Арваннэгдүгээр сарын зурхай: Хүсэл, зорилгоо тодорхойлж, шинэчлэлт хийх шаардлагатай үе ирж байна
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2024 оны арваннэгдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.
Хонь
Шинэ сар хилэнцийн ордод гарснаар ажил, амьдралдаа анхаарал хандуулах шаардлагатай болно. Нөгөөтээгүүр ямар нэгэн санхүүгийн асуудал байгаа бол үүнийгээ шийдэх боломж тохионо. Мөн хийх гэж байгаа зүйлсээ төлөвлөх, мэдээлэл солилцох, дотоод сэтгэлзүйн хүчээ ойлгож харах, өөрөө өөртэйгөө ажиллахад таатай, гайхалтай өдрүүдийг арваннэгдүгээр сар танд олгож байна. Энэ сарын 2-ны өдөр Буд гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр та итгэж, зорьж байгаа зүйлийнхээ араас тууштай явах болно. Сарын дунд үед Санчир гараг урагшлах хөдөлгөөн хийж эхэлснээр удаан хугацаанд хийсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Түүнчлэн өмнө нь хэн нэгэнд хариу нэхэлгүй тус хүргэж байсан бол танд ямар нэгэн сайхан зүйлс тохиолдож болзошгүй.
Харин 19-ний өдөр Дэлхийн ван гараг матрын ордноос урагшлан хумхын ордод ирнэ. Энэ нь зорилго тэмүүлэл, найз нөхөд, харилцаа холбоонд тань том эргэлтийг татах бөгөөд та маш хүчтэй энергитэй, эрх мэдэлтэй хүмүүсийн дунд орох боломжтой. Мөн 21-ний өдөр нар нумын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил үйлсдээ идэвхтэй хандах, зорилго тэмүүллийнхээ араас явах зэргээр амьдралыг эргээд олон талаас нь харж эхэлнэ. Харин сарын сүүлийн өдрүүдэд ажил төрөл, санхүүгийн байдал дээрээ хянамгай хандах хэрэгтэй.
Үхэр
Шинэ сар танд ажил, бизнесээ өргөжүүлэх бүхий л боломжийг өгнө. Энэ сарын 3-ны өдөр Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр үл хөдлөх хөрөнгө болон орон байраа солих, худалдан авах, амьдарч буй газрынхаа дотоод заслыг шинэчлэхэд тань идэвхтэй нөлөө үзүүлнэ. Үүнээс шалтгаалан гэр бүлийн зөрчил, хэрүүл тэмцэл үүсэх магадлалтай тул болгоомжлоорой.
Цаашлаад энэ сарын 15-ны өдрөөс эхлэн урт хугацааны зорилго тань зөв зам руу орж байна гэдгийг мэдэрнэ. Мөн энэ өдөр сар үхрийн ордод битүүрэх ба таны өмнө эхлүүлсэн ажлууд үр өгөөжөө өгч эхэлнэ. Харин 21-ний өдөр нар нумын орд руу шилжих хөдөлгөөнийг хийснээр таныг сэтгэлзүйн хувьд бусдыг манлайлах бүрэн чадамжтай болсон гэдгийг нотлон харуулах болно. Түүнчлэн та ажил, амьдрал дээр айдсаа даван туулсан томоохон сорилтыг давах шаардлагатай нүүр тулна. Сарын сүүлээр Буд гараг шилжих хөдөлгөөн хийж эхэлнэ. Энэ үеэр ганц бие хүмүүс хуучны дотно харилцаагаа сэргээх боломжтой бол гэр бүлтэй хүмүүс орлого зарлага, санхүү эд хөрөнгөө эргэн харах, нягтлах шаардлагатай. Харин 27-ны өдөр урт хугацааны зорилтууд тань танаас ямар нэгэн зүйлийг хийж, урагшлахыг шаардах магадлалтай байна.
Ихэр
Арваннэгдүгээр сард санхүүгийн асуудал дээр тань тулгараад байсан саад бэрхшээлүүдийг олж харна. Буд гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх магадлалтай. Харин арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үед санхүүгийн байдал тань тогтворжино. Цаашлаад Сугар гараг 11-ний өдөр матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх бөгөөд энэ үеэр гал халуун, дотно харилцаа тань сэргэх боломжтой. Нөгөө талаас хамтрагчаа хардах, үл ойлголцол үүсгэхээс зайлсхийгээрэй.
Сарын дунд үеэр бүтэн сар үхрийн ордод гарна. Энэхүү бүтэн сар нь таны эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг гэрэлтүүлэн харуулах болно. 19-ний өдөр Дэлхийн ван гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийх бол үргэлжлүүлэн 21-ний өдөр нар байршлаа солин нумын орд руу ирнэ. Ингэснээр харилцаа холбоо идэвхтэй болж, та өөрийнхөө амьдралд олон тооны хүмүүсийг татах болно. Цаашлаад Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр ганц бие ихрийн ордныхон экстэйгээ эргэн уулзах, улмаар хоорондын харилцаа холбоо тань дахин сэдрэх боломжтой. Сарын сүүлээр буюу 27-30-ны өдрүүдэд ажил, карьертаа төвлөрч, анхаарал хандуулаарай.
Мэлхий
Арваннэгдүгээр сарын эхээр таны хувьд шинэ бүтээлч ажлуудыг эхлүүлэхэд таатай үе тохионо. Тухайлбал энэ сарын 2-ны өдөр Буд гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр ажил дээрээ илүү анхааралтай байх шаардлагатай. Түүнчлэн бусдад хэт өгөөмөр загнах, хэн нэгэнд биелүүлж чадахгүй амлалт өгөх зэргээс болгоомжил. Арваннэгдүгээр сарын 3-нд Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үед таны хурааж хуримтлуулсан мөнгөнөөс асар их зарлага гарах магадлалтай тул үрлэг, зарлагаа хянаарай. Мөн хоолой, эрүү, нүүр, ам хэсгүүдээ анхаарч, эрүүл мэндээ тордох шаардлагатай болно. Цаашлаад Сугар гараг байршлаа сольсноор мэлхийн ордныхонд таатай үйл явдлууд тохиолдож эхэлнэ. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй болзох, танилцах бүрэн боломжтой бол гэр бүлтэй хүмүүс хоорондын харилцаагаа илүү гүнзгийрүүлэх, хурим найр хийх зэрэг үйл хэрэгт таатай.
Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Санчир гараг урагшлах хөдөлгөөн хийснээр амьдралд тань урам зориг, эрч хүч бэлэглэх болно. 19-ний өдөр Дэлхийн ван гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Улмаар мэлхийн ордныхон эрүүл мэнд, ажил үйлс, санхүүгийн асуудлуудтайгаа нүүр тулах бөгөөд энэ энерги арванхоёрдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжлэхийг анхаараарай. Сарын сүүлээр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийж эхлэх ба ажил үйлс тань идэвхтэй болж, үүнээс улбаалан шийдэх ёстой олон асуудлуудтай тулгарна. Мөн санхүүгийн асуудлууд тань шийдэгдэж, харилцаа холбоо, карьер дээр тань гайхалтай боломжууд гарч ирнэ.
Арслан
Арваннэгдүгээр сар арслангийн ордныхонд гэр бүл, карьер дээрээ тэнцвэртэй хандах боломжийг олгож байна. Тухайлбал энэ сарын эхээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, амьдарч буй газар нутгаа солиход тун тохиромжтой үе тохионо. Мөн өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлс сурч мэдэхэд таатай. Буд гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр хоббигоо хөгжүүлэх, сонирхож буй зүйлээ сурах, шинэ зүйл эхлүүлэх зэрэг үйл хэргүүд идэвхэжнэ. Түүнчлэн эрч хүч, энерги тань нэмэгдэж эхлэх учир спорт, дасгал хөдөлгөөн гэхчлэн өөрийгөө сорьсон ямарваа нэгэн зүйлээр хичээллээрэй. Цаашлаад Сугар гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр ажил дээрээ илүү анхааралтай байж, санхүү дээрээ тооцоотой хандах хэрэгтэй.
Сарын дунд үеэр Санчир гараг урагшлах хөдөлгөөн хийх үеэр сэтгэл санааны асуудлуудаа даван туулах боломжтой. Харин бүтэн сар үхрийн ордод гарснаар ажил мэргэжил дээр тань томоохон боломж, завшаанууд тохиолдох болно. Сарын сүүлээр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийхэд арслангийн ордынхон бусдыг манлайлах байдал дээрээ анхаарал хандуулж, шинэ хоббитой болох, хуучин хийх дуртай байсан зүйлсээ үргэлжлүүлэх, төлөвлөж байсан ажлуудаа бүтээхэд тохиромжтой.
Охин
Ямарваа нэгэн ажлыг өргөжүүлье гэж бодож байгаа бол энэ сар танд эерэг үр дүн өгөх болно. Энэ сард ажил, мэргэжил, карьераас тань үүдэн ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа учир шинэ зүйлс сурах, мэдлэгээ бататгахыг зөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Бархасбадь гараг Тэнгэрийн вантай холбоо тогтооно. Энэ үед ямарваа нэгэн ажил, бизнес эхлүүлэх хүсэл төрөх боловч бага зэрэг айдас мэдэрч болзошгүй. Иймд энэ сард шинэ ажил эхлүүлэхгүй байхыг хичээгээрэй. Нөгөөтээгүүр Буд гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүл, хувийн амьдралдаа анхаарал хандуулах, орон байраа цэгцлэх, эвдэрсэн зүйлсээ засаж янзалбал зохистой. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Ангараг гараг арслангийн орд руу ирэх үеэр эрч хүч тань суларч, бие тань сульдах боломжтой тул йог, бясалгалаар хичээллэвэл зохистой.
Сарын дунд үед Санчир гараг урагшлах хөдөлгөөн хийж эхэлснээр дотно, романтик харилцаандаа илүү шийдэмгий хандах боломжийг олгоно. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр нар нумын орд руу шилжих хөдөлгөөн хийх ба ажил, бизнес, гэр бүлийн амьдралдаа илүү их анхаарал хандуулах шаардлагатай болно. Сарын сүүл үеэр хийж дуусгаагүй байсан ажлуудаас тань үүдэж асуудал тулгарах магадлалтай.
Жинлүүр
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ сар хилэнцийн ордод гарснаар эрүүл мэнд болон санхүү дээр тань амжилт татаж өгнө. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Буд гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр шинэ ажлуудыг хийх, найдвартай хамт олон бүрдүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд тун таатай байна. Арваннэгдүгээр сарын 9-нд үр хүүхэдтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд орж ирнэ. Иймд хүүхдийнхээ сургууль соёл, боловсрол, хобби, хүсэл мөрөөдөлд нь анхаарал тавьж, нухацтай хандах шаардлагатай боловч хүүхдээ хэт хянаж, шаардахаас зайлсхийгээрэй. Сугар гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр гэр бүл, хувийн амьдралдаа цаг зарцуулах боломжтой болно.
Харин 15-ны өдөр Санчир гараг урагшлах хөдөлгөөн хийж эхлэх бөгөөд энэ үйл явдал нь томоохон алхам хийхэд тань түлхэц болж, өөрийгөө батлан харуулахад тань тусална. Сарын сүүлээр нар нумын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үед өөртөө анхаарал хандуулах, дасгал хөдөлгөөн хийх, сурч буй зүйлдээ цаг гарган, илүү анхаарвал зохистой.
Хилэнц
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ сар хилэнцийн ордод гарна. Шинэ сар гарснаар танд бүхий л зүйлийг шинээр эхлүүлэх хүсэл төрнө. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Буд гараг шилжих хөдөлгөөн хийх ба энэ үед санхүүгээ зөв хянаж чадвал, эерэг үр дүн үзүүлнэ. Харин Сугар гараг байршлаа сольсноор хуучин харилцаагаа дахин сэргээх, эргэн тойрны хүмүүстэйгээ ярилцах зэрэг үйл хэрэгт таатай.
Сарын дунд үеэр бүтэн сар үхрийн ордод гарна. Ингэснээр танд сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүс амьдралаас тань холдон одох болно. Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Дэлхийн ван гараг хумхын орд руу ирэхэд тулгамдаад байсан асуудлуудаа шийдэхэд тун тохиромжтой мөч тохионо. Цаашлаад сарын сүүлээр хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилж, санхүүгээ зөв зохистой хянаарай. Нөгөөтээгүүр гэр бүлийн харилцаа сайжирч, бүтээлч байдал тань нэмэгдэж, олон гайхалтай боломжуудын үүд хаалга нээгдэнэ.
Нум
Энэ сар бүхэлдээ таны хувьд өөрөө өөртэйгөө ажиллаж, харилцаа холбоо дээрээ шийдэмгий, зоригтой алхам хийх боломжийг олгож байна. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Буд гараг таны орд руу буюу нумын ордод ирэх бөгөөд энэ үйл явдал нь харилцаа холбоо дээр тань эерэг өөрчлөлтийг татна. Хэрэв хов жив, хэл аманд орж өртөж байсан бол энэ үеэр та түүнийгээ даван туулах, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах боломжтой. Нөгөө талаас Ангараг гараг арслангийн орд руу ирж байгаа тул зоригтой шийдвэр гаргаж, шинэ бүхний эхлэлийг тавивал зохистой.
Сарын дундад Санчир гараг урагшлах хөдөлгөөн хийх үеэр гэр бүл, орон байртай холбоотой асуудлуудаа шийдэхэд тохиромжтой боловч хөнгөн хуймгаа шийдвэр гаргахаас болгоомжил. Мөн энэ өдөр бүтэн сар үхрийн ордонд гарна. Тиймээс аливаа асуудалд сөргөөр бус эергээр хандаж, бүтээлчээр шийдэхийг хичээгээрэй. Цаашлаад арваннэгдүгээр сарын 21-ний өдөр нар нумын орд руу ирснээр эрч хүч, энергиэ нөхөхөд таатай үе тохионо. Мөн төлөвлөсөн ажлуудаа амжилттайгаар эхлэх, үргэлжлүүлэх боломжтой боловч таны бусадтай харилцах ерөнхий харилцаа, хандлага тань ажил, бизнес, карьер дээр тань саад үүсгэж болзошгүй. Сарын сүүлээр ямарваа нэгэн бэртэл, гэмтэл авахаас болгоомжлоорой.
Матар
Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ сар хилэнцийн ордонд гарна. Энэ үеэр хөрөнгө оруулалт хийх, хадгаламж үүсгэх, өмнө нь төлөвлөж байсан ажлаа эхлүүлэх зэрэг үйл хэрэгт таатай. Арваннэгдүгээр сарын 2-ний өдөр Бархасбадь гараг таны дотоод сэтгэл санаа, аливаа зүйлд хандах хандлага, эрүүл мэнд дээр эерэг өөрчлөлтүүдийг татаж өгнө. Цаашлаад Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүлтэй матрын ордынхны харилцаа холбоо идэвхтэй болж ирнэ. Мөн энэ үеэр гоо сайхан, гадаад төрх дээрээ өөрчлөлт хийвэл эерэг үр дүн үзүүлэх болно.
Сарын дунд үед бүтэн сар үхрийн ордод гарснаар олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох, аль эсвэл томоохон ажил зохион байгуулах зэрэг үйл хэрэгт таатай бөгөөд хийж буй бүхий л зүйлээсээ үр өгөөж хүртэх боломжтой байна. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр нар нумын ордод шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үед ямарваа нэгэн ажлыг эхлүүлэх гэж яаралгүйгээр өөрт тулгарсан асуудлуудыг томоор харж, төлөвлөгөөгөө бага багаар гаргаарай. Мөн аливаа үйл хэрэгт тань саад бэрхшээл үүсэх магадлалтай тул анхааралтай байгаарай.
Хумх
Арваннэгдүгээр сард албан тушаал горилох, шагнал авах, тушаал дэвших зэрэг таатай үйл явдлууд хумхын ордныхонд тохиолдох болно. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Бархасбадь гараг эерэг холбооснуудыг таны ордод үүсгэх тул бодсон санасан зүйлээ чөлөөтэй илэрхийлж чадвал өөрт тулгарсан саадуудыг хялбархан даван туулах боломжтой. Мөн ирээдүйгээ төлөвлөх, тооцоолох, ямар нэгэн ажлыг эхлүүлэхэд нэн таатай үе тохионо. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Ангараг гараг арслангийн орд руу ирэх ба энэ үед анхааралтай байх шаардлагатай. Учир нь зөрчилдөөн, хэрүүл тэмцэл, үл ойлголцол, хосуудын асуудал үүсэх магадлалтай тул хэн нэгэнтэй буруу ойлголцох, хэрүүл маргаан хийхээс зайлсхийгээрэй.
Сарын дундад Санчир гараг урагшлах хөдөлгөөн хийснээр шийдэгдэхгүй байсан асуудлууд цэгцэрч эхэлнэ. Тухайлбал санхүүгийн асуудлуудаа зохицуулж, үрлэг зарлагаа зөв тооцоолж, зохистой зарцуулах боломж олдоно. Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Дэлхийн ван гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр та энерги, эрч хүчээр цэнэглэгдэж, өөртөө итгэх итгэл тань нэмэгдэнэ. Харин сарын сүүлээр нар нумын орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэс эхлэн хүсэл мөрөөдөлдөө төвлөрч, ажилдаа шамдаж, харилцаа холбоогоо сайжруулахыг хичээгээрэй.
Загас
Арваннэгдүгээр сар таны хувьд энэ жилийн хамгийн таатай саруудын нэг байх болно. Шинэ сар хилэнцийн ордод гарах үеэр шинэчлэлт хийх, шинэ зүйл сурч мэдэх, гадагшаа явж сурах зэрэг үйл хэрэгт тун таатай. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Бархасбадь гараг эерэг холбоосыг таны ордод үүсгэх учир санхүүгийн асуудлууд тань нэг тийш шийдэгдэнэ. Ангараг гараг арслангийн орд руу ирэх үеэр ажил үйлс тань бүтэмжтэй болж, саад бэрхшээлийг хялбархан даван туулж чадна.
Сарын дунд үед Санчир гараг урагшлах хөдөлгөөн хийнэ. Ингэснээр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, хийж буй ажлаа илүү идэвхтэй, зорилготой бүтээх боломжтой болох бөгөөд аливаа зүйлийн үр шимийг хүртэхийн тулд тухайн ажлаа идэвхтэй үргэлжлүүлэх хэрэгтэй байдаг гэдгийг санаарай. Цаашлаад арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Дэлхийн ван гараг хумхын орд руу ирнэ. Энэ нь танд дотоод сэтгэлийн амар амгаланг олгож, сэтгэлзүйн асуудлууд, сөрөг бодлуудтайгаа ажиллах боломжийг өгнө. Сарын сүүлээр нар нумын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр карьер, зорилго тань анхаарлын төвд орж ирнэ.
Энэ сарын онцлох өдрүүд:
Арваннэгдүгээр сарын 1 - Шинэ сар хилэнцийн ордод гарна.
Арваннэгдүгээр сарын 2 - Буд гараг нумын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Арваннэгдүгээр сарын 3 - Ангараг гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Арваннэгдүгээр сарын 11 - Сугар гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Арваннэгдүгээр сарын 15 - Сар үхрийн ордод битүүрнэ.
Арваннэгдүгээр сарын 19 - Дэлхийн ван гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Арваннэгдүгээр сарын 21 - Нар нумын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.