Хайх

Олон нийтийн сүлжээг хэрхэн зөв ашиглаж, өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх вэ?

Олон нийтийн сүлжээг хэрхэн зөв ашиглаж, өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх вэ?

Сошиал ертөнц үнэндээ тийм ч муу зүйл биш юм

Text: Ө.Тодгэрэл


Олон нийтийн сүлжээг хүмүүс нэг бол хайрладаг, нэг бол үзэн яддаг. Гэхдээ ямар ч нөхцөлд энэ нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод буйг үгүйсгэхийн аргагүй юм. Glamour ба L'Oréal Paris нарын хамтран явуулсан нэгэн судалгааны үр дүнгээр АНУ дахь 2,000 эмэгтэйн 35% нь олон нийтийн сүлжээнд бүртгүүлсэн хувийн хуудаснуудаа нэг цаг тутамд шалгадаг нь тогтоогдсон байна. Үүнээс харахад орчин үеийн хүмүүс бид амьдралынхаа чамгүй их цагийг Instagram, Twitter, Facebook болон бусад нийгмийн сүлжээнүүдэд өнгөрүүлдэг болжээ. Мэдээж хэрэг дижитал ертөнцөд хэтэрхий их автаж, өөрийгөө бусадтай харьцуулах нь бидний сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг ч, сошиал ертөнц нь үнэндээ тийм ч муу зүйл биш юм.

Хэдийгээр судалгаанд оролцсон нийт хүмүүсийн гуравны нэг хэсэг нь олон нийтийн сүлжээ тэднийг бусдаас дутмаг мэт мэдрүүлдэг гэж мэдэгдсэн ч, 74% нь сошиал ертөнц мөн эерэг нөлөө үзүүлэх боломжтойг онцолсон байна. Судалгааны оролцогчдын хэлснээр олон нийтийн сүлжээ тэдэнд хүмүүстэй шинэ харилцаа үүсгэж, танилуудтайгаа холбоотой байхад тусалж, мөн амьдрал ба ажлын эрч хүч, бүтээлч санаа өгдөг байна. "Миний бодлоор олон нийтийн сүлжээг зөв ашиглаж сурвал энэ нь хүмүүст маш их урам зориг өгдөг. Хамгийн гол нь хүмүүс өөрсдөд нь таагүй мэдрэмж өгч буй зүйлсийг өөрсдөөсөө тусгаарлаж сурах хэрэгтэй юм" хэмээн судалгаанд оролцсон Сиэтл хотын нэгэн эрх зүйн мэргэжилтэн хэлжээ.

Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар олон нийтийн сүлжээний сөрөг нөлөөг багасгахын тулд тодорхой апп-ийг ашиглаж буй хугацаандаа хяналт тавьж, мөн хүмүүсийн амьдралыг сонжих биш, харин өөрсдөө олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглаж, амьдралаасаа хуваалцах хэрэгтэй аж. Бусдыг үзэхийн оронд өөрт тохиолдсон зүйлс, эсвэл өөрийнхөө амьдралыг харуулсан ямар нэг зүйл нийтлэх нь өөртөө итгэлтэй болоход тусалдаг байна. Тэгэхээр таны өөртөө итгэлтэй байдлыг бууруулж, атаархах зан төрүүлдэг хүмүүсийг дагахаа больж, тэдгээрийг танд урам зориг ба бүтээлч санаа өгдөг хуудаснуудаар орлуулах нь олон нийтийн сүлжээнээс эерэг энерги авах хамгийн шилдэг арга юм. Мөн олон нийтийн сүлжээг зөвлөгөө авах, аливаа зүйлд суралцах байдлаар ашиглах нь танд тустай байх болно. Юутай ч өөрийнхөө утсанд хадгалагдаж буй зургийг нийтлэ, өөрт тохиолдсон зүйлсээсээ хуваалц! Та бодсоноосоо ч илүү их урам зориг авах болно шүү.

Олон нийтийн сүлжээг хэрхэн зөв ашиглаж, өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх вэ? (фото 1)

цааш үзэх