Хайх

Жефф Безосын Blue Origin компани сансрын бизнес төв бүтээхээр төлөвлөж байна

Жефф Безосын Blue Origin компани сансрын бизнес төв бүтээхээр төлөвлөж байна

“Orbital Reef”

Text: Buro.Mongolia


Amazon-ий тэргүүн Жефф Безосын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг Blue Origin компани 2025-2030 он гэхэд дэлхийн бага тойрог замд “Orbital Reef” хэмээх арилжааны сансрын станц байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар компанийн албан ёсны вебсайт мэдэгдсэн юм. “Orbital Reef” сансрын станц нь судлаачид, хэвлэл мэдээлэл, сансрын жуулчид, бизнес эрхлэгчид болон бусад салбарын хүмүүст зориулагдсан “олон төрлийн зориулалттай сансрын бизнес парк” болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Уг станц нь бичил таталцлын салбарт шинэлэг бүтээн байгуулалтуудыг нэвтрүүлснээр “Олон улсын сансрын станцын өвийг” хадгалах болно хэмээн компанийн төлөөлөгчид онцолсон юм.

Жефф Безосын Blue Origin компани сансрын бизнес төв бүтээхээр төлөвлөж байна (фото 1)


“NASA болон бусад сансрын агентлагууд жар гаруй жилийн турш дэлхийн тойрог замд сансрын нислэг, сансрын орон сууцыг бүтээж, ойрын арван жилд эхлэх арилжааны бизнест биднийг бэлтгэж байна” хэмээн Blue Origin-ийн дэвшилтэт хөгжлийн хөтөлбөрийг хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Брент Шервуд хэлжээ.


Blue Origin компани сансрын станцыг хүн амьдрахад тохиромжтой болон шинжлэх ухааны судалгаанд шаардлагатай бүхий л модуль тусгаарлалтаар тоноглохоос гадна зах зээл өсөх тусам эдгээрийн тоог нэмэгдүүлэхээр шийдсэн байна. Уг станцад “эх дэлхийн сайн сайхны төлөө” хэмээх зорилгын дагуу 10 хүртэлх хүн нэгэн зэрэг ажиллаж, амьдрах боломжтой байх юм. Түүнчлэн “Orbital Reef” станц судлаачдын багт шаардлагатай бүх тоног төхөөрөмж, бүрэн тоноглогдсон лаборатори, хаалттай тусгай модуль тасалгаанууд болон бусад хэрэгтэй зүйлсээр хангана гэдгээ тус компани мэдэгдсэн байна.

“Дэлхий рүү харсан өргөн том цонхтой модуль тусгаарлалтууд нь аялагчдад манай гарагийн гоо үзэсгэлэнг харж, жингүйдлийн мэдрэмжийг тав тухтай орчинд бүрэн мэдрэх боломжийг олгоно. Амьдарч, ажлах зориулалттай тасалгаанууд болон том хэмжээний люкнүүд аюулгүй, таатай орчинг бүрдүүлнэ” хэмээн вебсайтад дурджээ.

Жефф Безосын Blue Origin компани сансрын бизнес төв бүтээхээр төлөвлөж байна (фото 2)


NASA-гийн сансрын нисгэгч асан, Sierra Space холбооны ерөнхийлөгч Жанет Каванди "Өмнө нь сансрын нисгэгч байсан хүний ​​хувьд сансарт ажиллаж амьдрах боломж нь дэлхий даяар илүү олон хүнд хүртээмжтэй болох мөчийг хүлээж байлаа. Тэрхүү мөч ийнхүү ирлээ" хэмээжээ.


Сонирхуулахад, Жефф Безосын компани сансрын станцыг бүтээх ажил дээр жил гаруй хугацааг зарцуулаад байгаа юм. Мөн энэхүү төсөлд Sierra Space, Boeing, Redwire Space, Genesis Engineering зэрэг байгууллагууд оролцох байна. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх