Нэгдүгээр сарын зурхай: Аз, боломж, эерэг өөрчлөлтүүдээр баялаг жил эхэлж байна
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны нэгдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.
Хонь
Хонины ордныхонд 2025 он асар их өөрчлөлтийг авчрах болно. Тухайлбал энэ жил том гарагуудын өөрчлөлт гарч буйтай холбоотойгоор Санчир, Далайн ван гарагууд хонины ордод хэсэг хугацаанд байрлаж байгаад буцах хөдөлгөөнийг загасны ордод хийнэ. Ингэснээр та амьдралын эрч хүчийг мэдэрч, асуудлыг даван туулах чадамжтай болно. Түүнчлэн гэр бүл, үр хүүхдийн харилцаанд чухал үйл явдлууд тохиох боловч энэ үеэр гэмтэл бэртэл авахаас зайлсхийх, хэрүүл тэмцэл хийхгүй байхыг хичээгээрэй.
Нэгдүгээр сарын 2-ны өдөр Сугар гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх ба зүүд нойр тань идэвхжиж, зөн совин тань нэмэгдэх болно. Мөн энэ сарын 6-ны өдөр гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүстэйгээ муудалцаж магадгүй тул үг яриагаа цэгнэж, бусадтай эвтэй байх шаардлагатай. Сарын дундад ажил карьертаа анхаарал хандуулахын зэрэгцээ эрүүл мэндээ тордоорой. Цаашлаад бүтэн сар гарах үеэр удаан хугацааны турш шийдээгүй байсан ажил төрөл, үл ойлголцлыг засаж, залруулах боломж олдоно. 19-ний өдөр нар байршлаа сольж хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр та аливаа асуудлыг арай өөр өнцгөөс харж эхлэх бөгөөд тухайн асуудлуудын гарц гаргалаа амархан олдоно. Сарын сүүлээр ямар нэгэн айдас, далд ухамсарт болж буй саад бэрхшээлийг даван туулах боломж үүсэх учир ирээдүйн томоохон зорилгуудаа тодорхойлж, шинэ ажил эхлүүлэх, шинэ харилцаа холбоо үүсгэхэд таатай.
Үхэр
Нэгдүгээр сар үхрийн ордныхонд олон эерэг өөрчлөлтүүдийг татаж өгөх болно. Тухайлбал энэ сарын 2-ны өдөр Сугар гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил, карьер дээр тань олон сайхан боломжууд гарч ирнэ. Цаашлаад 8-ны өдөр Буд гараг байршлаа сольсноор өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, судалгаа шинжилгээ хийх, бусдаас сурч мэдэх хүсэл дотор тань оргилж эхэлнэ.
Нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажил, карьер дээр тань томоохон сорилт үүсэж, улмаар тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Харин бүтэн сар гарах үеэр дуусгаагүй орхисон ажлуудынхаа эцсийг үзэж, шинэ ажил эхлүүлэх боломж бүрдэнэ. Нэгдүгээр сарын 19-нд нар хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийх бөгөөд таны бодол санаа, ирээдүйн зорилго болон ажил, карьер дээр эерэг өөрчлөлтүүд гарна. Сарын сүүлээр харилцаа холбоо дээр тань асуудал үүсэж болзошгүй учир бусадтай эвтэй байхыг хичээж, үг яриагаа цэгнэвэл зохистой. 27-ны өдөр Буд гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр шинэ сайхан зүйл эхлүүлэхээр зорьж буй бол тухайн ажлынхаа эхлэлийг тавихад тун тохиромжтой өдөр байна.
Ихэр
Нэгдүгээр сарын 2-ны өдөр Сугар гараг байршлаа солино. Энэ үе ажил, карьерт тань хамгийн сайнаар нөлөөлж, олон эерэг өөрчлөлтүүдийг татаж өгөх болно. Нөгөөтээгүүр мөнгө санхүү болон эрүүл мэндийн тал дээр гэнэтийн асуудлууд гарч ирэх магадлалтай. Түүнчлэн үг яриагаа цэгнэж, болгоомжтой хандахгүй бол бусдыг гомдоох, үл ойлголцох, хэрүүл тэмцэл хийх эрсдэлтэй байна гэдгийг анхаарна уу.
Сарын дундад гэр бүлтэй холбоотой мөнгөний асуудал үүсэж магадгүй учир санхүү дээрээ тооцоотой хандаж, үрлэг зарлагаа хянаарай. Ихрийн ордыг буюу таны ордыг удирддаг Буд гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр ажил, карьер дээрээ илүү тооцоотой, төлөвлөгөөтэй хандах шаардлагатай нүүр тулна. Харин энэ сарын 19-ний өдөр нар байршлаа солих үеэр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, санасан бодсон зүйлээ саадгүй бүтээж чадна. Мөн энэ үеэр аливаа шинэ зүйлийн эхлэлийг тавьж, шинээр юм сурахад нэн таатай. Сарын сүүлээр бусдад сурсан мэдсэн зүйлээ заах, олон хүн хамарсан сургалт, уулзалт зохион байгуулахад сайн.
Мэлхий
Мэлхийн ордныхны хувьд энэ жил өөрийгөө сорьсон алхмуудыг нэлээдгүй хийх шаардлагатай болно. Нөгөөтээгүүр маш олон боломжийг олж харсан, нээсэн жил болох төлөвтэй байгаа ба тэрхүү боломжийг хэрхэн олж авах, яаж хэрэгжүүлэх үү гэдэг нь зөвхөн танаас шалтгаална гэдгийг сайтар анхаараарай. Нэгдүгээр сарын 2-нд Сугар гараг байршлаа сольсноор харилцаа холбоо идэвхтэй болж аливаа ажил төрлийг гүйцээхэд маш таатай нөхцөл бүрдэнэ. 8-ний өдөр Буд гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр бусадтай харилцах харилцаандаа анхаарал хандуулах шаардлагатай болно. Харин ганц бие мэлхийн ордныхонд шинэ хүнтэй танилцаж, болзоход таатай үе тохиох бол гэр бүл, үр хүүхэдтэй мэлхийн ордынхны хувьд гэр бүлдээ илүү цаг зарцуулах хандлагатай байна.
Сарын дунд бүтэн сар гарснаар ажил амьдрал, зорилго тэмүүлэлд тань маш их нөлөө үзүүлнэ. Тухайлбал та ямар хүмүүсийг амьдралдаа үлдээж, ямар хүмүүсийг тавьж явуулах вэ гэдгээ шийдсэн үе тохионо. Цаашлаад 19-нд нар байршлаа солих тул энэ үед өөрийгөө хүлээн зөвшөөрөх, дотоод хүнтэйгээ ярилцах болон өөртэйгөө тулж ажиллах боломж бүрдэнэ. Сарын сүүлд Буд гараг байршлаа сольж хумхын орд руу ирнэ. Энэ үеэр тулгамдаад буй асуудлуудын гарц гаргалгааг олж харах, гэр бүлийн харилцаандаа анхаарах, өв хөрөнгийн асуудал шийдэх гэх мэт үйл хэрэг идэвхтэй болно.
Арслан
2025 он арслангийн ордныхны хувьд харилцаа холбоондоо шинэчлэлт хийсэн жил байх боловч нөгөөтээгүүр эрүүл мэнд, санхүүгийн байдалдаа илүү анхаарах шаардлагатай цаг үе байх болно.
Нэгдүгээр сар танд санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэх боломжийг өгнө. Харин 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөн хийснээр та дотоод эрч хүчээ, энергиэ алдаж болзошгүй хэдий ч тухайн сардаа тэрхүү алдсан эрч хүчээ эргэн нөхөх бүрэн боломжтой. Цаашлаад 8-ны өдөр Буд гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх бөгөөд Буд гарагийн нөлөөлөл ажил төрөл дээр тань үүсээд буй саад тотгорыг арилгахад тусална. Мөн энэ үеэр бүх зүйлд тооцоололтой хандаж, эрүүл мэнддээ анхаарал хандуулж, бичиг цаастай холбоотой чухал ажлуудаа илүү нухацтайгаар хийхийг хичээгээрэй. Сарын дундад дотоод сэтгэлзүйн өөрчлөлтүүд явагдаж улмаар айдас, стресс, бухимдал мэдрэх боломжтой. Харин 19-нд нар хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр харилцаа холбоо тань идэвхжиж, ажил бизнестэй холбоотой зүйлс дээр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ.
Охин
2025 он охины ордныхны хувьд өөрчлөлт давамгайлсан, шинэчлэлт шаардсан жил болох хандлагатай байна. Нэг талаараа хийж байгаа ажил, ирээдүйд төлөвлөж байсан зүйлсэд өөрчлөлт гарах бол нөгөө талаараа олон зорилго, хүсэл мөрөөдлүүд тань биелж эхэлнэ.
Нэгдүгээр сарын 2-ны өдөр Сугар гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх үед бүхий л харилцаа холбоо тань таатай болж эхэлнэ. Тухайлбал гэр бүлийн харилцаа халуун дотно болж, үр хүүхэдтэй харилцах харилцаа зөв, сайхан болж ирэх бөгөөд нэгдүгээр сарыг дуустал энэхүү энерги идэвхтэй байх болно. Харин ганц бие охины ордныхон шинэ хүнтэй учрах, болзох өндөр магадлалтай. Сарын дундад бүтэн сар мэлхийн ордод гарснаар хийж буй ажил тань үр өгөөжөө өгч эхэлнэ. 19-нд нар хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил амьдралдаа илүү нухацтай хандаж, тулгамдаад буй асуудлуудтайгаа нүүр тулах шаардлагатай болно. Иймд аливаа ажлыг хойш тавилгүйгээр дор бүр нь шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Сарын сүүлээр нарийн төвөгтэй асуудлуудын гарц гаргалгаа олдож, бүхий л зүйлс эмх цэгцтэй болсноор охины ордныхны нэгдүгээр сар өндөрлөх болно.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхныг 2025 онд маш олон сонирхолтой, адал явдлаар дүүрэн зүйлс хүлээж байна. Өнгөрсөн он таны хувьд өөрчлөлтийн жил байсан бол энэ жил шинэчлэлт хийсэн жил байх болно. Нэгдүгээр сар жинлүүрийнхний хувьд амьдралын олон асуудалд анхаарал хандуулах, тэдгээрийг шийдвэрлэх боломжийг олгоно. Тухайлбал 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөн хийснээр ажилдаа илүү анхаарал хандуулж, шинэлэг санаа, төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болно. Харин 8-ны өдөр Буд гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх ба улмаар ажил болон гэр бүлдээ зарцуулах цагаа тэнцвэртэй байлгаж, аль нэгийг нь орхигдуулахгүй байхыг хичээгээрэй.
Сарын дундад сар битүүрэх үе ажил, карьерт тань томоохон нөлөө үзүүлэх бөгөөд та хийж байсан ажлынхаа үр шимийг хүртэнэ. 19-нд сар хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийх ба таны бодол санаа өөрчлөгдөж, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаа тань идэвхтэй болж эхэлнэ. Харин сарын сүүлээр өөрийн дуртай зүйлдээ цаг зав, мөнгө зарцуулах боломжтой болно. Мөн эдгээр өдрүүдэд шинэ ажил эхлүүлэх, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах зэрэг үйл хэрэгт таатай.
Хилэнц
Хилэнцийн ордныхны хувьд 2024 он өөрийгөө олж нээсэн, дуртай зүйлээ хийсэн жил байсан бол энэ энерги 2025 онд ч мөн адил үргэлжлэх төлөвтэй байна. Тухайлбал нэгдүгээр сар таныг ивээсэн, гайхалтай боломжуудаар дүүрэн сар байх болно. Сугар гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийж байгаа нь ажлын бүтээмжийг тань нэмэгдүүлж, улмаар та шинэлэг санаа, ухаалаг төлөвлөгөөнүүдээр бялхаж эхэлнэ. Гэвч хийж буй зүйлдээ хянамгай, нухацтай хандах шаардлагатай гэдгийг санаарай.
Сарын дундад бүтэн сар гарах бөгөөд энэ үеэр боловсрол, ажил мэргэжил, карьертаа илүү анхаарал хандуулаарай. 19-ний өдөр нар хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүл, эцэг эх, ах дүүгийн харилцаа идэвхтэй болж эхэлнэ. 21-ний өдөр эрүүл мэнд, сэтгэл санааны байдал тань тогтворгүй болж эхлэх тул аль болох болгоомжтой байж, эерэг зүйл бодохыг хичээгээрэй. Харин сарын сүүлээр мөнгө санхүүтэй холбоотой бэрхшээл үүсэж болзошгүй тул нарийн тооцоотой байж, үрлэг зарлагаа хянавал зохистой.
Нум
Нэгдүгээр сард мөнгө санхүүгийн асуудлаа шийдэхэд таатай үе байх болно. Тухайлбал энэ сарын 2-ны өдөр хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээ хийхэд тохиромжтой үе тохиож байна. Харин 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөн хийх бөгөөд энэхүү хөдөлгөөн нь бүхий л харилцаа холбоо дээр тулгараад байсан асуудлыг хялбархан цэгцэлж өгнө. Гэвч гэмтэл бэртэл авахаас болгоомжилж, эрүүл мэндээ тордоорой. Цаашлаад 8-нд Буд гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр мөнгө санхүүгээ зөв тооцоолох шаардлагатай нүүр тулна.
Сарын дундад нар хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийх ба ажил үйлс тань аяндаа бүтэж, бодсон санасан зүйл тань төвөггүйхэн биеллээ олох болно. Сарын сүүлээр гэр бүл, хосын харилцаа илүү халуун дулаан, романтик болж эхлэх хандлагатай байна. Мөн ямар нэгэн шинэ зүйл сурч мэдэх, аливаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд таатай үе тохионо.
Матар
2025 он матрын ордныхны хувьд санхүүгийн асуудлаа даван туулсан, өөрчлөлт мэдэрсэн жил болох хандлагатай байна. Төрөлхийн амбицтай атлаа хүлээцтэй зан чанартай матрын ордныхон шинэ ондоо ажлын үр бүтээмжээр баялаг байх болно.
Тухайлбал нэгдүгээр сард Ангараг гараг ухрах хөдөлгөөн хийснээр төлөвлөж байсан ажил төрөл, бизнесийн төлөвлөгөөнүүд тань эхнээсээ хэрэгжиж эхэлнэ. Цаашлаад 6-нд Буд гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр бусадтай ярилцах, зөвлөлдөх үйл хэрэг идэвхэжнэ. Сарын дундад бүтэн сар гарснаар харилцаа холбоо тань маш идэвхтэй болж эхлэх боловч таны амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүсийг тавьж явуулах шаардлагатай нүүр тулна. Цаашлаад 19-ний өдөр нар хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр мөнгө санхүүгээ зөв тооцоолж, ухаалаг худалдан авалт хийх хэрэгтэй. Энэ энерги нь нэгдүгээр сарыг дуустал үргэлжлэх хандлагатай байгаа учир үрлэг зарлагаа танаж, бүх зүйлд тооцоололтой хандахыг хичээгээрэй.
Хумх
2025 он хумхын ордныхонд чухал өөрчлөлтүүд болон эерэг боломжуудыг татсан жил байх болно. Тухайлбал ажлын бүтээмж тань нэмэгдэж, юмсыг арай өөр өнцгөөс харж эхлэх хандлагатай байна. Мөн өнгөрсөн хоёр жилд хумхын ордныхон санхүүгийн хүнд асуудлуудыг даван туулсан бол шинэ ондоо эсрэгээрээ орлого ашгийн үүд хаалга тань нээгдэж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ.
Нэгдүгээр сард Сугар гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх ба энэ нь таны санхүүгийн байдлыг илүү тэнцвэртэй болгож, танд бага ч болов амьсгаа авах боломжийг олгоно. Цаашлаад 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөнийг мэлхийн ордод хийнэ. Энэ үеэр ажил төрөл дээр үүсээд байсан саад бэрхшээлүүдийн гарц гаргалгаа олдож, танд өөрийгөө батлан харуулах гайхалтай боломж олдоно. Харин 8-ны өдөр Буд гараг шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр бичиг цаасны ажилдаа хянамгай байж, үг яриагаа цэгнэж, ухаалаг шийд гаргах хэрэгтэй. Сарын дундад бүтэн сар мэлхийн ордод гарах ба та хийж буй ажлаасаа үр шим хүртэж, ажлаа илүү аз жаргалтайгаар хийж эхэлнэ. Нөгөөтээгүүр эрүүл мэндээ сайтар тордож, сайн амарвал зохистой. 19-ний өдөр нар шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр эрч хүч тань ундарч, шинэлэг өөрчлөлт, боломжуудыг олж харна. Сарын сүүлээр харилцаа холбоо тань идэвхжиж, бизнесийн тал дээр танд туслах нөлөө бүхий, амжилттай хүнтэй танилцах магадлалтай байна.
Загас
Өнгөрсөн хоёр жил загасны ордныхон харилцаа холбоо, мөнгө санхүүгийн тал дээр бага зэрэг асуудал ихтэй байсан бол 2025 онд та өөрийгөө олж нээсэн, дуртай зүйлээ хийсэн, гайхалтай жилийг өнгөрүүлэх болно.
Нэгдүгээр сарын 2-нд Сугар гараг шилжих хөдөлгөөн хийх ба энэ үйл явдал нь таны хувьд өөртөө анхаарал тавих, бусадтай харилцаа холбоо тогтоох таатай боломжийг олгож байна. Цаашлаад 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөн хийснээр загасны ордныхон ажлын талбар дээрээ өөрийгөө батлан харуулах, бусадтай өрсөлдөх, тушаал дэвших өндөр магадлалтай. Харин сарын дундад та өөрийгөө олж нээсэн, зорилгоо тодорхойлсон үеийг туулах болно. Бүтэн сар мэлхийн ордод гарснаар бусдыг манлайлах, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, гэрээ хэлэлцээр хийх зэрэг үйл хэрэг идэвхтэй болж эхэлнэ. Сарын сүүлээр эрүүл мэнддээ анхаарал хандуулж, аль болох өөрийгөө амраах шаардлагатай. Мөн энэ үеэр анхаарал сэрэмжтэй байж, олон ажил нэгэн зэрэг төлөвлөхгүй байхыг зөвлөж байна. Нөгөөтээгүүр харилцаа холбоо тань идэвхжиж, олон шинэ боломжуудыг олж харж, бизнесээ өргөжүүлэх бүрэн боломжтой болно.
Энэ сарын онцлох өдрүүд:
Нэгдүгээр сарын 2 - Сугар гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Нэгдүгээр сарын 6 - Ангараг гараг мэлхийн ордод ухрах хөдөлгөөн хийнэ.
Нэгдүгээр сарын 8 - Буд гараг матрын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Нэгдүгээр сарын 13 - Бүтэн сар гарна.
Нэгдүгээр сарын 19 - Нар хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.
Нэгдүгээр сарын 27 - Буд гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.