Corona шар айрагны үйлдвэрлэлийг түр зогсоожээ
Яагаад гэдгийг таагаарай
Мексикийн шар айраг үйлдвэрлэгч Grupo Modelo дэлхийд коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан Corona шар айрагны үйлдвэрлэлийг түр хугацаанд зогсоохоор шийдсэн байна.
Компанийн зүгээс энэхүү мэдэгдлийг өөрсдийн Twitter хуудсаар дамжуулан зарласан бөгөөд уг шийдвэрээ тайлбарлахдаа Мексикийн засгийн газрын зүгээс зайлшгүй шаардлагатай биш бизнесүүдийг түр хаах зарлиг гаргасантай холбоотой гэжээ. Энэхүү шийдвэрийг коронавирусийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготойгоор гаргасан бөгөөд одоогоор дөрөвдүгээр сарын 30 хүртэл хүчинтэй байх аж. Энэ хугацаанд хөдөө аж ахуй гэх мэт зөвхөн улсын амьдралд нэн шаардлагатай гол чиглэлүүдийн үйл ажиллагаа хэвийн байдлаар үргэлжлэх юм.
Corona шар айраг болон шинэ төрлийн вирусийн нэрс санамсаргүй байдлаар давхацсаны улмаас олон нийт дунд ташаа ойлголт үүсч, цахим ертөнцөд үүнтэй холбоотой мим давлагаа эрчээ авсан билээ. Зарим хүмүүс бүр тус шар айраг нь вирустэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж итгэж байсан ч, компанийн зүгээс мэдэгдсэнээр энэ нь шар айрагны борлуулалтад сөргөөр нөлөөлөөгүй гэнэ. Харин ч энэ оны эхний гурван сарын турш Grupo Modelo-гийн гаргадаг шар айрагнуудын борлуулалт 8.9% өсжээ. Тэр дундаа хамгийн өндөр борлуулалттай байсан шар айрагнууд дунд Corona багтсан байна.