Хайх

#BuroCrush: \"Квир\" загварын шүтээн Эзра Миллер

#BuroCrush: "Квир" загварын шүтээн Эзра Миллер

Саяхан "Fantastic Beasts" киноны нээлтэд Moncler брэндийн куртка өмсөн шуугиан тарьсан жүжигчний тухай 5 баримт

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн хоногийн өмнө "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" киноны нээлт болсноор бүх загварын хэвлэлүүд шуурч эхлээд байна. Гэхдээ дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг Жонни Депп, Жуд Лоу, Эдди Редмэйн нар бус харин туслах дүрийн жүжигчин Эзра Миллер татлаа. Кинонд залуу Криденс Бэрбоуны дүрийг бүтээсэн Эзра Миллер улаан хивсэн дээр дизайнер Пьерпаоло Пиччолигийн Moncler брэндэд зориулан урласан курткаг өмсөн, уруулаа дарсны хүрэн өнгөөр будан, яг л харь гарагийн хатан мэт төрх бүрдүүлэн гарч ирж, хүн бүхнийг уулга алдуулсан юм. Ингээд залуу жүжигчний талаар илүү дэлгэрэнгүй харцгаая.

Эзра Миллер жүжигчин Тильда Суинтон ба Эмма Уотсон нартай хамтарч ажиллаж байсан

"Fantastic Beasts" бол Эзрагийн карьерт тохиосон анхны амжилттай төсөл нь биш юм. Яг л Киану Ривз эсвэл Жон Траволтагийн хүү гэж андуурахаар өвөрмөц гаднах төрхтэй залуугийн талаар анх дэлхий нийт "We Need to Talk About Kevin" киноны дараа ярих болсон билээ. Уг кинонд тэрээр аймшигт гэмт хэрэг үйлдэж, шоронд ял эдэлж байгаа Тильда Суинтоны 15 настай хүүгийн дүрийг чадварлагаар бүтээсэн байдаг. Аугаа Суинтон ба түүний суут жүжиглэлтийн дэргэд хэн ч "орхигдож" болох ч Эзра өөрийн үүргээ чадварлагаар биелүүлсэн юм. Үүнээс гадна тэрээр Эмма Уотсонтой хамтарч тоглосон "The Perks of Being Wallflower" кинонд бас нэгэн онцлох дүрээ бүтээсэн байдаг. Түүнчлэн "Justice League", "Batman" зэрэг супер баатруудтай кинонд тэр Флэшийн дүрд мөн телевизийн цувралуудад жижиг дүрүүдийг бүтээсэн туршлагатай.

Эзра Миллер бол хөгжимчин

Тэрээр Sons of an Illustrious Father гэх инди хамтлагт гитар тоглож бас дуулдаг. Хамтлагийн гишүүд өөрсдийн зохиосон дуунууддаа одоогийн нийгэмд тулгарч буй асуудлууд, зүрх шимшрэм үйл явдлуудыг (жишээ нь 2016 онд Орландогийн Pulse нэртэй ижил хүйстнүүдийн клубд болсон халдлага) хөнддөг. Мөн Sons of an Illustrious Father хамтлагийн уран бүтээлүүд квир буюу аль нэг бэлгийн чиг хандлагад хамрагддаггүй хүмүүст зориулагддаг ч гитарын хүчирхэг хэмнэл, бага зэрэг хуучинсаг 1990-ээд оны уур амьсгалтай тэдний бүтээлүүд хүн бүхний сонирхолд нийцнэ гэдгийг Dazed ба Them сэтгүүлүүд онцолсон байдаг. Мөн тэд өөрсдийн гэсэн бүтээгдэхүүн худалдаанд гаргаж, ачаалалтай хуваарийн дагуу тоглолтоо хийдэг бөгөөд энэ бүх зүйлсийг хамтлагийн албан ёсны вебсайтаас харах боломжтой.

#BuroCrush: "Квир" загварын шүтээн Эзра Миллер (фото 1)

#BuroCrush: "Квир" загварын шүтээн Эзра Миллер (фото 2)

Тэр фермд амьдардаг (Тийм ээ, хотын захад байрлах харшид биш фермд)

Том хот уран бүтээлч хүнд ямар ч сайн зүйл өгөхгүй гэдэгт тэрээр итгэдэг. Тийм ч учраас тэр гэр бүлийнхээ хамтаар (аав, ээж, эгч дүүсийнхээ хамт) Вермонтод байрлах 1970-аад оны стилиэр баригдсан фермд оршин суудаг. Нэгэн удаа сэтгүүлч Элли Жонс GQ Style сэтгүүлд зориулан түүнээс ярилцлага авахаар ирэхэд тэр өөрийн ямааг төллүүлж, энэ шөнөдөө амьтдын дэргэд хононо гэдгээ юу ч болоогүй мэт хээв нэг хэлж байсан гэдэг. Тэрээр мөн томоохон үдэшлэгт дургүй бөгөөд зөвхөн хамтлагийн гишүүд болон эгч дүүстэйгээ л хаа нэг тийшээ очих дуртай. Мөн Эзра гар утсыг сэтгэл санааны байдалд нь муугаар нөлөөлдөг гэж үздэг төдийгүй уг төхөөрөмжийг ойр орчимд нь байхад биеэрээ мэдэрдэг гэжээ. Гэсэн хэдий ч тэр энэ дургүйцлээ шүтэн бишрэгчдийнхээ төлөө хойш нь тавьж, тэдэнтэй хамт селфи хийж чадна. Учир нь шүтэн бишрэгчдээ хүндлэх хэрэгтэй шүү дээ.

 

Эзра Миллер өөрийн үндэс угсаагаар бахархдаг

Соёлын ялгаа арчигдаж байгаа даяарчлалын эрин үед олон хүн өөрийн мөн чанараа хадгалан үлдэхийг хүсэх болжээ. Эзра Миллер ч мөн тэдний нэг. Түүний ээж Марта нь Герман ба Голланд гаралтай бол аав Роберт нь XIV зууны үед төв Европт үүссэн ашкенази (Еврей үндэстэн) удмынх юм. Тэрээр өөрийгөө Еврей хүн хэмээн бахархалтайгаар зарладаг.

 

Эзра Миллер бол квир загварын шүтээн

Саяхан залуу жүжигчин The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өсвөр насандаа Холливүүдийн найруулагчид ба продюсеруудын зүгээс бэлгийн дарамтад өртөж байснаа дэлгэсэн бөгөөд #MeToo хөдөлгөөнийг дэмждэг гэдгээ илэрхийлсэн юм. Харин 2012 онд тэрээр өөрийгөө эрэгтэй эсвэл эмэгтэй гэсэн аль нэг хүйсэд хамрагдахгүй гэдгээ хэлж, өөрийгөө "квир хүн" хэмээн нэрлэж байжээ. "Квир гэдэг нь хүйсийн асуудалд үгүй гэж хэлж байгаа хариулт" хэмээн Эзра мэдэгдсэн юм. Хааяа нэг улаан хивсний ёслол дээр үзэгддэг түүний ямар нэг хүйсэд хамрагддаггүй хосгүй стиль энэхүү байр суурийг нь улам бүр бататгаж байна. Жишээ нь "Fantastic Beasts"-ийн Хятад дахь нээлтийн ажиллагаанд өмссөн Раф Симонсын пальто, CFDA/Vogue Fashion Fund арга хэмжээний үеэр харагдсан өөдсөөр хийсэн эмээгийн бүтээлэг мэт куртка, Торонтогийн кино наадамд зориулан нүцгэн бие дээр өмссөн хилэн материалтай гоёмсог хатгамалтай хүрэм зэргийг дурдаж болно. Мөн мэдээж хэрэг Moncler-ийн куртка бол Эзра Миллерын загварын тунхаглал байсан юм.

#BuroCrush: "Квир" загварын шүтээн Эзра Миллер (фото 3)

#BuroCrush: "Квир" загварын шүтээн Эзра Миллер (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх