Сам хорхойтой хоолны 4 жор
Өдөр тутмын хоолны цэсэндээ өөрчлөлт оруулах цаг иржээ
Сам хорхойтой скрэмбл өндөг
Орц:
- 1 ш шарах зориулалттай дөрвөлжин талх
- 3 ш өндөг
- 50 г цэвэрлэсэн бар сам хорхой
- 20 мл ургамлын тос
- 20 г терияки соус
- 3 г гүнжидийн үр
- 15 г бууцай
Соусны орц:
- 50 г хайлуулсан бяслаг
- 50 г 33% whipping cream
- дурын хэмжээгээр давс/перец
Хийх жор:
- Соус бэлтгэхийн тулд whipping cream болон хайлуулсан бяслаг хэрэгтэй. Саванд эдгээр хоёр орцыг хийж буцалгана. Дээрээс нь давс/перец нэмнэ. Бэлэн болсон соусыг хөргөх хэрэгтэй.
- Хайруулын тавган дээр талхаа хоёр талаар нь сайтар шарна. Дээрээс нь соусаа түрхэж, бууцайгаа тавина.
- Сам хорхойг ургамлын тосонд болтол нь шарж, терияки соус нэмээрэй.
- Тусдаа саванд өндгөө хийж, сэрээ эсвэл зориулалтын хутгуураар сайтар хутгана.
- Хайруулын тавган дээр ургамлын тос хийж, өндгөө шарна. Хэдхэн хором хүлээсний дараа хутгуураар наймын тоо дүрсэлж буй мэт өндгөө болгоомжтой хутгана.
- Өндөг бэлэн болсны дараа давс нэмнэ. Харин скрэмбл өндөг нь дотроо бага зэрэг чийглэг байх хэрэгтэй гэдгийг санаарай.
- Болсон скрэмбл өндгөө бууцайтай талх дээр тавьж, дараа нь соустай сам хорхойгоор бүрнэ. Хамгийн сүүлийн шат бол гүнжидийн үр цацах юм.
- Хэрэв хүсвэл дугуй хэлбэрээр хэрчсэн сонгиноор хоолоо чимэглэж болно.
Васабитай сам хорхой
Орц:
- 100 г цэвэрлэсэн сам хорхой
- 100 г талхны үйрмэг
- 200 мл цэвэр ус
- 100 г васаби соус
- 2 г давс
- 2 г нунтагласан хар перец
- 68 г тортилла бин
- 10 г кориандр амтлагч
- 10 г оливын тос
- 64 г лайм
Васаби соусны орц:
- 100 г майонез
- 30 г васаби
- 65 г лаазтай өтгөрүүлсэн сүү (Оросын молоко)
- Бүх орцыг хамт холино
Тортилла бингийн орц:
- 120 г гурил
- 1,5 г хүнсний сода
- 8 г эрдэнэ шишийн цөцгийн тос
- 17 г эрдэнэ шишийн гурил
- 2,5 г давс
Хийх жор:
- Тортилла бин хийхийн тулд бүх орцуудыг хамт холино. Болсон зуурмагыг элдэж, дунд зэргийн гал дээр хоёр талаас нь болтол нь шарна.
- Цэвэр ус болон талхны үйрмэгийг хамт хольж, сайтар хутгана. Сам хорхойг энэхүү зуурмаганд өнхрүүлнэ. Бэлэн болтол нь хайруулын тавган дээр хуурах хэрэгтэй.
- Бэлэн болсон васаби соусанд сам хорхойгоо дүрнэ.
- Тортиллаг жижиглэж, дээрээс нь сам хорхойгоо тавиарай. Лайм жимсний шүүсийг дээрээс нь цацаж идэхэд тун тохиромжтой байдаг.
Өтгөн соустай сам хорхой
Орц:
- 100 г 33% whipping cream
- 20 г улаан лоолийн соус
- 20 г эрдэнэ шиш
- 60-70 г сам хорхой
- бага зэрэг оливын тос
Хийх жор:
- Чанаж болгосон эрдэнэ шишийг оливын тосоор тослоод 180 градусын шарх шүүгээнд 20 минут шарна.
- Эрдэнэ шиш болон сам хорхойг жижиглэн хэрчээд хайруулын тавган дээр 4-5 минут шарна.
- Харин соус бэлтгэхийн тулд тусдаа саванд whipping cream, улаан лоолийн соусыг хамт хольж, дунд зэргийн гал дээр бэлэн болгоно.
- Соусыг гүнзгий ёроолтой тавганд хийж дээрээс нь шарсан эрдэнэ шиш болон сам хорхойгоо өрж тавина.
Бүйлс самартай сам хорхой
Орц:
- 150 г сам хорхой
- 500 г талхны үйрмэг
- 600 мл цэвэр ус
- 40 мл чихэрлэг чили соус
- 30 г бүйлс самрын үйрмэг
Хийх жор:
- Сам хорхойг талхны үйрмэгэнд өнхрүүлнэ. Дараа нь хайруулын тавган дээр 5-7 минутын турш шарна.
- Сам хорхойны илүүдэл тосыг арилгасны дараа чили соусаар түрхэх хэрэгтэй. Дээрээс нь бүйлс самрын үйрмэгийг цацна.
- Хүсвэл васаби соустай хамт зооглож болно.