. Ингэснээр сэтгэл хөдлөлөөр бус өөрт байгаа боломжийг бодитоор харж, хүрч болохуйц шинэ зорилго тавихад туслах болно.
2. Уян хатан байх
Бүх зүйлсийг маш нарийн төлөвлөж хийдэг хүмүүсийн хувьд төлөвлөгөөгөө биелүүлэхгүй байх нь сэтгэлзүйн хувьд маш их дарамт болдог. Гэвч амьдралд төлөвлөж үл болохуйц олон зүйлс тохиодгийн зэрэгцээ заримдаа зүгээр л бүх юмыг хойш тавиад өдөржин орондоо хэвтмээр санагдах үе ч олон гардаг. Ийм үед төлөвлөгөөг бус мэдрэмжээ дагах нь зөв сонголт болж чадна.
3. Хэт их зүйл төлөвлөхгүй байх
Шинэ он эхэлмэгц бид нэг л өдрийн дотор өөртөө хэтийдсэн их төлөвлөгөө гаргаж орхидог нь эцсийн дүндээ юуг ч амжуулж чадахгүй байх хамгийн том шалтгаануудын нэг болон хувирдаг. Тийм учраас хэт олон хэцүү зорилт өөртөө бий болгохын оронд цөөн бөгөөд чанартай төлөвлөгөө гаргахыг зөвлөж байна.
4. Жижиг зүйлс том өөрчлөлт авчирдаг
Өглөөний цай ууж хэвших, тогтмол цагт унтаж амрах, хангалттай ус уух, өдөр бүр 10 минут дасгал хөдөлгөөн хийх гэх мэт өдөр тутмын жижиг дадал зуршлууд таны том зорилтыг бүтээхэд тун чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь ямар ч үед хүнд сэтгэлийн тэнхээ, тууштай байдал, тогтвортой сэтгэлзүй, эрүүл мэнд нэн чухал байдаг ба энэ бүгд таны дадал зуршил, амьдралын хэв маягаас шууд хамааралтай.
5. Өөртөө хяналт тавих
Оны эхэнд өчнөөн бодож, төлөвлөсөн зүйлээ тухайн оны сүүлийн өдөр гэнэт санан эргэн хардаг тохиолдол цөөнгүй. Харин та ийм алдаа гаргахгүйн тулд сар бүрийн эхэнд тавьсан зорилтоо өөртөө эргэн сануулж, улирал тутамд биелэлтийн явц, үр дүнд хяналт тавьж яваарай.
6. Хэт ерөнхий төлөвлөгөө гаргахгүй байх
“Гадаад хэл сурах” гээд л биччих юм бол та энэ зорилгоо биелүүлж чадахгүй хэдэн ч жил явах боломжтой. Харин ийм хэт ерөнхий зүйл бичээд орхихын оронд ямар хэлийг, ямар зорилгоор, ямар хугацаанд, ямар түвшинд очтолоо сурах гэхчлэн өөртөө илүү амар, ойлгомжтой, байдлаар төлөвлөх нь үр дүн өндөртэй байдаг.
7. Санхүүгээ хянах
Санхүүгийн сахилга бат гэдэг хүн бүрийн эзэмших ёстой чухал чадваруудын нэг. Ямар ч төлөвлөгөөг биелүүлэхэд санхүүгийн чадавх хамгийн чухал хөшүүрэг болдог гэдгийг та надаар хэлүүлэлгүй сайн мэдэх биз ээ. Сар бүр өөрийн орлого зарлагаа бүртгэж, хэрэггүй зардлуудаа танаж, хадгаламжаа тогтмол нэмж дадахыг энэ жилийн чухал зорилтуудын нэг болгоорой.
8. Бусадтай хуваалц
Хэрвээ ганцаараа бодоод, зориод явахад ажил нэг л урагшгүй санагдаж байвал үүнийгээ бусадтай хуваалцаад үзээрэй. Хүн өөртөө өгсөн амлалтаас илүү бусдад өгсөн амлалтдаа хүрэхийн тулд хүчин чармайлт гаргах тохиолдол түгээмэл байдаг шүү дээ.