Интерьерийн халуун сэдэв: Долгиотсон хүрээтэй тавилга, декорууд
Долгиотсон хүрээ сүүлийн хоёр жилийн турш дизайны ертөнцөд ноёрхож байгаа бөгөөд цаашид ч зонхилох төлөвтэй байна. Энэхүү загвар нь минимализм болон максимализмын алтан дундаж хэмээн тодорхойлогддог ба хэт цулгуй, уйтгартай эсвэл эсрэгээрээ хэт хүнд өнгөтэй, этгээд загваруудад сонирхолгүй хүмүүст гарцаагүй таалагдах юм. Гэр эсвэл оффисоо тохижуулахдаа аль болох цэвэр модон, чулуун материалтай тавилгуудаас сонголтоо хийгээрэй. Ингэснээр орчин тойрондоо тав тухтай, тайван уур амьсгал бүрдүүлэх боломжтой. Харин декоруудын хувьд керамик, шил болон төмрөн материалтай, төрөл бүрийн хээтэй, өнгө өнгийн загваруудыг анхааралдаа авахыг зөвлөж байна. Долгиотсон хүрээтэй интерьерийн зүйлс модерн, минимал, эклектик хэв маягийн дотоод засалд төгс зохицох болно.