Байгаль орчинд ээлтэй ирээдүйг бүтээх 5 материал
Үнэт металлаас эхлээд наргил модны самрын ус хүртэл
"Why Materials Matter: Responsible Design For A Better World" номын зохиолч Ситаль Соланки Dezeen сэтгүүлд зориулан дизайны салбарт ойрын ирээдүйд ашиглагдах, байгаль орчинд ээлтэй таван боловсронгуй материалыг сонгон танилцууллаа. Мэргэжилтэн тун удахгүй эрэлттэй болох түүхий эдүүдийг нэрлэж, яагаад эдгээр бүтээгдэхүүнүүдийг сонгосноо тайлбарласан юм.
Алт
Компьютерын деталиуд болон өдөр тутамд хэрэглэгддэг төхөөрөмжүүдэд үнэт металл түлхүү ашиглагддаг байгаа. Жишээ нь алтыг компьютерын эх хавтан, хатуу диск, гар утас зэрэгт ашигладаг. Технологийн ертөнцөд хэрэглэгддэг цар хүрээг нь авч үзвэл үнэт металлыг олон дахин ашиглах нь зүйтэй юм. Сонирхуулахад одоо Италийн Formafantasma брэнд үүнийг хэрэгжүүлээд эхэлжээ.
Стрептомицид нян
Streptomyces coelicolor нэртэй нянг даавуу будахад ашигладаг. Faber Futures гэх био дизайны лаборатори энэхүү технологийн тусламжтай торгон алчуур будаж үзсэн бөгөөд 34 өдрийн дараа гэхэд төрөл бүрийн өнгө бүхий абстракт хээтэй гоёмсог алчуур бий болжээ. Хэрэв химийн будгаар будахад маш их хэмжээний ус шаардлагатай (байгаль орчинг бохирдуулдаг) бол энэ арга барилаар даавууг будахад бараг ус ордоггүй аж.
Шошлой
Рейкьявик дахь Исландын урлагийн академийн оюутнууд люпин буюу шошлой гэх ургамал ашиглан картон гаргаж авчээ. Тус материал нь химийн бодис агуулаагүй, биологийн задралд ордог гэдгээрээ онцлогтой. Ингээд ч зогсохгүй ийм төрлийн картон бүтээхэд синтетик цавуу ашиглах шаардлагагүй юм.
Наргил модны самрын ус
Өмнөд Энэтхэгийн Malai нэртэй ферм наргил модны самрын усан дотор оршдог нянг ашиглан яг л жинхэнэ арьс шиг материал бүтээжээ. Энэхүү түүхий эд нь ус нэвтэрдэггүй ба биологийн задралд ордог гэдгээрээ давуу талтай. Мөн уг материалыг бүтээх үйл явц ч маш амархан. Тодруулбал нянгууд чийглэг орчинд шилжсэнээр целлюлоз ялгаруулдаг бөгөөд 12-21 хоногийн дотор зузаарсаар "арьс" болдог байна.
Даавууны үлдэгдэл
Really Textiles компани даавууны үйлдвэрлэлээс үлдсэн хөвөн ба ноосыг барилга болон дизайны салбарт ашиглаж байна. Тэд даавууны үлдэгдлийг мяндас болтол нь жижиглэж, уурын машины тусламжтай хатуу хавтан болгодог гэжээ.