Хайх

Хятад эмээ нар TikTok-ыг доргиож байна

Хятад эмээ нар TikTok-ыг доргиож байна

Тэд загварын ертөнцөд насны хязгаар байхгүй гэдгийг харууллаа

Text: Buro.Mongolia


Загварын чиг хандлагыг зөвхөн залуу үеийнхэн тодорхойлдоггүй гэдгийг өмнөд хөршийн эмээ нар өөрсдийн үлгэр жишээгээр олон нийтийн сүлжээнд харуулж байна. Тэд Бээжингийн гудамжийг загварын тайз болгон, хятад үндэсний ципао даашинзыг төрөл төрлөөр нь өмсөн TikTok-ийн @fashion_grannies хуудсаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийн дагагч нарыг байлдан дагуулж эхэллээ.

Өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш 20 жилийн дараа загвар өмсөгчийн сургалтад хамрагдах үедээ бие биетэйгээ танилцаж, нөхөрлөсөн дөрвөн эмэгтэй энэхүү санааг анхлан гаргажээ. Тэдний хийдэг бичлэгт 50-70 насны 23 эмээ ихэвчлэн оролцдог хэдий ч заримдаа өөр хотоос эмээ нар оролцох нь ч бий.

Эмээ нар залуухан мэргэжлийн загвар өмсөгчдөөс дутахгүй гялалзаж, хотын гудамжаар гоёмсог хувцас өмсөн алхдаг бөгөөд заримдаа нөхөр, эсвэл ач, зээ нартайгаа хамт бичлэгт ордог нь хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг байна.

Эдгээр эмээ нар 2019 оноос олон нийтэд танигдаж эхэлсэн ба тэр үед бичлэгүүд нь өдөрт арав гаруй сая үзэгчдийн хандалтыг авч байжээ. Цар тахлаас болж эмээ нар гудамжаар алхаж чадахгүй болж, форматаа өөрчлөн хэсэг хугацаанд гэртээ бичлэгүүдээ хийсэн байна.

Эмээ нар TikTok бичлэгүүдээрээ загварын ертөнцөд насны хязгаар байхгүй гэсэн санааг харуулж, өндөр нас хүрсэн хүмүүст дуртай зүйлээ зоригтой хийхэд нь урам зориг өгч байна. Мөн бичлэгнүүдийн доор “Гоо үзэсгэлэн бол зөвхөн залуу хүмүүст зориулагдаагүй” гэх зэргээр өөдрөг сэдэл өгөх ишлэлүүдийг бичиж үлдээдэг.

Бичлэгт байнгын оролцогч 76 настай Санг Сиюжу “Шүтэн бишрэгч залуучууд маань бидэн шиг загварлаг, аз жаргалтай амьдардаг эмээ нарыг хараад хөгшрөхөөс айхаа больдог гэж хэлдэг” гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх