Хайх

Шинэ food trend: Хөвсгөр үүл мэт талх хийж сурцгаая

Шинэ food trend: Хөвсгөр үүл мэт талх хийж сурцгаая

Идэхээс ч хайран

Text: Buro.Mongolia


Сүүлийн саруудад TikTok дээр #cloudbread гэх хэштагтай бичлэгүүд маш их хандалт авч, багагүй шуугиан дэгдээж чадсан билээ. Хэрвээ хөл хорионы үеэр дэлхий дахинаа dalgona кофе алдаршиж байсан бол одоо TikTok болон Instagram-ийг өнгө өнгийн, зөөлөн зефир мэт харагдах талх байлдан дагуулаад байна. Энэхүү талхыг хийж бэлтгэхэд маш хялбар. Хэд, хэдэн жор байдаг бөгөөд хүсвэл хүнсний будаг, жимсний шүүс зэргийг чөлөөтэй ашиглаж болдог байна. Харин хамгийн энгийн хувилбарыг хийхийн тулд ердөө л өндөгний цагаан, элсэн чихэр болон эрдэнэ шишийн цардуул хэрэг болно. Ингээд хоолныхоо цэсэнд өөрчлөлт оруулж, “Instagram”-лаг амттан хийхийг хүсэж буй хүмүүст зориулан хөвсгөр талхны жорыг хүргэж байна.

Магадгүй та “Байзнаарай. Энэ талх тэгэхээр чихэрлэг юм байна. Ер нь талх мөн юм уу?” хэмээн бодох байх. Тийм ээ, энэхүү хөвсгөр талх нь нарийн боовны төрөл гэж ойлгож болно. Гэхдээ та ямар нэгэн дэглэм барьж байгаа бол элсэн чихэр болон цардуул ашиглалгүй кето ​хөвсгөр талх хийх боломжтой юм. Кето хөвсгөр талхыг сэндвичний талхны оронд хэрэглэхэд тохиромжтой байдаг. Мөн танд анхааруулахад, хөвсгөр үүл мэт харагдах энэхүү талх нь хөрөхөөрөө гаднаасаа хурдан хатаж, идэхэд тийм ч тааламжтай биш болдог тул халуун дээр нь идэхийг зөвлөж байна. 

Орц:

  • 3 ш өндөгний цагаан
  • 2,5-3 х.х. элсэн чихэр
  • 1 ц.х. эрдэнэ шишийн цардуул (шигших хэрэгтэй)
  • ¼ ц.х. ванилийн ханд нэмж болно
  • Хүсвэл талхны дээрээс дурын самар, хатаасан жимс нэмж болно

Хийх жор:

  1. Өндөгний цагааныг миксер ашиглан сайтар холино. Тэгэх зуураа бага багаар элсэн чихэр нэмнэ. Эцсийн үр дүнд талхыг хөвсгөр, зөөлөн болгохын тулд хэтрүүлэн миксерээр хольж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс зуурмагаа хэт өтгөрүүлж болохгүй юм. Бэлэн болсон зуурмаг дээр цардуул нэмнэ.
  2. Шарах шүүгээний тавцанг зориулалтын бор цаасаар бүрнэ. Резин материалтай хутгуураар зуурмагийг шарах шүүгээний тавцан дээр байршуулж бөөрөнхий хэлбэр гаргана.
  3. 150 градусын шарах шүүгээний доод хэсэгт шаргал болтол нь 15-20 минут шарна.

Хэрэв шоколадны амттай талх хийхийг хүсвэл жорын эхний алхам дээр 1 х.х. какао нунтаг хийж, миксерээр холиход л болно.

Шинэ food trend: Хөвсгөр үүл мэт талх хийж сурцгаая (фото 1)

Хөвсгөр талх ямар амттай вэ?

Хэдий цахим ертөнцөөр талх гэгддэг ч энэхүү хөвсгөр амттан нь зефирний амтыг санагдуулна. Тиймээс үүнийг төрөл бүрийн амттай жимсний чанамал, кремээр чимэглэж амтат бялуу хийх боломжтой. Сахиусан тэнгэрүүдийн зоог л гэсэн үг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх