ДЭМБ: Коронавирус хэзээ ч бүр мөсөн устахгүй байх магадлалтай
Мэргэжилтнүүд коронавирусыг ХДХВ-тэй харьцууллаа
Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 цар тахал хэзээ арилах талаар ДЭМБ мэдэгдэл хийжээ. Тодруулбал коронавирус нь ХДХВ (Хүний Дархлал Хомсдолын Вирус)-тэй адил хэзээ ч бүр мөсөн устахгүй байх магадлалтай гэж ДЭМБ-ын онцгой байдлын захирал Майк Райан мэдэгджээ.
Тэрээр коронавирусын эсрэг вакцин амжилттай гаргаж авсан ч цар тахлыг хянахын тулд маш их хүчин чармайлт шаардлагатай гэж үзэж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар коронавирусын нөхцөл байдал тодорхой хэмжээгээр ХДХВ-тэй төстэй гэнэ. ХДХВ бүр мөсөн устаагүй ч урьдчилан сэргийлэх, эмчилгээний арга замуудыг олсон гэжээ.
Мөн дэлхий нийт COVID-19 цар тахлын нөхцөл байдлыг бүрэн хяналтад авахад ойролцоогоор таван жил шаардагдах магадлалтай гэж ДЭМБ мэдэгдсэн юм. Үүнд вакцин, вирусийн мутаци, хөл хорионы дэглэм зэрэг маш олон зүйлс нөлөөлөх гэнэ.
Эргэн сануулахад өчигдрийн байдлаар Монголд коронавирусын 98 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Харин дэлхий даяар энэ тоо 4,525,390 хүрч, үүнээс 303,371 хүн нас бараад байна.