Даавар эмэгтэй хүний арьсанд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Үрэвсэл, хөгшрөлтийн шинж тэмдэг, сэвх, нөсөө толбо, уян хатан чанар алдагдах зэрэг арьсны асуудлууд нь дааврын тогтолцоотой нягт уялдаатай. Тэгвэл даавар болон арьсны гоо сайхан хоорондоо яг хэрхэн холбогддог тухай арьс судлалын эмч Наталья Курганская тайлбарлаж байна.
Даавар нь цусны эргэлтийн тогтолцооны тусламжтайгаар эд эрхтэнд нэвтэрч үр нөлөөгөө үзүүлдэг. Тухайлбал өсөлт, хөгжил, бодисын солилцоо, нөхөн төлжилт, стрессийн эсрэг хариу үйлдэл зэрэг физиологийн үйл явцыг зохицуулахад чухал нөлөөтэй. Үүнээс гадна ген, фермент болон бусад эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг учраас дааврын хүний биед үзүүлдэг нөлөөг дутуу үнэлж болохгүй юм.
АРЬСАНД НӨЛӨӨЛДӨГ ДААВРУУДЫН ТУХАЙ
- Эстроген даавар арьсны нягтрал, уян хатан байдал, чийгийг хангадаг гол даавруудын нэг. Нас ахихад эстроген дааврын түвшин буурдаг. Үүнээс улбаалан арьс нимгэрч, хуурайшиж, уян хатан чанараа алддаг байна.
- Тестостерон даавар эрэгтэй хүний үндсэн даавар хэдий ч эмэгтэй хүний биед бага хэмжээтэй агуулагддаг. Энэхүү даавар нь арьсны шүүрлийн синтезийг өдөөж, үрэвсэл, тослогийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.
- Прогестерон даавар арьсны себумыг нэмэгдүүлснээр батга үүсэх гол шалтгаан болдог.
- Кортизол даавар стрессийн үед ялгардаг даавар. Кортизолын хэмжээ өндөр байх тусам арьсны үрэвслийг нэмэгдүүлж, батга, экзем зэргийг сэдрээнэ.
- Бамбайн булчирхайн даавар нь арьсны чийгшил болон үсний ургалтад нөлөөлдөг. Дааврын түвшин бага бол арьс хуурайшиж, нимгэрч, үс унадаг. Харин дааврын түвшин өндөр бол хуйхыг тослог болгодог аж.
- Өсөлтийн даавар коллагены ялгарал, арьсны уян хатан чанарыг хангадаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тус дааврын түвшин багассанаар арьс суларч, уян хатан байдлаа алдаж, үрчлээ үүсдэг.
АМЬДРАЛЫН ӨӨР ӨӨР ЦАГ ҮЕД ДААВАР АРЬСАНД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
- Сарын тэмдэг. Сарын тэмдгийн мөчлөгийн үед дааврын түвшин дагаж өөрчлөгддөг ба энэ нь арьсны нөхцөл байдалд тодорхой нөлөө үзүүлдэг. Тухайлбал, мөчлөгийн эхний үед эстрогены түвшин дээд цэгтээ хүрдэг бөгөөд улмаар үрэвсэлгүй, толигор, гялалзсан цэвэр арьсыг бий болгодог. Харин хоёрдугаар хагаст прогестероны түвшин нэмэгддэгтэй холбоотойгоор арьс тослогжиж, батга гарч, эмзэг болдог. Тиймээс энэ үед арьсны хэрэгцээг зөв мэдэрч, зөв арчилгаа хийх нь юу юунаас илүү чухал юм.
- Жирэмслэлт. Эстроген болон прогестерон даавруудын түвшин жирэмсний үед нэмэгддэг. Эдгээр дааврууд нь арьсанд өөрчлөлт үүсгэдэг аж. Жишээ нь арьс бараан өнгөтэй болж, язарч, эмзэгшиж, батга гардаг бол зарим үед арьс эсрэгээрээ илүү гэрэлтсэн, толигор болох тохиолдол ч бий. Тиймээс жирэмсний үед хэрэглэхэд аюулгүй бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. Жирэмсний үед арьсыг цочроох эрсдэлээс сэргийлэн химийн гаралтай, хурц үнэртэй, будагч бодис агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.
- Хөхүүл үе. Төрсний дараа бие махбод хэвийн байдалдаа эргэж очих үед дааврын түвшин хэлбэлздэг. Ингэснээр арьс хуурайшиж, батга, сэвх, нөсөө толбо үүсдэг. Тиймээс хөхүүл үедээ үргэлжлүүлэн органик бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Энэ үед чийгшүүлэх үйлчилгээтэй мөн нарны хамгаалалттай бүтээгдэхүүнд илүүтэй анхаарал хандуулаарай.
- Цэвэршилт. Цэвэршилтийн үед эстрогены түвшин буурдаг. Эстроген буурснаар арьс хуурайшиж, эпидермис нимгэрч, үрчлээ, нөсөө толбо үүсдэг. Энэ үед арьсыг чийгшүүлэх, тэжээлээр хангах бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Мэдээж нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэнэ. Тус бүтээгдэхүүн нь хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх ихээхэн ач холбогдолтой юм. Мөн наснаас үл хамааран тэнцвэртэй хооллолт, шингэн уух зүйл, чанартай нойр зэрэг нь эрүүл мэнд, залуу нас, гоо сайхныг илүү удаан хадгалахад тус болдог билээ.
ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ЭМ АРЬСАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Олон эмэгтэйчүүдийн амьдралын чухал хэсэг болсон жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай тусад нь тэмдэглэх нь зүйтэй. Шахмал хэлбэртэй жирэмслэлтээс хамгаалах эмийг зөвхөн жирэмслэлтээс хамгаалах зорилгоор төдийгүй дааврын түвшнийг зохицуулах, өвчнийг эмчлэх (Жишээ нь Өндгөвчний олон уйланхайт хам шинж буюу polycystic ovary syndrome) зорилгоор хэрэглэдэг. Тухайн бэлдмэл нь эстроген болон прогестин гэсэн хоёр даавар агуулдаг. аж Мөн бие махбодын хүлээж авах чадвар, эмийн идэвхтэй бодисоос хамаарч өөр өөр нөлөө үзүүлдэг. Ихэнхдээ эстроген агуулсан жирэмслэлтээс хамгаалах эм нь арьсны нөхцөл байдлыг сайжруулж, үрэвслийг намдаадаг. Энэ нь андрогены түвшнийг зохицуулдаг дааврын тусламжтайгаар бий болдог байна. Нөгөөтээгүүр тухайн эмийг хэрэглэснээр арьс хэт ягаан туяанд мэдрэг болох, нөсөө толбо үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж байх үедээ тогтмол SPF-тэй бүтээгдэхүүнийг хэрэглэж, арьсаа хамгаалах хэрэгтэй.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт