Chanel-ийн эмэгтэй найруулагчдад зориулсан үдийн зоог
Дакота Фаннинг, Оливия Уайлд, Рэйчел Вайс
Chanel загварын ордон ба Tribeca Enterprises кино компани хамтран эмэгтэй найруулагчдад зориулсан "Through Her Lens" нэртэй хөтөлбөр гаргасан юм. Тэгвэл өчигдөр Нью-Йоркийн Locana Verde гэх Итали ресторанд тус хөтөлбөрт зориулсан үдийн зоог болж өнгөрлөө. "Through Her Lens" төсөлд дөнгөж л кино найруулж, кино зохиол бичиж эхэлж байгаа америк гаралтай эмэгтэй найруулагчид хамрагдах юм. Уг хөтөлбөр нь богино хэмжээний киноны төрлийг хөгжүүлэх, мөн эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой аж.
Хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтанд тэнцсэн таван залуу найруулагч ба кино зохиолчдод салбарын шилдэг мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, хамтарч ажиллах болно. Тэдний дунд жүжигчин Дакота Фаннинг, Элизабет Олсен, Рэйчел Вайс нар багтсан байгаа. Харин сургалтын дараа залуу уран бүтээлчид өөрийн киног бүтээхэд ашиглах 100,000 ам.долларын тэтгэлэг хүртэх болно.
Энэхүү үдийн зоогийн үеэр мэргэжилтнүүд хөтөлбөрийн оролцогч нартай танилцаж, эмэгтэйчүүдийн эрхийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн байна.
Жүжигчин Оливия Уайлд "Through Her Lens" төслийн талаар "Кино урлагийн салбар дахь эмэгтэйчүүдэд тийм ч их боломж байдаггүй, мөн эрчүүдтэй харьцуулахад бидэнд тийм ч их мөнгө төлдөггүй гэсэн хандлага оршин тогтносоор байна. Энэ бүгд үнэн. Гэхдээ бид энэ төслөөр дамжуулан бодит арга хэмжээ авч, цаашид биднийг хүлээж буй зүйлс дээр төвлөрөхийг хүсч байна" гэж ярилаа.