Бюро өдөр тутам: Өнөөдрийн онцлох үйл явдлууд
2016 оны арваннэгдүгээр сарын 17
Улаанбаатар хотод өдөртөө -8 хэм, шөнөдөө -12 хэм хүйтэн, бага зэргийн цас орно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Хэрэв үсээ засуулбал эд малын гарлагатай гэж дорнын зурхайд тэмдэглэжээ.
• Өнөөдөр Дэлхийн философийн өдөр юм. Энэ өдрийг ЮНЕСКО 2002 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Дэлхийн философийн өдрийг тохиолдуулж олон улс даяар философийн асуудлыг хөндсөн хурал, зөвлөгөөн, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
• Өнөөдөр Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр юм.
• Bloomberg-ийн мэдээллэснээр Apple компани ойрын хугацаанд ухаалаг нүдний шилийг танилцуулах болно гэжээ. Мэдээж энэхүү нүдний шил нь iPhone-той холбогдож ажиллах бөгөөд зураг авахын зэрэгцээ бусад мэдээллийг ч шилний дэлгэцэнд харуулна. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Apple-ын ухаалаг нүдний шил хийсвэр бодит байдал үзүүлэх технологитой гэнэ. Одоогоор энэхүү төслийг нууцалж байгаа ч зарим нэг эх сурвалжуудын үзэж буйгаар 2018 оны эхээр танилцуулагдах аж.
• Энэ өдөр Улаанбаатар хотноо "Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016" зохион байгуулагдаж байна. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон НҮБ-ын төлөөлөгчид оролцоно.