Buro Review: Бид дэлхийд алдартай Хану махыг санал болгодог Jangsu ресторанаар зочиллоо
Төрсөн сэтгэгдлээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна
Бидний өдөр тутамд хэрэглэдэг бэлчээрийн аж ахуйн энгийн махнаас ялгаатай, хэсэг тус бүр нь хэдэн мянган ам.доллароор үнэлэгддэг өндөр зэрэглэлийн мах дэлхий даяар цөөнгүй бий. Жишээлбэл, Солонгосын хану, Японы вагю, коби зэрэг махыг амтлахын тулд хоолны хорхойтнууд дэлхийн өнцөг булан бүрээс Ази тивийг зорин ирэх нь олон болсон. Тэдгээр жуулчдын дунд Хану махыг, дарстай хослуулан хэрэглэх шинэ соёл ойрын жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Саяхныг хүртэл дэлхий даяар ердөө Хонгконг, Эмират, Өмнөд Солонгос гэсэн гурван улсад л Hanwoo буюу Хану махыг амтлах боломжтой байсан бол Jangsu Korean Steak House Монголын хэрэглэгчдэд энэхүү ховорхон боломжийг нээж өглөө. Хану махны соёлыг монголчуудад таниулахаар зорин ажиллаж буй тус ресторанаар өөрийн биеэр зочлон, хоолыг нь амталж үзээд төрсөн сэтгэгдлээ уншигч та бүхэнд хуваалцаж байна.
Чингисийн өргөн чөлөөн дахь Хаан банкны шилэн оффисын нэгдүгээр давхарт байрлах Jangsu рестораны хаалгаар ормогц бүдэг гэрэлтэй, тав тух бүхий орчинд зөөлөн гал дээр шарагдаж буй махны шаржигнасан чимээ биднийг угтан авлаа. Jangsu рестораныг энэ салбарт арвин туршлагатай Brussels Belgian Beer Café-г үүсгэн байгуулагч Э.Итгэл, Итали улсын Милан хот дахь хамгийн эрэлттэй солонгос хоолны ресторанд долоон жилийн турш ахлах тогоочоор ажилласан Т.Баттөмөр, мөн загварын салбарт âme, Quinto, ISAIA, Premier Tailor, Zadig & Voltaire зэрэг брэнд дэлгүүрүүдээр эчнээ танигдсан Т.Зориг болон Т.Золзаяа нар хамтран нээжээ. Өвөрмөц гэрлийн сонголтууд, итали хийцийн тавилгуудыг сонирхон харж зогстол үүсгэн байгуулагчдын нэг Золзаяа биднийг өөрийн биеэр угтан авч рестораныг танилцууллаа.
Хану махны онцлог
Өөх тос, уургийн тэнцвэртэй, зөөлөн шүүслэг Хану махны нууц нь уламжлалт аргаар, арчилгаа маллагааны зохистой нөхцөлд бойжуулдагт оршдог. Малын тахал өвчин нэг ч бүртгэгдэж байгаагүй Өмнөд Солонгос улсын Жансу мужид Хану үхрүүдэд эрүүл шим тэжээл өгч, массаж хийж, сонгодог хөгжим сонсгон тайвшруулдгаас гадна пробиотикоор баялаг байлгаж, зөөлөн өөх, тостой болгохын тулд шар айраг хүртэл уулгаж тусгай аргаар өсгөдөг байна. Тэгвэл Jangsu ресторан энэхүү махыг шим тэжээлийн алдагдалгүй, түргэн шуурхай тээвэрлэхийн тулд Солонгос улсын засгийн газартай хамтарч ажилладаг ажээ. Рестораны заал хэсэгт баркод бүхий ууттай Хану үхрийн махнууд хөргөгч дотор байрлах бөгөөд баркодыг уншуулан тухайн үхэр ямар орчинд, юу идэж өссөн зэрэг бүхий л мэдээллийг авах боломжтой учраас чанарын хувьд 100%-ийн баталгаа өгдөг гэсэн үг юм.
Орчин ба Интерьер
Солонгос улсын эртний уламжлалт архитектур “Wabi Sabi” буюу “Төгс бус гоо үзэсгэлэн”-г орчин үетэй хослуулан, байгалийн материалуудаар ерөнхий интерьерээ бүрдүүлжээ. Цэцэгс зөвхөн дэлгэрсэн байхдаа л биш навчаараа байсан ч үзэсгэлэнтэй, хэн ч, юу ч төгс байх албагүй гэсэн санааг интерьерээрээ дамжуулан илэрхийлсэн нь гүн сэтгэгдэл төрүүлж байв. Рестораны заал нийтдээ 20 ширээ бүхий 120 хүний суудалтай бөгөөд нийт гурван хэсгээс бүрддэг. Vip хэсэг нь 12 болон зургаан хүний суудалтай гурван өрөөнөөс бүрдэх ба албан уулзалт, ойн баяр, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдэд нэн тохирох орчинтой бөгөөд зөвхөн сет хоолоор үйлчилдэг. Харин өдөр тутамд дөрвөн төрлийн мах, 14 төрлийн хоолноос бүрдэх үндсэн цэснээс хүссэн хоолоо захиалан заалаар үйлчлүүлэх боломжтой. Нээлттэй заалны хувьд итали хэв маягийн гэрлүүд, гантиг чулуун ширээ бүхий тус тусын онцлог, уур амьсгалыг бүрдүүлсэн гурван өөр хэсгээс бүрддэг.
Аргагүй л "fine dining" ресторан гэдгийг илэрхийлэх бас нэгэн онцлог нь шарсан махны утаа болон үнэрийг доош соролттой байхаар зохицуулан хийсэн грилл юм. Гриллийг ийнхүү байрлуулснаар мах шарах үед утаа болон хурц үнэр огт гарахгүй учир олон цагаар тав тухтай суун үйлчлүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Хоолны амт
Бид энэ удаад бүдэг гэрэл, минимал ширээ засалт, тансаг бөгөөд сонирхолтой интерьер бүхий зургаан хүний суудалтай VIP өрөөнд сет хоолны менюгээр үйлчлүүллээ. Хоолноос урьтаж үүднээсээ л сэтгэгдэл төрүүлсэн үйлчилгээний соёлыг дурдах нь зөв байх. Нүүрэндээ мишээл тодруулж, ажлын дүрэмт хувцсаар жигдэрсэн залуус хоол бүрийг тайлбарлан өгч, хэрэгтэй зүйлсийг түргэн шуурхай авчирч байсан. Мөн wine sommelier таны хоолтой зохицох дарсны онцгой амтыг санал болгохоос гадна мэргэжлийн мах шарагч Хану махыг зөв температурын гал дээр, амтыг нь бүрэн амтлах боломжтойгоор шарж өгөх болно. Энэ удаад рестораны үүсгэн байгуулагч Золзаяа бидэнд Хану махтай хамгийн гоё зохицох 2013 оны Италийн Castello Banfi гэх хагас хуурай улаан дарсыг санал болгосон юм.
Pumpkin Soup
Хамгийн түрүүнд хулуу, лууван болон будааны гурилыг солонгос аргаар боловсруулан хийдэг хулууны зутан инжир жимсний хамт ирлээ. Энэхүү зутан нь ходоодонд дулаан бүрхүүлийг бий болгох замаар үндсэн хоолонд ходоодыг бэлтгэж өгөх үүрэгтэй. Бага зэргийн чихэрлэг, бас өтгөн хэр нь зөөлөн амтагдаж байсан хулууны зутан нь мах болоод шөлний амтыг илүү тодруулж өгсөн.
Hanwoo Beef Sandwich
Сет хоолонд Hanwoo Beef Tartare буюу үхрийн түүхий мах ирдэг ч бид энэ удаад сэндвичийг сонгон захиалсан. Сэндвичийн мах дараа дараагийн ирэх махнуудад нэлээд өндөр шалгуур тавьчихсан гэж хэлж болно. Сэндвичийн орцны хувьд гэвэл truffle mushroom соусан дээр бага зэргийн гич нэмж өгсөн байсан ба Хану үхрийн гол мах нь medium rare болцтой, шүүслэг амт нь маш тод амтагдаж байсан нь цаашид мах идэх хүслийг улам нэмэгдүүлж өгсөн.
Ерөнхийдөө Хану махыг өөр бусад хоолны амттай холилгүйгээр дангаар амталж байж махны гол амт, өөх тосны тэнцвэрт байдал зэрэг өндөр зэрэглэлийн маханд тавьдаг чухал үзүүлэлтүүдийг мэдэрдэг учраас Jangsu рестораны сетыг авах үед Хану мах нь бусад хоолноос урьтаж ирсэн юм.
Hanwoo Beef
Хүнсний зориулалтын давсан болон модон тавгууд дээр Хану үхрийн striploin буюу нурууны дээд хэсгийн мах, tenderloin буюу гол мах, sirloin буюу нурууны доод хэсгийн мах зэргийг хуваан байршуулан салат болон шардаг бяслагны хамт авчрав. Хану махыг бүрэн болгож идэх нь махны гол онцлогийг ихээр алдагдуулдаг гэсэн учраас амтыг нь мэдрэх зорилгоор нэлээн түүхий идэхэд зажлууртай хэр нь зөөлөн бас шүүслэг амтагдаж байсан. Бидний сайн мэдэх вагю махтай харьцуулахад тослогийн хэмжээ 20-30 хувиар бага байдаг ба илүү зөөлөн бас махны амт илүү тод амтагддаг. Ямартай ч Монголдоо чанарын баталгаатай, дээд зэрэглэлийн махыг хүссэн үедээ идэх боломжтой болсон нь тун талархууштай.
Hanwoo Gomtang
Jangsu рестораны мастер тогооч И Сан Гү-гийн мах, саримс, ногоон сонгино, пүнтүүз гэсэн дөрөвхөн орцноос бүрдэж, таван цаг буцалган хийдэг нэрийн шөлийг рестораны must-have сонголт гэж тодорхойлно. И Сан Гү тогооч нь өмнө нь зөвхөн gomtang шөлийг л гаргадаг мишелин одтой хоолны газарт ажиллаж байсан ба түүний олон жилийн туршлагаар хийгддэг энэхүү шөл нь хурц амтгүй хэр нь ахин дахин уугаад л баймаар мэдрэмжийг төрүүлнэ. Шөлний гол амтыг хану мах болон саримс бүрдүүлж яг л гэрийн хоолны мэдрэмжийг төрүүлсэн хэдий ч аманд ороод л хайлмаар махны зөөлөн болгоц нь аргагүй мэргэжлийн хүний чадварыг бодогдуулж байлаа.
Hanwoo Brisket Denjanjige
Хоолнуудаас амтлахад, Jangsu рестораны гол онцлог нь ямар ч хурц амтлагч ашигладаггүй бөгөөд мах болоод ногооны натурал амтыг маш гоё гаргаж өгч чаддагт оршиж байв. Бидний сет хоолны шөл, сэндвич болон шарсан махны араас хачир болон будаа дагалдах denjanjige буюу шар буурцгийн шөл ирсэн юм. Denjanjige зөөлөн амттай хоолнуудын араас ирсэн учраас халуун чинжүү болоод шар буурцгийн амт нэлээд тод амтагдаж байсан. Хачирт ирсэн кимчиг мөн Жансу мужаас авчирдаг гэсэн нь аргагүй л өөр орц, технологи мэдрэгдсэн шүү.
Pecan Pie
Дессертэнд харин дээрээ ванильтай зайрмагтай, шоколадны сироп урсгасан самартай бялуу ирлээ. Зөвхөн Jangsu-д л идэх боломжтой энэхүү тусгай жорын бялуу нь хэт нялуун биш учраас сет хоолны төгсгөлийг маш гоё хийж өгсөн.
Самартай бялуутай хамт ирсэн бас нэгэн зүйл бол ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол шингээхэд туслах зорилготой синнамон жинжер ундаа байсан ба амтны хувьд бага зэргийн чихэрлэг бөгөөд таатай байж, уусны дахаа үйлчилгээгээ хурдан үзүүлж буй мэт санагдлаа.
Нэг л мэдэхэд бид орж ирээд гурван цаг өнгөрчихсөн байсан бөгөөд хооллож, ярилцаж, инээлдэж суусаар цаг ийм хурдан өнгөрсөн гэдгийг ч анзаарсангүй. Оройны есөн цагийн орчимд биднийг гарах үеэр рестораны заал сул ширээгүй болтлоо дүүрсэн байлаа. Jangsu ресторан нь өдөр болон оройн хоолыг зөвхөн цагийн хуваарийн дагуу гаргаж, 15:00-18:00 цагийн хооронд амардаг. Энэ нь үйлчлүүлэгчдэд цагаа төлөвлөх, ажилчдад амрах боломж олгодгоос гадна зөв хоолыг, зөв цагт идэх хоолны соёлыг түгээж буй нэг хэлбэр юм.
Jangsu рестораны меню дунджаас дээгүүр үнэтэй ч тэр хэмжээгээрээ баталгаатай хүнс, амттай хоол, чанартай үйлчилгээ авч чадсан учраас сэтгэл ханамж маш өндөр байлаа. Бид арван жилийн өмнөхтэй харьцуулахад завгүй амьдралын хэв маягтаа тохируулан гадуур хооллох соёлд ихээхэн суралцаж явна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод өөрийн гэсэн онцлог, давуу талтай ресторанууд шил дараалан нээгдэж, тэр хэрээрээ амт чанар болоод үйлчилгээ, орчноороо өрсөлдөх болсон. Хооллох соёл гэдэг нь зөвхөн идэх, цадах болон амтлахын нэр биш бөгөөд хооллох тэр богино хугацааг чухал хүмүүстэйгээ чанартай өнгөрөөх тухай ойлголт яах аргагүй мөн юм. Тэгвэл энэхүү соёлыг бүрэн дүүрэн мэдрүүлэхээр амт чанартай, эрүүл хүнснээс гадна тав тухыг эрхэмлэн ажиллаж буй Jangsu ресторан нь өдөр тутам болоод онцгой өдрүүдээр ч таныг бүх талаар сэтгэл хангалуун байлгаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ташрамд дурдахад тэд удахгүй өөрсдийн хоолонд хэрэглэдэг мах, кимчи, амтлагч зэрэг хүнсний зүйлсээр бүрдсэн дэлгүүрийг нээх ажлыг эхлүүлснээс гадна ирэх жил гэхэд террастай болохоор төлөвлөж буй гэнэ. Дэлхийн стандартад нийцүүлэн ажилладаг, хооллох соёлд томоохон хувьсал хийж, соёлтой үйлчлүүлэгчдийг бэлтгэж чадах ийм төрлийн ресторан манай улсад улам олон болоосой гэсэн хүслээр энэ удаагийн review-ээ өндөрлөж байна.
Jangsu Korean Steak House
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хаан банк тауэрын нэг давхар
Утас: 77757755, 83006666
Facebook: Jangsu Korean Steak House
Instagram: jangsu.koreansteakhouse
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт