Mercedes-Maybach SUV ангиллын бүрэн цахилгаан автомашины концепци танилцууллаа
“The Vision Mercedes-Maybach Ultimate Luxury”
Өнөөдрөөс эхлэн Auto China 2018 буюу Бээжингийн авто үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Энэ үеэр дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн концепци загварууд ба цоо шинэ бүтээлүүдээ танилцуулж эхэллээ. Тэр дундаас Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Mercedes-Maybach брэнд "The Vision Mercedes-Maybach Ultimate Luxury" нэртэй бүрэн цахилгаан автомашины концепци танилцуулсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна.
Техникийн үзүүлэлтийн хувьд бүхэлдээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг дөрвөн хөдөлгүүр нь нийт 750 морины хүчин чадалтай. Мөн тус автомашины цахилгаан хөдөлгүүрийг нэг удаа цэнэглэхэд ойролцоогоор 320 км зам туулж чадах бөгөөд "The Vision Mercedes-Maybach Ultimate Luxury" концепцийн дээд хурд нь цагт 250 км/цаг хүрнэ хэмээн зохион бүтээгчид онцолж байна.
Германы тансаг зэрэглэлийн автомашины брэнд энэхүү концепцийг бүтээхдээ хүлгийн интерьер дизайнд маш их ач холбогдол өгсөн харагдлаа. Тухайлбал автомашины салоныг бүхэлд нь цасан цагаан өнгийн арьсаар бүрхэж өгсөн бөгөөд дотроо цайны ёслолд зориулсан хар модон тавиур суулгаж, ягаан алтан өнгөтэй, хөнгөн цагаан оруулгаар чимэглэжээ.
Одоогийн байдлаар "The Vision Mercedes-Maybach Ultimate Luxury" нь концепци төдий зүйл ч ирэх хэдэн жилд Mercedes-Maybach энэхүү автомашиныг үйлдвэрлэлтэд оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт