
Валентины баяраар хайртдаа хийж өгөх амттаны жорууд: Дубай шоколад, крем брюле ба бусад
Хийхэд хялбар жорууд
Жилийн хамгийн романтик уур амьсгалтай цаг мөч болох Гэгээн Валентины өдөр хаяанд иржээ. Энэхүү гэгээлэг баярыг улс бүр өөр өөрөөр тэмдэглэдэг ч дурлалт хосууд нэгэндээ өөрийн гараар хийсэн шоколад, бялуу зэргийг бэлэглэх нийтлэг шинжтэй байдаг. Иймд бидний зүгээс уншигчдадаа зориулан хайртдаа, эсвэл харж явдаг нэгэндээ хийж өгч болох хялбар атлаа маш гоё болдог амттануудын жорыг хуваалцахаар бэлтгэлээ.
Зүрхэн хэлбэртэй дубай шоколад

Орц:
- 200г катаифи
- 500г сүүтэй шоколад
- 50г цагаан шоколад
- 350мл ангаахай самрын тос
- 50г тахини амтлагч
- 60г цөцгийн тос
- Зүрхэн хэлбэртэй шоколадны хэв
Хийх жор:
1. Цагаан болон сүүтэй шоколадаа тус, тусад нь хайлуулна.
2. Катаифи буюу грекийн алдарт бялууны зуурмаг дээр цөцгийн тосоо нэмж хайруулын таваг дээр шаргал өнгөтэй болтол нь хутгаж, хуурна.
3. Ангаахай самрын тос дээрээ тахини амтлагч болон хуурсан катаифигаа нэмж, холино. Дараа нь чимх давсаар амталж болно.
4. Зүрхэн хэлбэртэй шоколадны хэвэндээ эхлээд цагаан шоколадаа бага, багаар шулуун, ташуу хэлбэрээр дусаана. Дараа нь 200г сүүтэй шоколадаар хэвээ бүхэлд нь бүрхэж, хөргөгчид 10 минут хийж царцаана.
5. Царцсан шоколадаа хэвээс нь гаргалгүйгээр дээр нь ангаахай самрын тосоор амталсан катаифигаа жигд түрхэнэ.
6. Хамгийн сүүлд нь үлдсэн 300г шоколадаа дээрээс нь асгаад, жигд тарааж хэвэнд оруулна. Үүний дараа шоколадаа хөргөгчид 30 минут царцааснаар зүрхэн хэлбэртэй дубай шоколад бэлэн болно.
Жимсээр чимсэн Crème Brûlée

Орц:
- 3 ширхэг өндөгний шар
- ¼ аяга элсэн чихэр
- 1 ц.х. ванилийн сироп
- 250 мл өтгөн цөцгий (heavy cream)
- 2 ц.х. бор элсэн чихэр
- Дурын жимс
Хийх жор:
1. Шарах шүүгээгээ 150 хэм дээр тохируулан, урьдчилж халаана.
2. Өндөгний шар дээрээ элсэн чихэр, ванилийн сиропоо хийж, хутгана. Дараа нь өтгөн цөцгийгөө нэмээд шаргал өнгөтэй болтол нь бага гал дээр халаана.
3. Зуурмаг өтгөн, шаргал өнгөтэй болсны дараа урьдчилан бэлдсэн шарах шүүгээндээ хийж 30 минут болгоно.
4. Дараа нь амттанаа хөргөгчид хоёр цаг амраана.
5. Амттанаа хөргөгчөөс гаргасны дараа дээр нь бор элсэн чихрээ жигд цацаж өгөөд, 180 хэмийн шарах шүүгээнд алтан шаргал өнгөтэй болтол нь буюу 2-3 минут болгоно. Дараа нь дахин хөргөгчид 15 минут амрааж өгнө.
6. Ийнхүү Crème Brulée бэлэн болсны дараа дурын жимсээр амталж, өөрийн хүссэн хэв маягаар чимээрэй.
Бөөрөлзгөнө жимстэй донат

Орц:
- 20г хөөлгөгч
- 200мл бүлээн ус
- 100мл бүлээн сүү
- 1 ц.х. давс
- 2 ширхэг өндөг
- 50г цөцгийн тос
- 400г бялууны гурил
- 200г элсэн чихэр
- 1 ц.х. ванилийн сироп
- 300мл бөөрөлзгөнө жимсний чанамал
- 500мл ургамлын тос
- 300мл хайлуулсан цагаан шоколад
- Бөөрөлзгөнө жимс
Хийх жор:
1. Бүлээн ус дээрээ хөөлгөгчөө хийж, сайтар хутгана.
2. Гурил дээрээ бүлээн хөөлгөгчтэй усаа хийж, зуурч өгнө. Дараа нь сүү, давс өндөг, цөцгийн тос, элсэн сахар, ванилийн сиропоо хийж холиорой. Зуурмагаа хэт хатуу, эсвэл шингэн биш яг дундаж өтгөнтэй зуурсныхаа дараа хоёр дахин том хэмжээтэй болтол нь амрааж, дулаан газар хөөлгөөрэй.
3. Зуурмаг бэлэн болоход хуурай гурилтай хольж, сайтар нухаж өгнө. Дараа нь том хэмжээтэй болгон элдэж, таслаарай.
4. Тасалсан гурилаа бөөрөнхий хэлбэрт оруулж, дунд нь жижиг нүх гаргана.
5. Дараа нь сайтар халаасан ургамлын тосонд бэлдсэн гурилаа хоёр талаас нь шаргал өнгөтэй болтол нь шарна.
6. Донатаа шарж, бэлэн болгосны дараа хажуу бөөрөнд нь жижигхэн нүх гаргаж бөөрөлзгөнө жимсний чанамлаа шахаж өгнө. Үүний дараа хайлуулсан цагаан шоколадаараа донатынхаа дээд хэсгийг бүрхээрэй. Хамгийн сүүлд нь бөөрөлзгөнө жимсээр чимэглээрэй.
Шоколадтай cake pop

Орц:
- 200г улаан буудайн гурил
- 4 ширхэг өндөг
- 100г нунтаг какао
- 100г элсэр чихэр
- 70г цөцгийн тос
- 70мл ургамлын тос
- 200мл хайлуулсан сүүтэй шоколад
- 2.ц.х. ванилийн сироп
- 10 ширхэг модон чихрийн иш
Хийх жор:
1. Улаан буудайн гурил дээрээ өндөг, какао, элсэн чихэр, ургамлын тосоо хийж сайтар хутгана.
2. Зуурмагаа хэт өтгөн биш бага зэрэг шингэн хэлбэртэй болгоно. Дараа нь хэвэнд хийж, урьдчилж халаасан 150 хэмийн шарах шүүгээнд 20 минут болгож, хөргөгчид 15-20 минут амраана.
3. Хөргөж, амраасныхаа дараа дээр нь 70г цөцгийн тос болон ванилийн сиропоо нэмээд, миксерээр хутгаж, буталж өгнө.
4. Ийнхүү cake pop-ны бэлдэц бэлэн болоход гараараа бөөрөнхий хэлбэрт оруулан модон чихрийн иш дээрээ тогтоож өгөөрэй. Дараа нь хайлуулсан шоколадандаа дүрж, 10-15 минут хөргөгчид хатаана.
6. Шоколад бүрэн хатсаны дараа өөрийн хүссэн жимс, чихрээр чимэглэж болно.
Цагаан шоколадтай зүрхэн жигнэмэг

Орц:
- 450г элсэн чихэр
- 250г цөцгийн тос
- 2 ширхэг өндөг
- 2 ц.х. ванилийн сироп
- 400г улаан буудайн гурил
- 150г нунтаг какао
- 1 ц.х. хүнсний сода
- 1 ц.х. давс
- 200г цагаан шоколад
Хийх жор:
1. Шарах шүүгээгээ 175 хэмд урьдчилж халаана.
2. Шигшүүр ашиглаж гурил болон нунтаг какаогоо сайтар шигшиж өгнө.
3. Миксерээр цөцгийн тос болон элсэн чихрээ холино. Дараа нь өндөг ванилийн сироп, шигшсэн гурил, нунтаг какао, хүнсний сода, давс нэмж дахин миксердэнэ.
4. Үүний дараа цагаан шоколадаа чигчий хурууны өндөг шиг хэмжээтэй болгон буталж, зуурмаг дээрээ нэмнэ.
5. Зуурмагаа бага, багаар тасалж, гараараа зүрхэн хэлбэртэй болгон хэлбэржүүлээрэй. Ингээд урьдчилж халаасан шарах шүүгээнд 8-10 минутын турш болгож өгснөөр амтат жигнэмэг бэлэн болно.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт