XXI зууны адал явдал эрэлхийлэгчдэд зориулсан шинэ үеийн Land Rover Defender
Land Rover брэндийн хамгийн найдвартай, бат бөх загвар
Өнгөрсөн баасан гарагт Zaisan Hill цогцолборт байрлах Jaguar Land Rover компанийн үзэсгэлэнгийн танхимд шинэ үеийн Land Rover Defender загварын танилцуулга албан ёсоор болж өнгөрлөө. Автомашин сонирхогчдын дунд удаан хугацааны турш хүлээлт үүсгэн шуугиан дэгдээж, тэр ч бүү хэл Жеймс Бондын ээлжит адал явдал болох No Time To Die кинонд "дүр бүтээж" амжсан шинэ үеийн Land Rover Defender автомашиныг Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Стив Поттер өөрийн биеэр тайзан дээр гарч хэвлэлийнхэнд танилцуулсан юм.
Их Британийн алдарт тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Jaguar Land Rover компанийн хамгийн алдартай бас олон шүтэн бишрэгчтэй загварын нэг болох Land Rover Defender автомашин нь анх танилцуулагдсан цагаасаа хойш бараг л өөрчлөгдөлгүй уламжлалт загвараа хадгалж ирсэн бол ийнхүү анх удаа бүрэн шинэчлэгдэн гарч байна. Land Rover автомашины түүхийг сөхвөл анх 1948 онд хөдөө аж ахуйн зориулалттайгаар зохион бүтээгдэж байсан энэхүү бартаат замын унаа нь цаг уурын болон байгаль орчны хамгийн хүнд нөхцөлд тэсвэртэй байдлаараа алдаршиж улмаар хүнд хүчир ажилд дайчлагдаж, цэрэг армийн хэрэглээнд ашиглагдаж иржээ. Нийт 70 гаруй жилийн тасралтгүй инновацийн үр дүнд өнөөдөр энэхүү автомашин нь Их Британийн хатан хааны гэр бүлийн байнгын хэрэглээ болоод зогсохгүй хөдөө гадаа аялах дуртай, адал явдал хайгчдын найдвартай унаа болж олон улс даяар алдаршсан юм.
Харин 2020 оны шинэ загвар нь зөвхөн бартаат замд тэсвэртэй байгаад зогсохгүй XXI зууны дижитал эриний амьдралын хэв маягтай нийцэх дэвшилтэт технологийн шийдлүүдийг өөртөө агуулснаар хөдөө гадаа төдийгүй, их хотын замд тохиромжтой орчин үеийн төгс унаа болж байна.
Хамгийн экстрим нөхцөл, ямар ч бартаат замыг туулах чадвартай
Хамгийн бат бөх материалаар бүтээгдэж, экстрим нөхцөлд буюу +50, -40 градуст, бүхий л замын гадаргуу дээр нийт 45,000 удаагийн туршилт хийгдэж, 1,2 сая км замыг туулсны үр дүнд энэхүү автомашин нь Land Rover брэндийн хамгийн найдвартай, бат бөх загвар хэмээн албан ёсоор нэрлэгдээд байна. 2019 онд дэлхийд танилцуулагдсан шинэчлэгдсэн Defender нь Ази Номхон далайн орнуудад энэ онд, харин Монголын зах зээлд энэ есдүгээр сард нэвтэрч байгаа юм.
Шинэчлэгдсэн загварын D7X (Defender 7 X нь экстрим гэсэн утгыг агуулна) хөнгөн цагаан эх бие нь ямар нэгэн залгаасгүй нэг цул (monocoque) байдлаар бүтээгдсэнээрээ онцлогтой. Ингэснээр бусад автомашинаас гурав дахин бат бөх болсон бөгөөд байгалийн хүнд нөхцөл болон ямар ч бартаат замыг туулах чадвартай болжээ. Terrain Response буюу зам сонголтын ухаалаг систем нь автомашины явах тохиргоог ухаалгаар өөрөө тохируулж явах боломжийг олгодог. Түүнчлэн нэг цул эх биетэй болсноор өөрийн ангилалдаа тээвэрлэлтийн хамгийн өндөр даацтай автомашин болж байна. Жишээ нь автомашин хөдлөх явцад 168 кг хүртэлх, зогсох үедээ 300 кг хүртэлх ачааг тээвэрлэх даацтай. Мөн 3500 кг хүртэл чирэх чадалтай.
Автомашин хий нумын тусламжтайгаар эх биеийг газраас 291 мм (29,1 см) хүртэл өргөх боломжтой бөгөөд хэр баргийн гадаргуу дээр тулахгүйгээр явах чадвартай. Түүнчлэн хажуу сэрвээндээ агаарын хоолой суурилуулснаар 900 мм гүн усыг туулах чадвартай болжээ. Мөн overhang буюу урд ба хойд бампер нь богино учраас бартаат зам туулахад ямар нэгэн гадаргуу дээр тулахгүй байх давуу талтайгаас гадна урд ба хойд тэнхлэг нь автомашины ар хэсэгт ойр байрлалтай тул 38 градусын (урд хэсэг), 40 градусын (хойд хэсэг) эгц, налуу зам дээр ч асуудалгүй явна. Ерөнхийдөө элс, хайрга, чулуу, мөс, ус, шавар шалбааг гээд ямар ч бартаат замыг асуудалгүй туулах чадвартай.
Уламжлалт чанар болон орчин үеийн ухаалаг технологийн нэгдэл
Шинэчлэгдсэн Defender нь дижитал эрин үед бэлэн. Land Rover Defender автомашин нь 70 жилийн турш найдвартай, бат бөх байдал болоод хүчин чадлын бэлгэдэл болсон уламжлалт чанараа хадгалж ирсэн билээ. Тэгвэл 2020 оны шинэ загвар нь үүн дээр нэмээд ухаалаг технологиор бүрэн тоноглогдож, XXI зууны орчин үеийн амьдралтай хөл нийлүүлэх шинэчлэлтүүдийг хийжээ. Жишээ нь автомашины бүхээгт есөн ширхэг USB оролт, утасгүй цэнэглэгч суулгаж өгсөн ба интернет холболт, навигаци, замын хөдөлгөөнийг шууд дамжуулах Pivi-Pro гэх 10 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий мультимедиа систем зэрэг ухаалаг технологийг суурилуулсан байна. Автомашины бүхий л тохиргоог шууд удирдах боломжтой Pivi-Pro мэдрэгчтэй дэлгэц нь өмнөх загварын дэлгэцээс 12 дахин илүү хурдан болсон ба ингэснээр нэг үйлдлээс нөгөө рүү шилжих хурд нь ердөө 3 секунд болжээ.
Шинэ Land Rover Defender автомашины бас нэгэн анхаарал татсан зүйл нь өөрөө өөрийгөө оношилдог, автоматаар шинэчлэгддэг үйлдлийн систем байлаа. Ингэснээр одоо үйлдлийн системээ шинэчлэхийн тулд заавал албан ёсны дилер дээрээ очиж цаг заваа үрэх шаардлагагүй бөгөөд ердөө Wi-Fi-д холбогдоход л таны автомашин яг л гар утас шиг өөрөө өөрийгөө шинэчилнэ. Энгийнээр тайлбарлавал 2020 онд худалдан авсан автомашин тань 2025 онд ч цоо шинэ үйлдлийн системтэй байх боломжтой гэсэн үг юм. EVA 2.0 үйлдлийн систем нь нийт 85 удирдах модуль буюу ECU (electronically controlled units)-тэй. Эдгээр модуль нь нэгэн зэрэг 23,000 мессежийг боловсруулах чадвартай. Хөдөлгүүрийг автомашины зүрх гэдэг бол ECU нь автомашины тархи гэж хэлж болох юм.
Мөн Land Rover Defender загварт анх удаа автомашины эргэн тойрныг 360 хэмээр харуулах 3D камер суулгажээ. Автомашин дээр нийт зургаан ширхэг камер суурилуулсан бөгөөд эдгээр камерын тусламжтай орчныг 3D хэлбэрээр харах боломжтой болж байгаа юм. Энэхүү камер нь мөн бартаат замаар явах үед автомашины доод талыг бүхэлд нь харуулах боломжтой. Үүнээс гадна автомашины бас нэгэн ухаалаг технологи нь ClearSight Interior Rear View Mirror гэх арын орчинг харуулах зориулалттай ухаалаг камер байлаа. Өөрөөр хэлбэл жолооч арын орчинг харахын тулд ердөө ганц товчлуур дараад л толио камер болгон хувиргах боломжтой болсон байна. Эцэст нь Activity Key гэх ухаалаг технологи суулгаснаар заавал түлхүүр ашиглалгүйгээр автомашиныг түгжиж, онгойлгож, асаах боломж бүрджээ.
Хүн бүрийн амьдралын хэв маягт нийцнэ
Шинэ Land Rover Defender автомашин нь хүн бүрийн амьдралын хэв маяг, хэрэгцээ, сонирхолд нийцэх олон загварын сонголттойгоор зохион бүтээгдсэн байгаа. Тухайлбал шинэ Land Rover Defender нь "First Edition", "Defender" S, SE, HSE болон илүү тансаг зэрэглэлийн "X" гэсэн үндсэн ангилалтай байх бөгөөд 90 ба 110 гэсэн хоёр янзын эх биеийн сонголттойгоор худалдаанд гарсан байна.
Мөн экстерьерийн долоон төрлийн өнгийн сонголт, интерьерийн дөрвөн өнгийн сонголт, олон янзын дээврийн сонголттой болсон байгаа. Түүнчлэн хамгаалалтын хэрэгсэл, дээврийн ачаа, татагч, хадгалах хайрцаг гээд хүн бүрийн хэрэгцээнд тохируулан нийт 170 төрлийн нэмэлт эд анги, тоноглолыг зөвхөн Land Rover Defender автомашинд зориулан гаргажээ. Ерөнхийд нь нэмэлт тоноглолыг дөрвөн хэсэгт хуваасан байна. "Urban" буюу их хотын хэрэглээнд, "Adventure" буюу бартаат замаар аялах дуртай адал явдал хайгчдад, "Explorer" буюу элсэн цөл, эзгүй хээр тал гээд хүний хөл хүрээгүй хамгийн алслагдмал цэгүүдээр явахад, "Country" буюу хөдөө гадаа явж шавар шалбааг туулсан ч тав тухаа алдахгүй зорчиход зориулагдсан гээд нийт дөрвөн төрлийн тоноглолын сонголттой байгаа.
Тав тухтай интерьер
Автомашины салонд нэвтэрмэгц жолооч болон зорчигчдын тав тухыг хангасан цэлгэр орон зай, эвтэйхэн байдал шууд мэдрэгдэнэ. Шинэчлэгдсэн Land Rover Defender автомашины интерьер дизайныг хүмүүсийн стиль болон хэрэгцээнд тохируулан хувьсгах боломжтой байдлаар маш универсал загвараар урласнаараа давуу талтай. Жишээ нь дээврийг панорам, цулгай эсвэл нээгддэг байдлаар захиалж, бүхээгийн урд хэсэгт дахин нэг хүн суух нэмэлт суудал суурилуулах зэргээр салоноо өөрийн хүссэнээрээ тохижуулах боломжтой. Жолоочийн эгнээ болон зорчигчийн эгнээ хооронд чөлөөтэй явах зай, хадгалах хайрцаг, гарын түшлэгт суурилуулсан хөргөгч гээд аян замд тухтай зорчих бүхий л хэрэгцээг хангаж чаджээ.
"Би автомашины салбарт олон жил ажилласан. Шинэ Land Rover Defender бол энэ хугацаанд миний харсан хамгийн шилдэг интерьер дизайнтай автомашин. Бүх зүйлийг бодолцож, маш сайн шийдэж төлөвлөж өгсөн" хэмээн Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Стив Поттер шинэ Land Rover Defender-ийг тодорхойлсон юм.
Техникийн үзүүлэлт болон үнэ
Land Rover Defender автомашин нь дизель болон бензин хөдөлгүүртэй. Бензин хөдөлгүүр нь дотроо 2.0 литрийн багтаамжтай 300 морины хүчтэй болон 3.0 литрийн багтаамжтай 400 морины хүчтэй (Mild Hybrid Electric Vehicle) гэсэн хоёр янзын сонголттой. Энэхүү хөдөлгүүр нь цоо шинэ хөдөлгүүр (48V баттерэйтэй) бөгөөд онцлог нь түлш зарцуулалтыг багасгаж, турбод хүч нэмэх үүрэгтэй байгаа. Ингээд ч зогсохгүй нүүрс хүчлийн хийг багасгаж өгснөөр (6 г/км) байгаль орчинд харьцангуй бага бохирдол үүсгэж байгаа юм. Харин үнийн хувьд загвар болон тоноглолоос хамаарч 220-320 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Старчейз Автомотив Лимитд ХХК
Хаяг: Zaisan Hill, G давхар, Jaguar Land Rover үзэсгэлэнгийн танхим
Утас: 99118301, 99118375, 75753911
www.landrover.mn
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт