Меган Маркл анх удаа хунтайж Харри болон тэдний харилцааны тухай ярьлаа
“Би хэзээ ч өөрийгөө болзож буй эрчүүдээрээ тодорхойлж байгаагүй”
Их Британийн хатан хааны ач хүү, хунтайж Харритай нэг жилийн хугацаанд хайр дурлалын холбоотой байгаа (тэд 2016 оны долоодугаар сард болзож эхэлсэн) Меган Маркл анх удаа өөрийн "найз залуу"-гийн тухай Vanity Fair сэтгүүлд дэлгэлээ.
"Бид хоёр үнэхээр их аз жаргалтай байгаа. Бидний тухай хэвлэл мэдээллийнхэн бичиж эхлэхээс өмнө Харри бид хоёр зургаан сарын турш нууцаар уулздаг байсан. Энэ бүх хугацаанд би ажилласаар л байсан юм. Би огт өөрчлөгдөөгүй. Би урьдын адил хэвээрээ байгаа. Хүмүүсийн намайг хүлээн авч байгаа байдал л миний амьдралд өөрчлөгдсөн цорын ганц зүйл гэж хэлж болно. Би ер нь өөрийгөө болзож буй хүмүүсээрээ хэзээ ч тодорхойлж байгаагүй" гэж Меган Маркл ярьжээ.
Жүжигчин бүсгүйн хэлснээр ер нь бүхий л харилцаанд ямар нэг сорилт тулгардаг бөгөөд тэд яг л давлагаа мэт ирж буцдаг аж. Мөн заримдаа маш хүнд өдрүүд ч тулгарах нь бий гэж тэрээр онцолсон юм. "Гэхдээ намайг ямар ч тохиолдолд үргэлж дэмжиж тусалдаг хүмүүс байдаг. Тэдний дунд мэдээж миний найз залуу багтана" хэмээн Меган хуваалцжээ.
Хамгийн анх сэтгүүлчид Меган Марклын гэрийн хаалгыг манаж эхлэх үед буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хунтайж Харригийн төлөөлөгч тэдний харилцааны талаар анх тайлбар өгч байсан билээ. Кенсингтоны ордны вебсайт дээр "Хунтайж Харригийн найз бүсгүй Меган Маркл хэвлэл мэдээллийнхний бай болж байна. Үндэсний сонин хэвлэлүүдийн эхний нүүрэнд гарсан мэдээллүүд, aрьс өнгөний асуудлыг хөндсөн, сексист далд утгатай зүйлс нь хэрээс хэтэрч байгаа. Хунтайж Харри Меган Марклын аюулгүй байдалд санаа зовниж, түүнийг хамгаалж чадаагүйдээ сэтгэл нь маш их гонсойсон" гэсэн мэдэгдэл гарсан юм.
Эргэн сануулахад жүжигчин Меган Маркл нэгэн хуулийн фирмийн тухай өгүүлэх "Suits" нэртэй цувралд гол дүрийн залуугийн сүйт бүсгүйн дүрийг бүтээж нэр алдарт хүрсэн билээ. Одоогийн байдлаар жүжигчин бүсгүй Торонто хотод амьдарч байгаа бөгөөд "Suits" цувралын долоодугаар улирлын зураг авалтад оролцож байгаа аж.