Ватикан фитнесс бугуйвчийг орлох ухаалаг эрих худалдаанд гаргалаа
Бас апп ашиглан залбирал үйлдэж болно
Технологийн хөгжил шашны номлолд нэвтэрснийг батлах нэгэн сонирхолтой бүтээл зах зээлд танилцуулагдлаа. Тодруулбал Ватикан eRosary гэх гар утасны апптай холбогдон ажилладаг ухаалаг, электрон эрих худалдаанд гаргасан байна. Энэхүү эрих нь 10 ширхэг гартаам ба гематит бөмбөлөг болон мэдээлэл хадгалдаг ухаалаг загалмайгаас бүрдэж байгаа юм.
Аппыг ажиллуулахын тулд загалмайг ухаалаг утасны дэлгэцэд хүргэхэд л хангалттай. Апп дотор мөргөл үйлдэх текст, сургаалын аудио бичлэгүүдийг суулгаж өгсөн бөгөөд сүсэгтнүүд залбирлын үйл явцыг бүрэн хянах боломжтой юм.
Мөн энэхүү эрих нь фитнесс бугуйвчийн үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Тухайлбал шатаасан илчлэг, алхсан зай болон бусад үйлдлүүдийг тооцоолж чаддаг давуу талтай. Харин үнийн хувьд 110 ам.доллараар худалдаалагдах байна.
Ватиканы төлөөлөгчид залуу үеийнхний анхаарлыг католик шашинд татах зорилгоор тус төхөөрөмжийг бүтээсэн хэмээн онцолжээ.