Хайх

Toyota компани нисдэг автомашины төслөө эхлүүллээ

Toyota компани нисдэг автомашины төслөө эхлүүллээ

2020 оны Олимпийн банбарыг энэхүү нисдэг автомашинаар асаана

Text: Ж.Чинбат


Зураг:

Японы автомашин үйлдвэрлэгч Toyota компани нисдэг машины төсөлдөө буцан орж, 2020 онд болох Токиогийн Олимпийн наадмын банбарыг тус нисдэг автомашинаар асаах төлөвлөгөөтэй байна

Toyota компани нисдэг автомашины төсөл хэрэгжүүлэгч Cartivator төслийн багийнхаа үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн Токио хотын ойролцоо эхлүүлж, 40 сая иен  буюу 347 мянган долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү төслийн баг нь 30 орчим сайн дурын эрдэмтдээс бүрдсэн бөгөөд тэд SKYDRIVE нэртэй нисдэг автомашиныг хөгжүүлэн, 2020 он гэхэд анх удаа олон нийтэд танилцуулж, улмаар 2050 он гэхэд өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлсэн байхаар зорьж байгааг BBC агентлаг мэдээллэсэн байна.  

Япон инженерүүдийн зохион бүтээж буй SKYDRIVE нэртэй нисдэг автомашин нь цаг агаарын бүх нөхцөлд ажиллах чадвартай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан, маш бага дуу чимээ гаргадаг байх аж. Техник үзүүлэлтийн хувьд энэхүү нисдэг автомашин нь 2,9 метр урт, 1,3 метр өргөн, 1,1 метр өндөр хэмжээтэй, газраас арван метр зайд хөөрдөг, нисэх үедээ 100 км/цаг, газар дээр 150 км/цаг хурдлах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.

SKYDRIVE нисдэг автомашины загварыг гурван дугуй, дөрвөн сэнстэйгээр гаргасан бөгөөд дэлхийн хамгийн авсаархан нисдэг машин болохын сацуу жирийн авто зам дээр явах боломжтой байхаар бүтээх юм байна. Тэгэхээр бид 2020 оны Олимпийн наадамд энэхүү нисдэг автомашин хэрхэн ажиллахыг харах л үлдлээ. 

цааш үзэх