Венец живж байна: Усны түвшин 187 см хүртэл нэмэгджээ
1923 оноос хойших хоёр дах томоохон үер
Венецид их хэмжээний үер болж усны түвшин аюултай хэмжээнд хүрэн 187 см хүртэл нэмэгджээ. Энэ нь усны хэмжээг албан ёсоор хэмжиж эхэлсэн 1923 оноос хойших хоёр дах томоохон үер юм. 1966 онд, анхны үерээр усны хэмжээ 194 см хүрч байсан билээ.
BBC болон бусад олон улсын хэвлэл мэдээллүүдийн онцолж буйгаар одоогоор Венецийн нутаг дэвсгэрийн 85% нь үерт автсан байгаа гэнэ. Үерийн улмаас хоёр хүн амиа алдсан бөгөөд Гэгээн Маркийн цогчин дуган зэрэг түүхэн барилгууд усанд автаад байгаа аж.
Венец хотын дарга Луижи Брунаро хотод онц байдал зарлахаар бэлдэж байгаа ба уг гамшгийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Тэрээр мөн үерийн улмаас учирсан хохирлыг хэдэн зуун сая еврогоор үнэлжээ.
Харин Италийн соёлын сайд Дарио Франчески засгийн газраас ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газруудыг хадгалж үлдэхэд зориулан тусгай төсөв хуваарилахыг амлажээ. Одоогоор үүнд зарцуулах төсвийн хэмжээ тодорхойгүй байна.