Хайх

Кето ногоон орцтой амттанууд хийж сурцгаая

Кето ногоон орцтой амттанууд хийж сурцгаая

Таны заавал туршиж үзэх хэрэгтэй 5 жор

Text: Buro.Mongolia


Хатуу хоолны дэглэм барьж өөрийгөө шаналган сууна уу? Тэгвэл таны дуртай хэдий ч “идэх хориотой” амттанууд эрүүл орц найрлагатай байж болно гэдгийг та мэдэх үү? Дараах жоруудаас санаа авч хүссэн амттанаа идэх зуураа улам эрүүлжээрэй.


Гурилгүй ногоон блинчик

Кето ногоон орцтой амттанууд хийж сурцгаая (фото 1)

Оросуудын хамгаас хайртай зоог бол гарцаагүй блинчик билээ. Тэд блинчикийг зөвхөн баяр ёслол төдийгүй өдөр тутамдаа ч хийж амтархан иддэг улсууд. Бид ч мөн адил уг амттаныг гэртээ ойр дотны хүмүүстээ зориулж хийх дуртай. Энэхүү гурил агуулаагүй ногоон блинчик маскарпоне бяслаг болон бага зэргийн давсалсан хулд загастай төгс зохицох юм.

Орц:

  • 3 ш өндөг
  • 2 х.х. крийм чийз/маскарпоне бяслаг
  • 50 г шинэхэн бууцай
  • дурын хэмжээгээр давс
  • бага зэргийн цөцгийн тос

Хийх жор:

  1. Холигч машинд бүх орцоо хийгээд шингэвтэр болтол нь холих хэрэгтэй.
  2. Хайруулын тавгаа сайтар халаасны дараагаар цөцгийн тосоор арчаарай.
  3. Зуурмагаасаа бага багаар тасалж авч хийгээд зуурмагаа өөрөөр нь эргүүлж тарааж хоёр талаар нь ойролцоогоор 1-2 минут хайрна.
  4. Та өөрийн дуртай жимс жимсгэнэ, самраар чимэглээрэй.

Ногоон хулуутай вафли

Кето ногоон орцтой амттанууд хийж сурцгаая (фото 2)

Хүүхдүүдийн идэх дуртай хөвсгөр, зөөлөн гэгч вафлийг эрүүл орц найрлагаар хийж сурцгаая. Энэхүү вафли нь танд бүтэн өдрийн турш эрч хүчийг бэлэглэх юм.

Орц:

  • 3 ш өндөг
  • 1.5 х.х. бүйлс самрын гурил
  • 50 г үрж жижиглэсэн бяслаг
  • 1.5 х.х. гүнжидийн үр
  • 1 х.х. песто соус
  • атга бууцай
  • дурын хэмжээгээр давс, перец

Хийх жор:

  1. Холигч машинаар хольсон ногоон хулуун дээрээ сэрээгээр хутгасан өндөг, гурил, песто, гүнжидийн үр, бяслагаа нэмнэ.
  2. Урьдчилан тосолсон вафли шаргачиндаа зуурмагаа хийгээд бэлэн болтол нь шарна.

Матчатай веган вафли

Кето ногоон орцтой амттанууд хийж сурцгаая (фото 3)

Энэхүү вафли нь зөвхөн байгалийн гаралтай орц найрлагатай бөгөөд гурил болон элсэн чихрийн агууламжгүй билээ. Мөн вафлийн нэгэн орц болох матча нунтаг нь L-теанин гэх амин хүчлээр баялаг тул стресс тайлж, анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг.

Орц:

  • 250 мл элсэн чихэргүй кокос/бүйлсний сүү
  • 80 г кокосын гурил
  • 60 г кокосын тос
  • 1 ц.х. матча нунтаг
  • 4 х.х. эритритол буюу элсэн чихэр орлуулагч
  • 2 х.х. псиллиум буюу таван салааны үрийн хальс
  • ½ ц.х. хөөлгөгч

Хийх жор:

  1. Эхлээд гурил, матча нунтаг, эритритол, псиллиум, хөөлгөгч зэрэг бүх хуурай орцуудаа холих хэрэгтэй.
  2. Хуурай хольцдоо хайлуулсан кокосын тос нэмээд сайтар холино. Дараа нь хутгах явцдаа эхлээд сүүний дөрөвний нэгийг нь нэмж, үлдсэнийг нь бага багаар хийнэ. Зуурмагийг шарахаасаа өмнө хэдэн минут амраана.
  3. Вафли шарагчаа халаагаад тослоорой. Зуурмагаа ойролцоогоор 4-5 минут шарна.

Авокадотой шарвин

Кето ногоон орцтой амттанууд хийж сурцгаая (фото 4)

Энэ нь 100% “Instagram-лаг” хоол бөгөөд хийж бэлтгэхэд тун хялбар билээ. Хэрэв танд псиллиум болон бүйлс самрын гурил байхгүй бол уг жоронд тэдгээрийг заавал ашиглах хэрэггүй юм. Гэхдээ энэхүү хоёр орц нь илүү сайхан амттай болгодог юм шүү.

Орц:

  • 1 дунд хэмжээний авокадо
  • 1 том өндөг
  • 2 х.х. бүйлс самрын гурил
  • ½ ц.х. псиллиум
  • шар тос
  • дурын элсэн чихэр орлуулагч

Хийх жор:

Бүх орцоо холигч машинаар хольсны дараа тосолсон хайруулын тавган дээр шарвингаа болтол нь шараарай.


Кокос болон матчатай олон давхарга ​бялуу

Кето ногоон орцтой амттанууд хийж сурцгаая (фото 5)

“Crepe cake” буюу олон давхарга бялуунд дургүй хүн гэж ховор биз ээ. Уг амттан нь матчатай хослохоороо мартагдашгүй амтыг бий болгож, аманд ороод л хайлна гэдэгт итгэлтэй байж болно.

Зуурмагийн орц:

  • 6 ш дунд хэмжээний өндөг
  • 150 мл элсэн чихэргүй кокос/бүйлсний сүү
  • 50 г кокосын гурил
  • 30 г эритритол
  • 10 г матча нунтаг
  • ½ ц.х. хөөлгөгч
  • ½ ц.х. ванилийн ханд
  • ¼ ц.х. давс

Кремны орц:

  • 200 г крийм чийз
  • 100 г цөцгийн тос
  • 50 г кокосын тос
  • 50 г эритритол
  • бага зэргийн матча нунтаг

Хийх жор:

  1. Миксер ашиглан зуурмагийн бүх орцыг хутгасны дараа 10 минут орчим амрааж байлгаарай. Ингэснээр зуурмаг маань сайн өтгөрөх юм.
  2. Хайруулын тавгаа тослох шаардлагагүй тул зуурмагаа жигд асгаад болтол нь шараарай.
  3. Харин одоо кремээ бэлтгэцгээе. Тасалгааны хэмийн крийм чийз болон цөцгийн тосыг сэвсгэр болтол нь хольж хутгаарай. Дараа нь кокосын тос, эритритол нэмээд ахиад сайтар хутгах хэрэгтэй.
  4. Бялууны тавган дээр бага зэрэг крем түрхэж өгөөд дээрээс нь эхний шарвингаа тавиарай. Уг үйлдлээ крем болон шарвингаа дуустал үргэлжлүүлэн хийх юм. Харин бялууны хамгийн дээрх крем дээр матча нунтгаас цацаж өгөөрэй.
  5. Бэлэн болсон бялуугаа хөргөгчид хэдэн цаг байлгах хэрэгтэй шүү. Сайхан зооглоорой. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх