Хайх

Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна

Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна

Text: Э.Цовоо


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2024 оны аравдугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 1)

Хонь

Аравдугаар сарын эхээр Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр ямар нэгэн аялалд явах бол маш анхааралтай хандахын зэрэгцээ элдэв осол бэртлээс болгоомжлоорой. Мөн аливаа хов живээс холуур байхыг хичээж, үг яриагаа цэгнэ. Цаашлаад аравдугаар сарын 11-нд Дэлхийн ван гараг урагшлах хөдөлгөөн хийх үеэр ажил, карьер дээр тань яг ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ гэдгийг ойлгох үе тохионо. Харин бүтэн сар хонины ордод буюу таны ордод гарах үеэр сэтгэл санаа тавгүйтэх, амархан гомдох, стресс мэдрэх хандлагатай тул дотоод хүнтэйгээ сайтар ярилцаж, өөрийгөө сонсоорой.

Сарын дунд үеэс холын аялалд гарах, сургалтад хамрагдах, шинэ бизнес эхлүүлэх зэрэг үйл хэрэгт мөнгө зарлагдах боломж өндөр байна. Аравдугаар сарын 22-нд нар хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр сэтгэл санааны хувьд эерэг болон сөрөг өөрчлөлтийг мэдэрч, айдсаа даван туулах шаардлагатай нүүр тулна.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 2)

Үхэр

Аравдугаар сарын 2-нд шинэ сар гарах үеэр шинэ ажилд орохоор төлөвлөж байсан үхрийн ордныхонд таатай боломжууд олдоно. Мөн эрүүл мэнддээ анхаарах үе ирж байгаа тул энэ сард нойргүйдэх, хэрэггүй бодлуудаас болж стресс мэдрэх, дархлаа сулрах боломжтой. Иймд сэтгэл санаагаа тайван байлгаж, аливаа асуудалд эергээр хандаж, өөрийн бодлоо удирдахыг хичээгээрэй. Харин Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийснээр таны ордод маш олон эерэг өөрчлөлтүүд, гайхалтай боломжуудыг татаж өгөх болно.

Сарын дунд үеэс Буд гараг хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр томоохон ажлын санал хүлээж авах, гэрээ хэлэлцээр хийх, уулзалт зохион байгуулах зэрэг үйл явдлууд тохиолдох боловч арваннэгдүгээр сар хүртэл чухал шийдвэр гаргалгүйгээр азнахыг зөвлөж байна. Мөн энэ үеэр бусдад амлалт өгөхөөс зайлсхий. Сарын сүүл үеэр хөрөнгө оруулалт хийх, зээл хөөцөлдөх, үрлэг зарлагаа хянах, бусдад өрөө өгөх гэхчлэн санхүүтэй холбоотой үйл хэргүүд идэвхтэй болж эхэлнэ.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 3)

Ихэр

Аравдугаар сарын 2-нд шинэ сар гарахын зэрэгцээ нар хагас хувийн налуутай хиртэнэ. Энэ үйл явдал ажлын байр өөрчлөгдөх, тушаал дэвших, хамт олонтойгоо илүү дотносох, бичиг цаасны ажлууд цэгцрэх гэхчлэн ажил төрөл, карьер дээр тань эерэг өөрчлөлтүүдийг татаж өгөх болно. Аравдугаар сарын 9-нд Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийж эхлэх үеэр өөрт байгаа боломжуудыг зөв ашиглаж чадвал төлөвлөсөн ажил бүхэн тань саадгүй бүтнэ.

Сарын дундад Буд гараг хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр ажил, карьер дээр дахин өөрчлөлтүүд үүсэх магадлалтай. Тухайлбал өөрөөсөө залуу, шинэлэг хүмүүстэй ажиллах нөхцөл бүрдэж, давхар найз нөхдийн хүрээлэл шинэчлэгдэж, хэн танд чин сэтгэлээсээ хандаж байгаа вэ гэдгийг олж харсан чухал үе байх болно. Нөгөөтээгүүр ажиллаж байсан төсөл, бүтээлийнхээ үр шимийг хүртэж, санхүүгийн шинэ боломжууд олж харахын зэрэгцээ ажилдаа илүү хянамгай болж, нухацтай шийдвэрүүд гаргаж эхэлнэ. Сарын сүүлээр үр хүүхэдтэй ихрийн ордныхон хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарал хандуулах шаардлагатай болно. Иймд хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, дотоод сэтгэлийг нь сонсож өгөөрэй. 


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 4)

Мэлхий

Аравдугаар сард орон байраа солих, гадаад оронд очиж амьдрах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг үйл хэрэг идэвхэжнэ. Харин аравдугаар сарын 9-ний өдөр Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийж эхлэх үеэр өдөр тутмын амьдралын хэвшлээ өөрчилж, муу зуршлуудаасаа салахад нэн тохиромжтой үе тохионо. Мөн энэ үеэр бусад хүмүүсийн талаарх сөрөг бодол тань өөрчлөгдөж, амьдралыг арай өөр өнцгөөс харж эхлэх болно.

Сарын дунд үеэс зөн совин тань идэвхжиж, зүүд нойроороо дамжуулан олон хэрэгтэй мэдээллийг олж авна. Үүний зэрэгцээ идэж, ууж буй зүйлс, амьдралын хэв маягтаа анхаарал хандуулахгүй бол өвдөх, сульдах хандлагатай байна. Нөгөөтээгүүр бусдыг манлайлах, ахлах ажлуудыг хүлээж авах, тушаал дэвших өндөр боломжтой. Аравдугаар сарын 22-нд нар хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр таны амьдралд тулгараад байсан асуудлуудын гарц гаргалаа олдоно. Иймд аливаа асуудалд эергээр хандаж, бусадтай үл ойлголцохоос зайлсхийгээрэй. 


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 5)

Арслан

Аравдугаар сарын 9-нд Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр хуучны танил, найз нөхөд тань эргэн амьдралд тань гарч ирэх магадлалтай. Мөн шинэ зүйл сурах, шинээр эд зүйлс худалдан авах, боловсролдоо хөрөнгө оруулахад таатай үе тохино. Цаашлаад гэр бүл, орон байртай холбоотой зүйлс анхаарлын төвд орж эхлэх ба гэр бүлээрээ ойрын аялалд гарах, амьдарч буй орон байраа солих, унаа тэргээ зарж, борлуулах зэрэг үйл хэргүүд идэвхтэй болно.

Аравдугаар сарын 17-нд бүтэн сар хонины ордод гарна. Энэ үеэр улс, хуулийн байгууллагатай холбоотой бичиг цаасны ажил амжуулах, гэрээ хэлэлцээр хийх, виз хөөцөлдөх, сургуульд бүртгүүлэх зэрэг чухал ажлуудыг бүтээж чадвал эргээд маш амжилттай үр дүнг дагуулах болно. Харин ганц бие арслангийн ордныхон шинэ хүнтэй танилцаж, болзох магадлал өндөр байна. Сарын сүүлээр шинээр төрсөн санаа, төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлж чадвал карьерт тань маш эергээр нөлөөлөх болно.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 6)

Охин

Аравдугаар сарын 2-нд шинэ сар гарах ба энэ үеэр шинэ ажилд орох, өөр санхүүгийн эх үүсвэртэй болох, ажлын орчин тойрон солигдох, тушаал дэвших зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Нөгөөтээгүүр гоо сайхан, гадаад төрх, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай учир өөртөө цаг гаргахыг хичээгээрэй. Аравдугаар сарын 10-наас эхлээд өөрийгөө илэрхийлэх чадамж тань нэмэгдэж, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ илүү сайн ойлголцож чадна. Мөн удаан хугацааны турш саад болж байсан асуудлууд, сэтгэл санааны тавгүй байдал энэ үеэр арилж, таныг түгшээж байсан айдсуудаа саадгүй даван туулах болно. Харин үр хүүхэдтэй охины ордныхон хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, зөв үлгэр дуурайлал үзүүлэх шаардлагатай.

Буд гараг хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр шинэ зүйл сурах, шинэ ажил эхлүүлэх зэргээр шинэ бүхний эхлэлийг тавьж өгвөл таатай үр дүн дагуулна. Аравдугаар сарын 22-нд нар байршлаа сольж хилэнцийн ордод ирснээр унаа тэрэг, гар утас зэрэг цахилгаан хэрэгслүүдээ шинэчилж, сайжруулах шаардлагатай болно. Сарын сүүлээр зүүд нойр, зөн совингоороо олон мэдээллүүдийг олж авах боломжтой боловч эргээд нойргүйдэлд автах, хэт их стресс мэдрэхээс болгоомжлоорой.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 7)

Жинлүүр

Аравдугаар сарын 2-нд нар хиртэлт жинлүүрийн ордод буюу таны ордод тохионо. Энэхүү нар хиртэлтийн үеэр тушаал дэвших, ажлаасаа гарч хувийн карьераа эхлүүлэх, ажлын орчин солигдох зэрэг үйл хэрэг идэвхтэй байна. Аравдугаар сарын 9-нд Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийж эхэлснээр хуучин төлөвлөж байсан ч бүтээгүй ажлууд эргэн сөхөгдөж, нааштайгаар шийдэгдэх бүрэн боломжтой. Мөн сургууль соёлд орох, өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурахад нэн таатай үе.

Сарын дунд үеэс гэр бүлийн дотоод уур амьсгал, орон байртай холбоотой асуудлууд эергээр шийдэгдэж, ажил үйлс тань бүтэмжтэй болж ирнэ. Аравдугаар сарын 13-ны өдөр Буд гараг хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр орлого ашгийн үүд хаалга тань нээгдэж, санхүүгээ илүү ухаалгаар удирдах боломж үүснэ. Аравдугаар сарын 22-нд нар хилэнцийн ордод ирснээр хуурамч дүр эсгэж байсан хүмүүсийг таньж мэдэж, тэднийг амьдралаасаа явуулах шаардлагатай нүүр тулна. Нөгөөтээгүүр харилцаа холбоо, санхүү, хайр дурлал, карьер гэхчлэн таны амьдралтай холбоотой бүхий л зүйлс дээр эерэг өөрчлөлт гарах болно.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 8)

Хилэнц

Аравдугаар сарын 2-нд шинэ сар гарах үеэр зөн совин, зүүд нойр тань идэвхжиж эхэлнэ. Энэ үеэр өнгөрсөнд болж байсан үйл явдалтай холбоотой олон янзын хачирхалтай, содон зүүднүүдийг зүүдлэх магадлалтай. Нөгөөтээгүүр зөв совин тань идэвхтэй байгаа энэ үед хэн нь таны жинхэнэ найз, хэн нь дайсан бэ гэдгийг олж харсан үе тохионо. Аравдугаар сарын 11-нд Дэлхийн ван гараг урагшлах хөдөлгөөн хийж эхэлснээр сэтгэлд тань тээг болж байсан стресс, айдсуудаа хялбархан даван туулж чадна. Иймд салхинд гарах, сувилалд хэвтэх, иог бясалгалаар хичээллэх зэргээр өөртөө анхаарал тавиарай.

Аравдугаар сарын 17-нд Сугар гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр орлого ашгийн үүд хаалга тань нээгдэж эхлэх боловч санхүүгээ тогтмол хянаж, нарийн тооцоолох шаардлагатай. Сарын сүүлээр эрч хүч тань ундарч маш их энергийг мэдрэх учир энэ үеэр хийхээр төлөвлөж байсан ажлуудынхаа эхлэлийг тавивал үр дүнгээ үзүүлэх болно. 


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 9)

Нум

Аравдугаар сарын 9-нд таныг эрхшээдэг Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийснээр ажил төрөл хойшлогдох, гэрээ хэлэлцээр бүтэхгүй байх, төлөвлөгөөнд өөрчлөлт орох зэрэг үйл явдлууд тохиох магадлалтай. Иймд энэ үеэр чухал шийдвэр гаргахын оронд дотоод хүнээ сайтар сонсож, өөртэйгөө тулж ажиллавал тохиромжтой. Харин 11-ний өдөр Дэлхийн ван гараг урагшлах хөдөлгөөн хийснээр өр зээлтэй холбоотой асуудлууд эергээр шийдэгдэж, санхүүгийн байдал тань илүү тогтвортой болно.

Цаашлаад сарын дунд үеэс бүх зүйлд хариуцлагатай хандаж, хийж буй ажлаа олон дахин нягтлахгүй бол саад тотгор үүсэх, эд юмсаа хаяж гээх, бусадтай үл ойлголцох боломжтой. Энэ энерги нь арваннэгдүгээр сарын эхэн үе хүртэл үргэлжлэх учир анхаарал, болгоомжтой байхыг гараг эрхэс танд сануулж байна. Аравдугаар сарын 17-нд үр хүүхэдтэй болохоор төлөвлөж буй нумын ордныхонд таатай үе тохионо. Харин гэр бүлтэй хүмүүс хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаарал хандуулаарай. Сарын сүүлээр өмнө нь хийж бүтээсэн ажлуудаа эргэн нэг харж, өөртөө дүгнэлт хийж чадвал ирээдүйн төлөвлөгөөнүүд тань саадгүй бүтэх болно.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 10)

Матар

Аравдугаар сарын 2-ны өдөр матрын ордныхны хувьд маш чухал өдөр байх болно. Энэ үеэр таныг удирдаж ажилдаг албан тушаалтан өөрчлөгдөх, эсвэл ажлын байр солигдох, тушаал дэвших зэрэг үйл явдлууд тохиолдох магадлалтай. Харин ажилгүй байгаа, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд шинэ ажилд орох, өөр орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Цаашлаад 9-ний өдөр Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийснээр овоорсон их ажлууд тань бага ч болтугай цэгцэрч эхлэх учир өөрийнхөө дуртай зүйлийг хийж, өөрийгөө баярлуулаарай.

Сарын дунд үеэс ирээдүйн зорилго, тэмүүллээ тодорхойлж чадвал ажил төрөл, карьер дээр тань гайхалтай, ид шидийн гэмээр боломжууд гарч ирэх болно. Иймд өмнө нь хийсэн ажлуудаа эргэн харж, ирээдүйн төлөвлөгөөгөө нягт, нямбай боловсруулаарай. Аравдугаар сарын 24-ний өдрөөс сэтгэл санаа тань харьцангуй тайван, тогтуун болж эхлэх бөгөөд айдас, стрессээ даван туулж, сэтгэл санааны асуудлуудаа шийдэж чадна. Нөгөөтээгүүр энэ үеэр бусадтай харилцахдаа тун болгоомжтой байж, хэлж байгаа үг, хийж буй үйлдлээ цэгнээрэй.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 11)

Хумх

Аравдугаар сарын 9 хумхуудын хувьд маш чухал өдрүүдийн нэг байх болно. Энэ үеэр хайр сэтгэл, харилцаа холбоо тань идэвхжиж, гэр бүлийн дотоод уур амьсгал сайжирна. Ганц бие хүмүүсийн хувьд хуучин үерхэж байсан хэн нэгэн эргэн амьдралд тань гарч ирэх, эсвэл шинэ хүнтэй танилцах, болзох боломж өндөр байна. Нөгөөтээгүүр өдөр тутмын амьдралын хэв маягт тань өөрчлөлтүүд гарч эхлэх учир хорт дадал, зуршлуудаасаа салж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг хичээгээрэй.

Аравдугаар сарын 12-нд Бархасбадь гараг хумхын ордод буюу таны ордод эерэг холбооснуудыг үүсгэж өгнө. Энэ үеэр хөрөнгө оруулалт хийх, хадгаламж нээх, удаан хугацаанд авахыг хүсэж байсан зүйлээ худалдаж авах зэрэг үйл хэрэгт нэн таатай. Харин Буд гараг шилжих хөдөлгөөн хийснээр маш завгүй амьдралын хэмнэлд орох хандлагатай байна. Тухайлбал улс, хуулийн байгууллагатай холбоотой бичиг цаасны ажил зохицуулах, өв хөрөнгө өвлөж авах, сургууль соёлд бүртгүүлэх зэрэг чухал ажлууд нэг дор үүсэж болзошгүй. Гэвч зоригтой шийдвэр гаргаж, өөрөө өөрийнхөө бодолд үнэнч байж чадвал бодсон, санасан зүйл тань саадгүй бүтнэ. Сарын сүүлээр сар битүүрэл хонины ордод болох үеэр хийж байгаа ажлынхаа үр өгөөжийг хүртэх, зөв хүнтэйгээ учрах, орлогын шинэ эх үүсвэртэй болох зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ.


Аравдугаар сарын зурхай: Боловсрол, карьер, санхүү дээрээ анхаарах үе ирж байна (фото 12)

Загас

Аравдугаар сарын эхээр бусдад нууцаа дэлгэх, хэн нэгний ардуур муу ярих, үл ойлголцол төрүүлэхүйц үйл хөдөлгөөн хийхээс зайлсхийгээрэй. Түүнчлэн гэр бүл, өв хөрөнгө, ажил төрөлтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд ирнэ. Аравдугаар сарын 9-нд Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийснээр найз нөхдийн хүрээлэл, нийгмийн байр суурь, ажил төрөл дээр тань эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Мөн энэ үеэр үл хөдлөх хөрөнгө, газар, унаа тэрэг худалдаж авахад нэн таатай үе тохиох болно.

Сарын дунд үеэс Буд гараг хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр ойрын аялалд гарах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, амьдарч буй орчноо солих, гадаад оронд очиж суурьших гэх мэт үйл явдлууд тохиож магадгүй. Цаашлаад Сугар гараг нумын ордод ирснээр таныг буруугаар ойлгож байсан хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, карьерт тань өсөлт, дэвшил ирэх болно. Ингэснээр өөрөө өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл санаа тань урам зоригоор дүүрч, шинэ санаа, эерэг энергиэр цэнэглэгдэнэ. Сарын сүүлээр хийж буй ажлынхаа эцсийг үзэж чадвал үр дүн нь эргээд танд аз завшаан, гайхалтай боломжуудыг бэлэглэх болно.


Энэ сарын онцлох өдрүүд:

Аравдугаар сарын 2 - Шинэ сар гарна.

Нар хагас хувийн налуутай хиртэнэ.

Аравдугаар сарын 9 - Бархасбадь гараг ухрах хөдөлгөөн хийнэ.

Аравдугаар сарын 11 - Дэлхийн ван гараг урагшлах хөдөлгөөн хийнэ.

Аравдугаар сарын 13 - Буд гараг хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Аравдугаар сарын 17 - Сугар гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Аравдугаар сарын 22 - Нар хилэнцийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх