Хайх

Гликолийн хүчлийн талаар юу мэдвэл зохистой вэ? Арьс судлалын эмчээс тодруулъя

Гликолийн хүчлийн талаар юу мэдвэл зохистой вэ? Арьс судлалын эмчээс тодруулъя

Text: Buro.Mongolia


Гликолийн хүчлийн талаар юу мэдвэл зохистой вэ? Арьс судлалын эмчээс тодруулъя (фото 1)

Гликолийн хүчил бол арьс арчилгааны ертөнцөд томоохон байр суурийг эзэлж буй хүчирхэг орц бөгөөд үүнийг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад багтаахаас гадна дангаар нь ч бас хэрэглэдэг. Тэгвэл арьс судлалын эмч Наталья Курганская бьюти тренд болж буй уг бүтээгдэхүүний талаар дараах зүйлсийг ярьж байна.


Гликолийн хүчил гэж юу вэ?

Гоо сайхны салбарт хэрэглэгдэж буй ихэнх хүчил нь хүчтэй хэдий ч нэг төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ алдартай. Харин гликолийн хүчил нь арьсны олон янзын асуудлыг шийдвэрлэх хосолсон үйлчилгээг үзүүлдэг. Батга, мөөгөнцрийн батга, нөсөө толбо, үрчлээс, хуурайшилт, гундсан өнгө гэх зэрэг арьсны олон асуудлыг гликолийн хүчил шийдэж чадна. Тус хүчил нь альфа-гидрокси (АНА) төрөлд хамрагддаг ба молекулын жин нь маш бага учир арьсанд хялбар бөгөөд хурдан нэвчиж ордог.


Гликолийн хүчил нь арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гликолийн хүчил нь эксфолиант буюу гуужуулагчийн үүрэгтэй бөгөөд үхэжсэн арьсны эсийг цэвэрлэж, эвэрлэг давхаргыг шинэчилж байдаг (толигор, гэрэлтсэн өнгөлөг арьсыг хангадаг давхарга). Хэрэв арьсыг микроскопын тусламжтайгаар харвал эвэрлэг давхарга, үхэжсэн арьс хоёрын бат бөх холбоог олж харна. Харин гликолийн хүчил нь энэхүү давхаргуудын дундах “цавуу”-г уусган алга болгож хэвийн нөхөн төлжилтийг дэмждэг. 

Үүнээс гадна гликолийн хүчлийн молекул нь арьсны гадаргууд төдийгүй арьсны гүн давхаргад нэвчиж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Гликолийн хүчил нь арьсны фибробластын үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Фибробласт нь коллаген болон эластины ялгарлыг дэмждэг бөгөөд үүний үр дүнд арьсны үрчлээс тэнийж, цаашид шинэ үрчлээс үүсэх нь багасдаг аж.


Гликолийн хүчлийг хэрхэн хэрэглэх вэ?

Ямар ч төрлийн гуужуулагч хэрэглэж эхлэх үедээ хамгийн багаар туршиж үзэх хэрэгтэй. Ялангуяа, хэрэв та эмзэг, мэдрэмтгий арьстай бол. Жишээ нь эхлээд гликолийн хүчил бага хувиар агуулдаг нүүр угаагч хэрэглэж үзээрэй. Хэрэв арьс тань хэвийн хүлээж авсан тохиолдолд дараа дараагийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зүйтэй. Жишээлбэл, тос, серум, маск зэргийг хэрэглэж болно.

Гликолийн хүчлийн талаар юу мэдвэл зохистой вэ? Арьс судлалын эмчээс тодруулъя (фото 2)

Гликолийн хүчлийг гоо сайхны салонд химийн гуужуулалт хэлбэрээр хэрэглэдэг бөгөөд ингэхдээ өндөр концентрац бүхий бүтээгдэхүүнийг ашигладаг тул үр дүн нь мэдэгдэхүйц хурдан байдаг. Ийм төрлийн гуужуулалтыг курс хэлбэрээр тодорхой хугацааны зайтайгаар хийгддэг ба энэ нь үйлчлүүлэгчийн арьсны онцлог, хүсэж буй үр дүнгээс хамаарч өөр өөр байдаг.


Гликолийн хүчил хүн бүрд тохирох уу?

Гликолийн хүчил нь энгийн, холимог, тослог арьстай хүмүүст тохиромжтой бол хуурай арьстай хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Учир нь гликолийн хүчил нь бүх төрлийн энгийн болон химийн гуужуулалттай адил цочрол үүсгэх эрсдэлтэй.

Гликолийн хүчлийг хэрэглэхэд улирлын онцлог ч хамааралтай. Тухайлбал, өвлийн улиралд арьсны хамгаалах үйл ажиллагаа суларснаар арьс хагарч, хуурайшилт үүсэж, таагүй мэдрэмж төрдөг. Хэрэв арьс цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох чадваргүй бол гликолийн хүчил сөрөг үр дагаврыг нэмэгдүүлнэ. Харин зуны улиралд эсрэгээрээ, температурын өндөр хэм нь тосны булчирхайг идэвхжүүлснээр арьс тогтмол гликолийн хүчлийн гүн цэвэрлэгээг шаардана. Гэхдээ гликолийн хүчлийг хэрэглэхдээ заавал SPF тос түрхэх хэрэгтэй гэдгийг санаарай.


Гликолийн хүчлийг өөр хүчлүүдтэй хослуулан хэрэглэж болох уу?

Бүтээгдэхүүний найрлагад хэд хэдэн хүчил орсон тохиолдол нэлээдгүй бий. Жишээлбэл, гликолийн болон гиалуроны хүчил нь нэгэн зэрэг арьсыг шинэчлэх, залуужуулах, чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Ерөнхийд нь өөр хүчилтэй хослуулан хэрэглэж болох бөгөөд хослуулахдаа аль болох зөөлөн гуужуулагчийг (салицилийн болон гиалуроны хүчил) сонгон хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь ширүүн гуужуулагч (бензоил, ретинол) зэрэг нь арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, ретинолтой бүтээгдэхүүн үхэжсэн эсийг сэргээх үйлчилгээг түргэсгэдэг тул энэ нь гуужуулах нөлөөг давхар үзүүлдэг. Хэрэв ретинолтой бүтээгдэхүүн хэрэглэж байх үедээ гликолийн хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж эхэлбэл арьсны үйл ажиллагааг цочроож, гэмтээх эрсдэлтэй.

Гликолийн хүчлийн талаар юу мэдвэл зохистой вэ? Арьс судлалын эмчээс тодруулъя (фото 3)

Гликолийн хүчлийг мөөгөнцрийн батганы үед хэрэглэж болох уу?

Гликолийн хүчлийг ихэнхдээ мөөгөнцрийн батганы эмчилгээнд, урьдчилан сэргийлэх үүднээс хэрэглэдэг. Учир нь гликолийн хүчил нь арьсны нүхийг маш сайн цэвэрлэж, тосны булчирхайн идэвхжилийг бууруулдаг. Үүний тусламжтайгаар үрэвслийн идэвхжил буурч, батга, нөсөө үүсэх нь багасдаг байна. 

Хэрэв таны арьс хуурай болон мэдрэг, улаан болон гөвдрүүт батгатай бол болгоомжтой хандах хэрэгтэй. Ийм үед гликолийн хүчил хэтэрхий ширүүн нөлөө үзүүлэх боломжтой тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дагуу хэрэглэхийг зөвлөж байна.


Гликолийн хүчлийн сөрөг нөлөө

Гликолийн хүчил нь харьцангуй хүчтэй орц найрлага тул арьсыг цочроох, цаашлаад түлэх эрсдэл үргэлж бий гэдгийг анхаараарай. Тиймээс зөв бүтээгдэхүүнийг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар сонгохыг зөвлөж байна. Бүхэлд нь дүгнээд хэлэхэд, гликолийн хүчил нь жирэмсний үед хүртэл хийгддэг тул аюулгүй.

Гликолийн хүчлийн талаар юу мэдвэл зохистой вэ? Арьс судлалын эмчээс тодруулъя (фото 4)

Мөн гликолийн хүчил нь устай шүргэлцэхэд шууд саармагждаг гэдгийг мэдвэл зохистой. Хэрэв арьсанд ямар нэгэн таагүй мэдрэмж төрвөл шууд угаахыг зөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх