Buro Review: Хоолны соёлыг түгээхээр зорин ажиллаж буй Kitchen Studio-д зочиллоо
Итали, Франц, Мексик зэрэг олон үндэстний хоолыг өөрийн гараар хийж сурцгаая
Хоол гэдэг аливаа улсын биет бус соёлын нэг хэсэг, үеэс үед уламжлагдан ирсэн амьдралын хэв маяг, үнэт зүйл, итгэл үнэмшлийг өөртөө шингээж чадсан баялаг өвийн төлөөлөл. Хэдийгээр хоолны соёл улс үндэстэн бүрд харилцан адилгүй ч чухамдаа бусадтай харилцаа үүсгэх, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, баярт мөчийг хуваалцах тодорхойлолт нь харин хаа ч үл хувирна. Тэгвэл олон үндэстний хоолоор баярын ширээгээ чимэх, эсвэл гэрийн хоолны цэсээ баяжуулж өдөр тутамдаа эрүүл, амттай хоолыг өөрийн гараар бэлтгэн хийхийг хүсэж буй хэн бүхэнд Kitchen Studio-г санал болгож байна. Олон үндэстний хоолны соёлыг монголчуудад таниулахаар зорин ажиллаж буй Kitchen Studio-оор өөрийн биеэр зочилж, төрсөн сэтгэгдлээ уншигчдадаа хуваалцъя.
Тулга төвийн нэг давхарт байрлах Kitchen Studio-н хаалгаар ормогц зөөлөн шаргал өнгө давамгайлсан цэлгэр орон зайг амьд байгалийг дэргэд авчирсан мэт ногоон ургамлуудаар тодотгож өгсөн дулаан уур амьсгал биднийг угтан авлаа. Цааш ормогц олон улсын стандартын дагуу тохижуулсан мэргэжлийн сургалтын гал тогоо, хамт олноороо тухлан сууж цайлах тэгш бус хэм бүхий гоёмсог модон ширээг засан бэлтгэсэн байв. Гал тогооны интерьер бусад хэсгээс тэс өөр байж хар өнгө давамгайлсан байгааг сонирхон асуухад эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бактери үрждэггүй хавтанг шийдэж өгсөнтэй нь холбоотой хэмээн тайлбарлав.
Ингээд бид гал тогооны голд байрлах хоол хийх үндсэн хэсэгт зогсон “Roots pop-up house”-ийн үүсгэн байгуулагч, ахлах тогооч Маяагийн заавраар итали хэв маягийн улаан лоолийн салат, орзо ризотто болон чийзкейкээс бүрдэх сэт хоолыг өөрсдийн гараар хийж, түүнийгээ тусгайлан зассан ширээнд амтат дарсны хамт зооглон, нэг үдшийг дурсамж дүүрэн өнгөрөөсөн билээ. Итали хоол хийх талаар сонсмогц чадах эсэхдээ эргэлзэж, одоо сурлаа ч дараа нь гэртээ хийхийн тулд түгээмэл бус олон төлийн орц найрлагын эрэлд гарах талаарх бодол санааг минь чилээж байсныг нуух юун. Гэвч хүн бүрийн урд байршуулсан орц найрлага, хийх зааврын дэлгэрэнгүй тайлбарыг хараад эргэлзээ минь хоромхон зуур арилсан бөгөөд маш ойлгомжтой бичигдсэн заавар дор, Маяа тогоочийн товч бөгөөд тодорхой зааварчилгаа бид бүхнийг “сайн тогооч” болгон хувиргаж чадсан юм.
Kitchen Studio
Kitchen Studio нь хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тулга төхөөрөмж” компанийн удирдлага дор 2022 оны долooдугаар сард албан ёсоор үүд хаалгаа нээжээ. Тендерлион стейк, крем карамель, ризотто, сам хорхойн скампи, яргай загасны равиолли зэрэг зөвхөн ресторанд л иддэг амтат хоолнуудыг гэртээ, өөрийн гараар бэлтгэх бүхий л арга техник, орцыг та Kitchen Studio-н санал болгодог нэг өдрийн сургалтаар дамжуулан суралцах боломжтой. Бүр цаашлаад хэрхэн хөрөнгө боловсруулж талхны зуурмаг бэлдэх, талх эвхэх, үрээр зуурах, зүсэх зэрэг олон техникийг нэг дор заадаг 100% веган артизан талхны сургалт, цагаан хоолтны сургалт, амттан болоод бусад олон төрлийн нарийн боовны сургалтуудыг ч мөн энд зохион байгуулж байна.
Ямар үйлчилгээ санал болгодог вэ?
Эрүүл зөв хооллолтыг түгээх зорилтын хүрээнд Kitchen Studio нь нэг удаагийн мэргэжлийн сургалт болон байгууллага, хамт олон, хувь хүмүүст зориулсан хаалттай арга хэмжээ зохион байгуулах хоёр төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
Зөвхөн амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг нэг удаагийн мэргэжлийн хоолны сургалтаар Итали, Мексик, Франц, Энэтхэг, Солонгос, Япон болон бусад олон үндэстний хоол, зууш, амттан зэргийг хийж сурах боломжтой. Урьдчилан зарлагддаг энэхүү сургалтаар та аль нэг үндэстний гурван төрлийн хоолноос бүрдэх сет цэсийн орц найрлагыг судлахын сацуу өөрийн гараар хийж, хийсэн хоолоо тухлан сууж амтлах болно. Дунджаар гурван цаг үргэлжлэх сургалтын нэг ангид 8-14 хүн хамрагдах ба хоолны хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг шаардлагатай бүхий л зүйлс сургалтын үнэд багтсан байдаг.
Харин байгууллага, хамт олонд цагийг үр бүтээлтэй, халуун дулаан уур амьсгалд, дурсамж дүүрэн өнгөрөөх боломжийг олгох хаалттай арга хэмжээг 8-16 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулдаг бөгөөд долоо хоногийн аль ч өдрийг сонгох боломжтой юм.
Ахлах тогоочийн заавраар
Өөрийн гараар гэрийн нөхцөлд олон төрлийн хоол хийж сурах нь эрүүл мэнддээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт мөн. Тэгвэл танд эрүүл орц, зөв технологиор, арааны шүлс асгарам амтат хоолнуудыг хийж сурахад туслахаар дараах мэргэжлийн тогооч нар ажиллаж байна.
1. “Roots pop-up house”-ийг үүсгэн байгуулагч Шеф Маяа
2. “Cante bar & garden”-ийн ахлах тогооч Шеф Болдбаатар
3. “Ciao ciao” рестораны үүсгэн байгуулагч Шеф Галбадрах
4. “Mon-Eclair”-ийн үүсгэн байгуулагч, технологич Дэгиймаа
5. “The Garden” рестораны ахлах тогооч Шеф Бат-Эрдэнэ
6. “Boyan’s professional cuisine” рестораны ахлах тогооч Шеф Буян
Хаяг: СБД, 9-р хороо, Тулга төв, 1 давхарт Kitchen Studio
Утас: 88808468
Facebook: Kitchen Studio
Instagram: kitchenstudiomn