Хайх

Ухаалаг алхалт: Арван мянга алхаснаа мэдэх аппууд

Ухаалаг алхалт: Арван мянга алхаснаа мэдэх аппууд

Өдөр бүр алхах хэмжээ

Text: Ж.Чинбат


Хүн өдөрт арван мянган алхалт хийхэд хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлнэ гэж та хаа нэгтэйгээс уншсан л байх. Харин түүнийг хэрхэн тоолох вэ? Үүнийг явсан км-р баримжаалж болохоос гадна тодорхой тоо хэлэх апп ашиглах боломжтой.

Ингэхэд арван мянган алхам хэр хол зайтай юм бол гэж "Хайрхан" аялагч клубын залуус сонирхжээ. Тэд хүний дундаж алхамыг 76 см-р тооцож үзээд 1,6 км замыг туулахад 2000 алхам хийх хэрэгтэй, арван мянга алхахад 8 км газар туулах хэрэгтэй гэж тооцоолсон байна. Хотын төвд ажил, гэр нь байдаг хүмүүс бол өглөө оройдоо алхаад явахад л талаас илүүг нь нөхчих тоо ажээ. Үүнийг шалгаж үзэхээр 40 мянгатаас Төв номын сан хүртэлх ажил, гэртээ ихэвчлэн алхаж ирдэг арт директорынхоо Health аппын үзүүлэлтийг харахад тэрээр өглөө ажилдаа ирэхдээ л хэдийнэ 1880 гаруй алхам хийсэн харагдав.

Ухаалаг алхалт: Арван мянга алхаснаа мэдэх аппууд (фото 1)

Ер нь хөдөлгөөн багатай, суудлын ажилтай, эсвэл өдөржин машинаар явдаг хүн өдөрт ойролцоогоор 1000-3000 алхам хийдэг байна. Эдгээр хүмүүс нэмэлт, илүү алхалт хийж байх нь эрүүл мэндэд нь онцгой тустай.

Монголчууд, тэр дундаа Улаанбаатарчууд ямар шалтгаанаас болж хамгийн их халдварт бус өвчлөлд өртөж байгааг 2014 онд гаргасан Эрүүл мэнд, спортын яамны "Эрүүл мэндийн үзүүлэлт"-ээс харвал таван хүчин зүйл гарчээ. Үүнд өдөрт 400 гр-с бага хэмжээтэй жимс, ногоо идэх, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, эсвэл таргалалт, артерийн даралт ихсэлт болон өдөр бүр тамхи татах зуршил орсон байна.

Тэгвэл энэ таван сөрөг хүчин зүйлийг ердөө ганцхан алхалтаар шийдчихэж болох мэт. Машиндаа, эсвэл ажил дээрээ алхалтад тохиромжтой хөнгөн спорт гутал тавьчихаад тамхи, кофены оронд шинэхэн алим, эсвэл улаан лооль идэнгээ алхах цаг өөртөө гаргаж болно. 

Та хэрвээ iPhone -ийн хэрэглэгч бол Эрүүл мэндээ хянах боломжтой шилдэг арван аппын тухай бидний өмнө нь мэдээллэснийг эргэн нэг уншаарай. Учир нь энд iPhone-ын Apple Health аппын тухай, тэр хэрхэн хүний алхалт, явсан замыг тооцдог тухай бий. Та мөн iWatch-ийн хэрэглэгч бол цусан дахь холестрин, спиртний хэмжээгээ ч тодорхой мэдэх боломжтой. Бид энэ удаад эдгээр аппууд дээр нэмж зөвхөн алхалт тоолоход хэрэг болох хоёр апп танд санал болголоо.

7 minute Workout

Энэ аппыг та суулгаснаар долоон минут зарцуулаад л өөрийгөө бүрэн хөдөлгөөний дутагдлаас сэргийлж чадна. Аяндаа хийгээд дасчихвал таны бие адреналиндаа дурлаж, дасгал хийхэд улам амархан, бас гоё болох болно. Энэ үг бол ихэвчлэн гоё, сайхан биетэй болсон, эрүүл амьдарч яваа хүмүүсийн амнаас гардаг үг юм. Та уг аппыг татаж аваад Health аппын Sources цэсэнд тохируулснаар өдөрт хэд алхаж, хэр явсанаа мэдэх боломж бүрдэх юм. Дасгал хийгээгүй байсан ч таны алхаа тоологдоод л байна гэсэн үг. Энэхүү апп мөн iWatch-тай нийцэж ажилладаг бөгөөд таныг дасгалд дуудаж, бас урамшуулах болно.

Ухаалаг алхалт: Арван мянга алхаснаа мэдэх аппууд (фото 2)

Nike Running

Apple health, iWatch-уудтай хамтарч ажилладаг Nike Running бол гүйгчдийн сонгодог апп. Хэрэглэхэд хялбар, утасны цэнэг бага шаарддаг ба Spotify, iTunes -тэй зохицон ажиллаж гүйлтийг хөгжимлөг болгодог. Түүний бас нэг сонирхолтой зүйл нь таныг өөрийгөө сорьж үзэх, өмнөх амжилтаа ахиулах дуудлагын горим түүнд бий. Та хэзээ, хэр хол гүйхээ сонгож, Nike Running дээр бүртгэлтэй найзтайгаа хамт гүйж бас өрсөлдөж болно.

Бүгдээрээ эрүүл бас инээмсэглэж амьдарцгаая.

Ухаалаг алхалт: Арван мянга алхаснаа мэдэх аппууд (фото 3)

 

цааш үзэх