Хайх

“Asian Glow”: Ази хүмүүсийн бие согтууруулах ундаа хүлээн авах чадамж багатай юу?

“Asian Glow”: Ази хүмүүсийн бие согтууруулах ундаа хүлээн авах чадамж багатай юу?

Text: Buro.Mongolia


Хэрэв алкохолын агууламжтай уух зүйлс хэрэглэсний дараа нүүр улайж, бие загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл уухаа шууд зогсоох ёстой гэнэ. Ихэнх хүмүүс өөрийгөө амархан согтож байна хэмээн андууран үргэлжлүүлэн хэрэглэдэг ч энэ нь таны бие согтууруулах ундаа хүлээн авч, боловсруулж чадахгүй байгаагийн дохио юм. Үүнд дэлхий даяар нэрлэгддэг нэршил байдаг ба ихэвчлэн Зүүн Ази нутгийн хүмүүст тохиолддог учир “Asian Glow”, “Asian Flush” гэх зэргээр тодорхойлох болжээ.

Стэнфордын Зүрх судасны хүрээлэнгийн захирал, Америкийн зүрхний нийгэмлэгийн ерөнхийлөгч Жозеф Ву энэ талаар дэлгэрэнгүй судлан туршилт хийжээ. Тэрээр "Бага байхад эцэг эх, эмээ өвөөгөө хааяа архи ууж байхыг нь харж байлаа. Тухайн үед тэд нэг, хоёр амссаны дараа нүүр нь дорхноо улайчихдаг байсныг санаж байна. Олон жилийн дараа би өөрөө согтууруулах төрлийн ундаа хэрэглэхэд миний зүрхний цохилт минутад 130 цохилж, нүүр улайж, 3-4 цагийн дараа толгой өвдөж байлаа" гэв.

Үүний учир нь альдегиддегидрогеназа 2 (ALDH2) хэмээх генийн мутациас болдог ба ойролцоогоор 560 сая хүн буюу дэлхийн хүн амын найман хувь нь энэхүү мутацийг тээдэг. Дийлэнх хувь нь Зүүн Ази гаралтай хүмүүс байдаг бөгөөд тэдний 45% нь архи ууж байхдаа хариу урвал үзүүлдэг гэсэн судалгаа бий. Биед орсон согтууруулах ундаа элэг рүү очиж, хорт хавдар үүсгэгч ацетальдегид болж хувирдаг. Энгийн хүний бие энэхүү хорт хавдар үүсгэгчийг задлахын тулд элэг нь альдегиддегидрогеназа (ALDH) хэмээх исэлдэгч фермент ялгаруулдаг. Гэвч ихэнх Ази хүмүүсийн биед тус фермент нь генийн мутацид орж ALDH2 болсон байдаг тул хорт хавдар үүсгэгч ацетальдегид нь цусанд үлдэж, судсыг тэлдэг байна. Иймд хүний нүүр улайж, ягаарах шинжээр илэрдэг аж.

Мөн Жозеф Вугийн хийсэн судалгаагаар өдөрт насанд хүрсэн эрэгтэй хоёр, эмэгтэй нэг согтууруулах ундаа хэрэглэлээ гэж бодоход дээрх мутацигүй жирийн хүнтэй харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэл 40-80 дахин илүү байдаг гэнэ. Мөн энэ мутаци нь Зүүн Ази хүмүүсийн хүзүүний хорт хавдар, ходоодны хорт хавдар, титэм судасны өвчин, цус харвалт, ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэлийг ихэсгэж өгдөг аж.

Сонирхолтой нь “Asian Glow” нь TikTok хэрэглэгчдийн дунд тренд болсон ба #AsianGlow хэмээх хэштэгийг 98,5 сая хүн хэрэглэж, видео контентдоо ашиглажээ. Үүнтэй холбоотойгоор нүүр улайх үед ашиглах наалт, Ази хүмүүст зориулсан харшлын урвалгүй “Kale Vodka”-г хүртэл гаргасан гэнэ. Гэхдээ танд согтууруулах төрлийн ундаа хэрэглэх үед дээрх шинж тэмдэг илэрч байвал уухгүй байх нь хамгийн зөв сонголт хэмээн олон эрдэмтэн зөвлөжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх