Хайх

Ахлах тогооч нар зөвлөж байна: Ресторанд хэзээ ч захиалж болохгүй хоолнууд

Ахлах тогооч нар зөвлөж байна: Ресторанд хэзээ ч захиалж болохгүй хоолнууд

Тун удахгүй хогийн саванд орох эсвэл хэт өндөр үнэтэй зоогнууд

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Найзуудын үдэшлэг, романтик оройн зоог, ажил хэргийн уулзалт гээд хүн бүрт гадуур хооллох үе гардаг. Мэдээж хэрэг бид ресторанд хооллохдоо өөрсдийн дуртай зоогийг сонгон захиалах нь тодорхой. Тэгвэл ресторанд хооллох үедээ ямар төрлийн зоог захиалах хэрэггүй вэ гэдгийг мэргэжлийн тогооч нар Business Insider сэтгүүлд хуваалцсан байна. Хэрэв та тун удахгүй хогийн саванд орох эсвэл хэтрүүлсэн үнэтэй хоол зооглохыг хүсэхгүй байвал анхаарлаа хандуулаарай.

Бүрэн болгосон мах

Ахлах тогооч нар зөвлөж байна: Ресторанд хэзээ ч захиалж болохгүй хоолнууд (фото 1)

Бие давхар эмэгтэйчүүд эсвэл ахмад настнуудад зориулагдсан тусгай захиалга л биш бол ахлах тогооч нар бүрэн болгосон мах бэлтгэх төдийлөн дуртай байдаггүй гэдгийг Institute of Culinary Education гэх хоолны сургуулийн мэргэжилтэн Жеймс Брискионе хуваалцсан байна. Үүнээс гадна, зарим нэг тогооч нар бүрэн болгосон стейкэнд зориулж хамгийн муу махыг (хатуу) хадгалдаг гэнэ. Ерөнхийдөө тогооч нар бүрэн болгосон маханд төдийлөн анхаарал хандуулдаггүй гэдгийг Жеймс дэлгэжээ.

Хясаа

Ахлах тогооч нар зөвлөж байна: Ресторанд хэзээ ч захиалж болохгүй хоолнууд (фото 2)

"Би ресторанд ороод хэзээ ч хясаа захиалдаггүй. Мэдээж хэрэг хүмүүс хясаанд үнэхээр дуртай гэдгийг би мэднэ. Хясааг хадгалахад үнэхээр хэцүү. Тиймээс нэг ширхэг муудсан хясаа идэхэд бүх зүйл өнгөрнө" гэж Бостон дахь "Cultivar" рестораны ахлах тогооч Мэри Дюмонт ярилаа. Мэри ингэж боддог цорын ганц тогооч биш юм. Тухайлбал алдарт "Kitchen Confidential" номын зохиолч Энтони Бурден зөвхөн тухайн рестораны ахлах тогоочийг таньдаг тохиолдолд л хясаа захиалдаг гэж ярьж байсан билээ.

Өндөр үнэтэй бургер

Ахлах тогооч нар зөвлөж байна: Ресторанд хэзээ ч захиалж болохгүй хоолнууд (фото 3)

Вагю үхрийн мах, фуа гратай бургер. Сайхан сонсогдож байгаа биз? Гэхдээ та захиалгаа өгөхөө түр азнаарай. Учир нь "Бургер идэхийн тулд $20-оос илүү үнэ төлөх ямар ч шаардлагагүй. Энэ нь зүгээр л таниас илүү их мөнгө авах арга" гэж Брискионе үзэж байна. Үхрийн хүзүү, өвчүү, хавирганы татсан махаар хийсэн бургер хангалттай сайн чанартай байдаг гэдгийг тэрээр онцолсон юм.

Далайн бүтээгдэхүүнтэй онцлох зоог

Ахлах тогооч нар зөвлөж байна: Ресторанд хэзээ ч захиалж болохгүй хоолнууд (фото 4)

Далайн гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа даваа гарагт бэлтгэсэн загасны махтай өдрийн онцлох зоогноос аль болох татгалзсан нь дээр. Яагаад гэвэл ихэнх ресторанууд амралтын өдрүүдэд маш олон үйлчлүүлэгчтэй байдгийг тооцоолж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг пүрэв гарагт худалдаж авдаг гэнэ. Тиймээс даваа гараг гэхэд шинэхэн бүтээгдэхүүн хуучирсан байх магадлалтай. Мөн тухайн ресторанаас загас болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүнээ яг хэзээ авдаг талаар асууж лавлах хэрэгтэй. "Далайн гаралтай бүтээгдэхүүнээр бэлтгэсэн онцлох хоолнууд найдваргүй байх өндөр магадлалтай. Мэдээж шинэхэн загасаар хоолоо бэлтгэдэг ресторанууд олон байгаа ч зарим тохиолдолд далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн онцлох зоог нь тогооч нарын хөргөгчөө цэвэрлэх бас нэгэн арга байдаг" гэж "Aita and LaRina" рестораны ахлах тогооч Сильвия Барбан хуваалцлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх