Долоодугаар сарын зурхай: Санхүүгээ зөв тооцоолж, хэтийн төлөвлөгөөгөө гаргах үе ирлээ
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2024 оны долоодугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ сарын 2-ны өдөр Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр таны амьдралд аз завшаантай үеүд тохиолдож эхэлнэ. Иймд удаан хугацааны турш хийхийг хүсэж байсан ажлуудаа эхлүүлж, өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлж эхлээрэй. Долоодугаар сарын 5-ны өдрөөс эхэлж санхүүгийн асуудал дээр тань бага зэрэг саадууд үүсэх магадлалтай учир санхүүгээ зөв тооцоолж, ашиггүй худалдан авалтаас зайлсхий. Мөн энэ сард гарах шинэ сарны нөлөөллийн улмаас амьдарч буй орон байраа солих, зарах, өөрчлөх зэрэг нөхцөл үүсэх боломжтой.
Сарын дунд үеэс эхэлж гараг эрхсүүд таны ордод эерэг холбооснуудыг үүсгэж өгснөөр ойрын аялалд гарах магадлалтай. Түүнчлэн ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцаж, болзох болон заяаны ханьтайгаа учрах боломж өндөртэй байгаа бол гэр бүлтэй хонины ордныхны хувьд үр хүүхэд, гэр орондоо маш их хэмжээний мөнгө зарах төлөвтэй байна. Харин 20-ны өдөр Ангараг гараг ихрийн орд руу шилжих үеэр дотоод сэтгэлзүйд тань өөрчлөлт явагдаж эхлэхийг та мэдрэх болно. Энэ үеэр жижиг зүйлийг дэвэргэх, амархан уурлах, ойр дотнын хүнээ гомдоохоос болгоомжил. Нөгөөтээгүүр таны ажил төрөлтэй холбоотой үйл хэргүүд идэвхжиж, томилолтоор явах, ойрын аялалд гарах боломжтой байна.
Үхэр
Долоодугаар сарын эхээр үхрийн ордныхонд сэтгэл санаа тогтворгүй болох, түгшүүр мэдрэх, санхүүгийн асуудлаас болж санаа зовних боломжтой үе тохионо. Үүнээс шалтгаалан хэт их зарлага гаргах, их хэмжээгээр идэх, сайн унтаж амарч чадахгүй байх зэрэг асуудлуудтай тулгарч болзошгүй. Цаашлаад 2-ны өдөр Далай ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр мөрөөдөж, хүсэж байгаа зүйлс тань яг зорилго, ирээдүй тань мөн үү гэдгийг ухаарсан үе тохионо. Долоодугаар сарын 5-нд ажил төрөл, хувийн амьдрал, найз нөхдийн хүрээлэлд тань сөргөөр нөлөөлж байгаа хүмүүсийг тавьж явуулах шаардлагатай нүүр тулна.
Сарын дунд үеэр аз завшаантай үйл явдлууд ар, араасаа тохиолдож, орлого ашгийн үүд хаалга тань нээгдэх болно. Мөн харилцаа холбоо идэвхжиж саадтай байсан асуудлууд жигдэрч эхэлнэ. Нөгөөтээгүүр хооллолт, эрүүл мэнддээ анхаарах үе тохиох учир аль болох чанартай хүнс хэрэглэж, ходоод гэдсээ анхаараарай. 20-ны өдөр Ангараг гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр дэмий зүйлд мөнгө үрэх, ашиггүй худалдан авалт хийх хандлагатай байна. Тиймээс мөнгө, санхүү дээрээ маш болгоомжтой хандаж, эд зүйлсдээ хямгатай байхыг гараг эрхэс сануулж байна. Долоодугаар сарын 21-нд сар матрын ордод битүүрэх үеэр хэтийн төлөвлөгөөгөө гаргаж, шийдээгүй байсан асуудлууддаа анхаарал хандуулах шаардлага үүснэ. Мөн үр хүүхэдтэй үхрийн ордныхон хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарч, тэдний хүсэл зоригийг сонсож өгөөрэй. Харин ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй танилцах өндөр боломжтой байна. Сарын сүүлээр танд бие болоод сэтгэл санааны хувьд шийдэх ёстой эрүүл мэндийн асуудал тулгарч болзошгүй.
Ихэр
Долоодугаар сарын эхээр ихрийн ордныхон албан тушаал ахих, бизнесээ өргөжүүлэх зэрэг азтай үйл явдлуудтай учирна. Харин шинэ сар мэлхийн ордод гарснаар та өөрийнхөө зорьж байгаа зүйлийг бодит болгох боломжуудыг олж харна. Нөгөөтээгүүр эрүүл мэнд, хоол хүнсэндээ анхаарал хандуулах үе ирж байна. Сугар гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр бусадтай хамтарч ажиллах, санаа бодлоо солилцох үйл хэрэг идэвхжих тул өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүсэл зорилгынхоо төлөө тэмцээрэй.
Цаашлаад долоодугаар сарын 20-ны өдөр Ангараг гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр удаан хугацааны турш сэтгэлд тань тээг болж байсан асуудлуудыг өөртөө эерэг байдлаар шийдэж чадна. Мөн энэ үеэр шинийг сэтгэх, суралцах хүсэл тань нэмэгдэх тул зорьж, хүсэж байсан ажлуудаа эхлүүлэхэд таатай. 21-ний өдөр бүтэн сар матрын ордод гарах үеэр та өөрийнхөө давуу болон сул талуудыг анзаарч эхэлнэ. Үүнээс шалтгаалан илүү ганцаараа байхыг хүсэмжлэх тул сайтар амарч, эрч хүч энергиэ нөхөөрэй.
Мэлхий
Долоодугаар сарын 2-нд Далайн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр хууль, улсын байгууллага, гадаад улс орон, визтэй холбоотой асуудал үүсэх магадлалтай. Мөн тус өдөр Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр санхүүгийн асуудалдаа хянамгай хандаж, үрлэг зарлагаа тооцоолох шаардлагатай нүүр тулна. Энэхүү Буд гарагийн нөлөөлөл ирэх наймдугаар сар хүртэл үргэлжлэх тул санхүүгийн төлөвлөгөөгөө сайтар гаргахыг гараг эрхэс сануулж байна. Харин сарын дунд үеэс санхүүгийн байдал тань харьцангуй тогтворжино.
Цаашлаад долоодугаар сарын 20-ны өдөр Ангараг гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр танд түр зуур ч болов амрах боломж олдоно. Энэ үеэр удаан хугацааны турш шийдэл нь олдохгүй байсан асуудлуудын гаргалаа олдож, санхүүгийн эерэг боломжуудын үүд хаалга нээгдэж эхэлнэ. Харин 22-ны өдөр нар арслангийн орд руу шилжих үед гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүстээ илүү их цаг гаргахыг хичээгээрэй. Мөн орон байр, үл хөдлөхтэй холбоотой бичиг цаасны асуудал гарч ирж болзошгүй. Сарын сүүлээр хөлөө бэртээхээс болгоомжилж, элдэв цуурхлаас хол байхыг хичээгээрэй.
Арслан
Арслангийн ордныхон энэ долоодугаар сард маш азтай байж, орлого ашгийн үүд хаалга тань нээгдэх болно. Энэ сарын 2-ны өдөр Буд гараг таны ордод буюу арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр харилцаа холбоо тань идэвхжих учир олон хүнийг хамарсан үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн гэх зэрэг ажлуудыг хийвэл нэн таатай. Сарын дунд үеэр өөрийнхөө дуртай зүйлийг хийж, удаан хугацааны турш авахыг хүсэж байсан зүйлээ худалдаж авах, аялалд гарахад тохиромжтой үе тохионо. Мөн хүмүүстэй харилцах харилцаа сайжирч, бизнес, хайр дурлал дээр тань эерэг боломжуудыг татаж өгөх болно.
Сарын дунд үеэс та найз нөхөдтэйгөө харилцах харилцаа дээрээ маш анхааралтай хандах хэрэгтэй. Эс бөгөөс жижиг зүйлээс болж муудалцах, үл ойлголцох, зөрчилдөх магадлал өндөр гэдгийг санаарай. Нөгөөтээгүүр та хувиараа бизнес эрхэлдэг бол шинэ боломжууд гарч ирж, шинэлэг санаа, төлөвлөгөө боловсруулах болно. Долоодугаар сарын 21-ний өдөр бүтэн сар матрын ордод гарна. Энэ үеэр таны эрч хүч, энерги тань нэмэгдэж, олон, олон амжилтуудыг дагуулсан ажлуудыг хийж гүйцэтгэх төлөвтэй байна. Иймд сарын сүүлээр өөртөө итгэлтэй, зоримог байж чадвал санасан, бодсон зүйлс тань саадгүй бүтэх болно.
Охин
Энэ сард охины ордныхон өөрийнхөө дотоод хүнийг таньж мэдсэн үеүдийг туулах хандлагатай байна. Мөн 2-ны өдөр Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр та өөрийн хүрээлэлд байгаа хүмүүсийн жинхэнэ дүр төрхийг таньж мэдэх болно. Ганц бие хүмүүсийн хувьд одоо болзож байгаа хүнээ илүү сайн ойлгож, мэдэхийн зэрэгцээ харилцаагаа цаашид хэрхэн авч явах талаараа тунгаах шаардлагатай нүүр тулна. Нөгөөтээгүүр юмаа хаяж гээх, эвдлэхээс болгоомжлоорой. Сарын дунд үеэс та ажил мэргэжил, карьер дээрээ өөрчлөлт хийх ёстой гэдгийг мэдэрч эхлэх ба энэ үеэр ажлаа солих, шинэ бизнес эхлүүлэх зэрэг үйл хэрэгт таатай.
Сугар гараг арслангийн ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр өөртөө амралт өгч, эрүүл мэндээ тордож, ойрын аялалд гарвал тохиромжтой. Мөн тооцоолоогүй гэнэтийн зарлага, санхүүгийн асуудал үүсэх боломжтой тул ашиггүй худалдан авалт хийхээс зайлсхийж, тооцоотой хандахыг хичээгээрэй. Долоодугаар сарын 20-ны өдөр Ангараг гараг шилжих хөдөлгөөн хийснээр та олон ажлыг зэрэг эхлүүлэх хүсэлд автаж, сэтгэл санааны хувьд өөдрөг, шийдэмгий, зоригтой болж эхэлнэ. Харин аливаа зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандвал хэн нэгэнтэй үл ойлголцох, маргалдах боломжтойг анхаарна уу. Сарын сүүл үеэр хосын харилцаа, дотоод сэтгэлзүйтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд ирэх тул аливаа зүйлд ухаалгаар хандаж, зөв шийдвэр гаргахыг эрмэлзээрэй.
Жинлүүр
Долоодугаар сард жинлүүрийн ордныхны ажил хэрэг, гэр бүл, санхүүтэй холбоотой үйл хэргүүд идэвхжиж эхэлнэ. Улмаар Далайн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр ажлын байран дээр үүсэж байсан асуудлуудын гарц гаргалаа олдож, мөн таны сэтгэл санааг зовоож байсан эрүүл мэндтэй холбоотой зүйлс эергээр шийдэгдэнэ. Цаашлаад энэ сарын 5-ны өдөр шинэ сар гарснаар таны ажил мэргэжил, карьер дээр тань эерэг өөрчлөлтүүд тохиолдож, тушаал дэвших, баг хамт олон удирдах, бусдыг манлайлах бүрэн боломжтой байна. Түүнчлэн энэ үеэр ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах өндөр магадлалтай.
Сарын дунд үеэс Бархасбадь гараг Далай ван гарагтай холбоо тогтоож, таны ордод эерэг холбооснуудыг үүсгэж өгснөөр оюун санаа, бие махбодын хувьд сэргэлт явагдаж, шинэ зүйлс сурч мэдэх, бүтээх хүсэлд автана. Долоодугаар сарын 21-нд бүтэн сар матрын ордод гарч эхлэх үед гэр бүлийн амьдралд тань олон таатай зүйлс тохиолдож эхэлнэ. Тухайлбал одоо амьдарч буй газраа солих, гэр бүлээрээ ойрын аялалд гарах, хосын харилцаа халуун дулаан болох зэргээр гайхалтай өөрчлөлтүүдийг та мэдрэх болно. Цаашлаад энэ сарын 25-ны өдрөөс эхлэн ямар нэгэн чухал бичиг цаасны ажил, хурал зөвлөгөөн, уулзалтыг зохион байгуулахгүй байхыг гараг эрхэс танд сануулж байна. Учир нь та энэ үеэр бага зэрэг эмзэг, мэдрэмтгий болох, бусадтай хэл амаа олохгүй байх магадлалтай байгааг анхаараарай. Сарын сүүлээр холын аялалд гарах боломжтой ч эхлээд эрүүл мэндээ анхаарч, дархлаагаа дэмжиж өгөөрэй.
Хилэнц
Долоодугаар сарын 2-нд Далай ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр үр хүүхэдтэй хилэнцийн ордныхон тэднийхээ сургууль соёл, нийгэмшилтэй холбоотой асуудлын гарц гаргалгааг олж, тулгамдаад байсан зүйлс эергээр шийдэгдэж эхэлнэ. Цаашлаад 5-ны өдрөөс эхлэн та харилцаа холбоо, гэр бүл, ажил төрөлдөө нэгэн зэрэг анхаарал хандуулах шаардлагатай нүүр тулна. Нөгөөтээгүүр энэ үеэр сургууль соёлд орох, гаднын оронтой холбоотой виз, аялал хөөцөлдөх, шинэ зүйл сурахад нэн таатай. Мөн энэ сард Сугар гараг байршлаа сольсноор ажил төрөл, карьерт тань дэвшил авчрах болно.
Сарын дунд үеэс эхлэн үр хүүхэдтэй холбоотой асуудлууд дээрээ дахин анхаарлаа хандуулах шаардлагатай үе тохионо. Харин ганц бие хилэнцийн ордныхны амьдралд өмнө нь үерхэж, болзож байсан хүмүүс дахин гарч ирж болзошгүй. Энэ сарын 20-ны өдөр бүтэн сар матрын ордод гарснаар удаан хугацааны турш шийдэгдэхгүй байсан асуудлууд цэгцэрч, харилцаа холбоонд үүсэж байсан саадууд арилж эхэлнэ. Тийм учир энэ үеэр өөртөө итгэлтэй байж, зорилго тэмүүллээ тодорхойлоорой. Сарын сүүл үеэр нар арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа тань сайжирч, илүү халуун, дулаан уур амьсгалыг мэдэрч эхлэх болно.
Нум
Долоодугаар сарын 2-ны өдөр Далай ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр нумын ордныхонд үл хөдлөх, унаа тэрэгтэй холбоотой эвдрэл, асуудал үүсэж болзошгүй. Мөн сэтгэл санаа тавгүй болж, хуучны таагүй дурсамжууд сэргэж, жижигхэн зүйлийг дэвэргэх хандлагатай байх тул аль болох тайван байж, өөрийгөө амрааж сураарай. Харин 9-ний өдрөөс эхэлж сэтгэл санаа тань харьцангуй тогтуун болж, юмсыг эергээр харж, шинэ зүйл сурч мэдэх хүсэлд автана.
Сарын дунд үеэс эхэлж нумын ордныхны романтик харилцаа идэвхжиж, болзоонд уригдах, хэн нэгэнтэй үерхэх өндөр боломжтой. Гэр бүлтэй нумын ордныхны хувьд үр хүүхэд, хамтрагчтайгаа харилцах харилцаа илүү зөөлөн, тогтуун болж, хайр дурлалаар бялхах болно. Долоодугаар сарын 20-нд Ангараг гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр бусадтай хамтарч төлөвлөгөө боловсруулах, шинэ ажил эхлүүлэх, найзуудтайгаа хамтдаа аялалд явах, спортоор хичээллэх зэрэг үйл хэрэг нээлттэй болж ирнэ. Цаашлаад бүтэн сар матрын ордод гарах үеэр санхүүгийн асуудлууд тань эергээр шийдэгдэж, орлого ашгийн үүд тань нээгдэнэ. Гэвч энэ үеэр хэт их зарлага гаргах, ашиггүй худалдан авалт хийхээс болгоомжлоорой. Сарын сүүлээр өөрөө өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, илүү ухаалаг, зоригтой шийдвэрүүдийг гаргаж эхлэх учир энэ үеэр удаан хугацааны турш зорьж, хийхийг хүсэж байсан зүйлсийнхээ эхлэлийг тавивал нэн таатай.
Матар
Долоодугаар сарын эхээр матрын ордныхонд орон байр, гэр бүлтэй холбоотой анхаарах ёстой зүйлс гарч ирэх магадлалтай. Тийм учир таны сэтгэл санааг тавгүйтүүлж буй саад бэрхшээл байгаа бол үүндээ гол анхаарлаа хандуулахыг гараг эрхэс сануулж байна. 2-ны өдөр Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр та өөрийн дотоод сэтгэлзүйд болж байгаа асуудлуудыг олж харсан үе тохионо. Мөн хэн нэгний нууцыг олж мэдэх, бусадтай холбоотой хов жив олж сонсох боломжтой ч бусдын худал үг, гүтгэлэгт хэт автахгүй байхыг хичээгээрэй.
Сарын дунд үеэс ажил, төрлөөсөө шалтгаалан өөр газар амьдрах, нүүх, гадаад улс руу явах боломжтой. Мөн энэ үеэр санхүүгийн асуудлууд тань анхаарлын төвд орж ирнэ. Хэн нэгнээс өр ширээ авах, банкнаас зээл авах, ажил, бизнестэй холбоотой үрлэг зарлага гаргах зэрэг үйл хэргүүд идэвхтэй байна. Нөгөөтээгүүр өмнө нь дуусгаагүй байсан ажлуудаа дуусгаж, цэгцлэх шаардлагатай үе тохиох учир шинэ ажил эхлүүлэх гэж яарахгүй байвал тохиромжтой. Харин шинэ төсөл, ажлыг ирэх аравдугаар сард эхлүүлбэл нэн таатай байна. Сарын сүүлээр ажлын байр, гэр бүл, найз нөхдийн харилцаа дээр үл ойлголцол үүсэх боломжтой тул бусадтай маргалдахаас зайлсхий.
Хумх
Долоодугаар сарын 2-ны өдөр Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр таны хүмүүстэй харилцах харилцаа маш идэвхтэй болно. Тэр дундаа гэр бүлийн хүнтэйгээ сайтар ярилцах, дотоод уур амьсгалаа хэрхэн сайжруулах талаар зөвшилцөх үе тохионо. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй танилцаж, болзох боломжтой. Шинэ сар мэлхийн ордод гарах үеэр та эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолт, зөв амьдралын хэв маягийг чухалчлах шаардлагатай. Эс бөгөөс эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн асуудал гарч ирэх, хүндээр өвдөх боломжтойг анхаарна уу.
Сарын дунд үеэс Сугар гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр харилцаа холбоо дээр тань тулгамдаад байсан асуудлууд эергээр шийдэгдэж эхлэх ба энэ үеэр өмнө нь үл ойлголцож байсан хүмүүстэйгээ эв эеэ олбол нэн тохиромжтой. Харин 18-ны өдрөөс эхлэн та гадаад үзэмж, хувцаслалт, биеэ авч явах тал дээрээ өөрчлөлтүүд хийсэн, дотоод хүнтэйгээ илүү ойлголцсон, сэтгэл санааны хувьд тайван, тогтуун байдлыг мэдэрсэн өдрүүдийг туулах болно. Сарын сүүлээр таны бусдыг манлайлах, чиглүүлэх зан төлөв нэмэгдэх тул олныг хамарсан үйл ажиллагаа, хурал зөвлөгөөн зохион байгуулбал нэн тохиромжтой.
Загас
Долоодугаар сарын эхээр загасны ордныхонд гэнэтийн санхүүгийн асуудал үүсэх, хэт үрлэг зарлага гарах магадлалтай. Тиймээс мөнгө, санхүү дээрээ маш болгоомжтой хандаж, эд зүйлсдээ хямгатай байхыг гараг эрхэс сануулж байна. Нөгөөтээгүүр ажил үйлс дээрээ анхаарлаа хандуулах чухал шаардлагатай үе ирж байгаа тул хийж дуусгаагүй байсан зүйлсээ эртнээс цэгцэлж, ухаалаг хандахыг хичээгээрэй.
Сарын дунд үеэс санхүүгийн асуудлууд харьцангуй тогтворжиж ирэх хэдий ч бусдын худал үгэнд автан хөрөнгө оруулалт хийх, эд зүйлс худалдан авахаас зайлсхийгээрэй. Ангараг гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр газар шороотой холбоотой ажил эхлэх, зуслангийн байшин худалдаж авах, мод тарих зэрэг үйл хэрэгт нэн тохиромжтой. Долоодугаар сарын 21-ний өдөр бүтэн сар гарснаар таны зорилго тэмүүлэл нэмэгдэж, олж хараагүй байсан олон асуудлуудыг нээж мэдэх болно. Ялангуяа ганц бие хүмүүс болзож, найзалж байгаа хүнийхээ жинхэнэ дүр төрхийг таньж мэдэхийн зэрэгцээ харилцаагаа цаашид хэрхэн авч явах тал дээрээ шийдвэр гаргах шаардлагатай нүүр тулна. Сарын сүүл үеэр сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, дуртай зүйлсээ хийж, шинэ зүйл сурч мэдвэл таатай.
Энэ сарын онцлох өдрүүд:
Долоодугаар сарын 2 - Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Далай ван гараг ухрах хөдөлгөөн хийнэ.
Долоодугаар сарын 20 - Ангараг гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Долоодугаар сарын 21 - Бүтэн сар матрын ордод гарна.
Долоодугаар сарын 22 - Нар арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Долоодугаар сарын 27 - Шинэ сар арслангийн ордод гарна.