Луврын музейн пирамидыг алга болгоно
Гудамжны уран бүтээлч JR-ын төслөөр
Гудамж бол дэлхийн хамгийн том урлагийн галерей гэж хэлсэн Францын уран бүтээлч JR Луврын музейн шилэн пирамид дээр өөрийн ээлжит бүтээлээ хийх гэж байна
Жинхэнэ нэрээ нууцлаж, өөртөө JR гэх нэр өгсөн франц уран бүтээлч энэ удаад Парис хотын гол түүхэн дурсгалт газрыг анхааралдаа авчээ. Тодруулбал тэрээр Луврын музейн шилэн пирамид дээр анаморфизмын /гурван хэмжээст зураг хийх/ аргачлал ашиглаж, эртний хар цагаан зураг мэт дүрслэл буулгажээ. Перспектив алдалгүй хийсэн энэхүү зургийг тодорхой цэгээс харахад яг л Луврын музейн пирамид алга болж, оронд нь цаг хугацааны цоорхойгоор эртний Парис цухуйж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж.
JR-ын энэхүү зохиомж нь өнөөдөр олон нийтэд танилцуулагдах бөгөөд зургаадугаар сарын 27 хүртэл Луврын музейн пирамид дээр байрлахаар болжээ.