Эрдэмтэд: “Meme” сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг
Сошиал ертөнц бидний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буй тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээний салшгүй нэг хэсэг болсон "meme" буюу мим ч бас өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг Их Британийн Лафборогийн их сургуулиас явуулсан судалгаагаар баталжээ.
Тодруулбал та бидний хөгжилтэй гэж боддог мимийн ихэнх нь хэн нэгнийг тохуурхах, ялгаварлан гадуурхах, бусдыг дээрэлхэх гэх мэт ёс бус зан авирыг зөвтгөсөн агуулгатай байдаг ба энэ нь цаашлаад хайхрамжгүй байдлыг энгийн үзэгдэл мэт болгож байгааг уг судалгаанд харуулсан байна. Түүнчлэн эрүүл бус хооллолтыг дэмжсэн сэдэвтэй мим нь өсвөр насны хүүхдүүдийн таргалалтын нэг шалтгаан болж буйг уг судалгаанд дурджээ.
Учир нь ийм сэдэвтэй мим нь эрүүл бус хооллох энгийн төдийгүй байж болох л зүйл гэсэн ойлголтыг өгч байгааг судалгааны удирдагч, доктор Эшли Кейси тайлбарлалаа. Түүнчлэн судалгааны удирдагчид мим нь хэдий хөгжилтэй ч, өсвөр насны хүүхдүүдийн биеийн болон сэтгэхүйн хөгжилд хэрэгцээгүй зүйл болохыг анхааруулсан юм.