Хайх

#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид

#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид

Text: Buro.Mongolia


"Парис 2024" Олимпын наадамд оролцож буй тамирчдаас үзэгчдийн анхааралд хамгийн их өртөж, хүмүүсийн ярианы сэдэв болж буй долоон эрхмийг онцолж байна
#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид (фото 1)

Новак Жокович

Төлөөлж буй улс: Серби

Спортын төрөл: Талбайн теннис

Төрсөн огноо: 1987.05.22

Өндөр: 186см

Цахим хуудас: @djkernole

Талбайн теннисний домгуудын нэг Новак Жокович “Парис 2024” Олимпын наадамд алтан медаль хүртэж түүхэнд бичигдэх амжилт гаргаад байгаа юм. Тэрээр финалын тоглолтод үлдсэн хамгийн залуу буюу 21 настай тамирчин Карлос Алькарастай учраа таарч 7-6(3), 7-6(2) харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан билээ. Ингэснээр Жокович Алтан дуулга цол хүртсэн тав дахь теннисчин болж байна. Тус цолыг Их дуулга-ын бүх тэмцээнд болон Олимпын наадамд аваргалсан тамирчид хүртдэг юм. Жоковичоос өмнө Серена Уильяамс Алтан дуулга-ын эзэн болж байв.

Жокович 2003 онд буюу 16 насандаа мэргэжлийн тамирчин болж байсан бөгөөд карьерынхаа туршид нийт 24 Их дуулга-ын тэмцээнд түрүүлж байжээ. Спортын мэргэжилтнүүд болон үзэгчид түүнийг сэтгэлзүйн хувьд тун тогтвортой хэмээн тодорхойлдог ба сорилт бэрхшээлийг даван туулах, алдсан оноогоо эргэн нөхөх, тоглоомын чигийг өөрчлөхдөө гаргууд гэдгийг онцолдог юм.


#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид (фото 5)

Б.Баасанхүү

Төлөөлж буй улс: Монгол

Спортын төрөл: Жүдо

Төрсөн огноо: 1999.11.26

Цахим хаяг: @baasankhuu_bavuudorj

Бавуудорж овогтой Баасанхүү нь -48 кг жүдогийн төрөлд мөнгөн медаль хүртэж “Парис 2024” Олимпын анхны медалийг эх орондоо авчирсан чадварлаг тамирчин билээ. Мөн тэрээр 2024 оны Абу Дабигийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн бөмбөрцгийн аварга юм. Ингэснээр Баасанхүү Монгол улсын жүдо бөхийн дэлхийн аварга болсон зургаа дахь тамирчин, харин эмэгтэй гурав дахь бөх болоод байна. Харин Олимпын хувьд мөнгөн медаль хүртсэн 12 дахь тамирчин бол жүдо бөхийн спортын түүхэн дэх тав дахь мөнгө, түүн дотроо эмэгтэй жүдочдын Олимпын мөнгөн медальтай хоёр дахь бөх болсон байна.

Тэрээр Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд айлын дөрвөн хүүхдийн ууган охин юм. Спортын гараагаа 2013 онд Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр ангийнхаа есөн хөвгүүнтэй бэлтгэл хийж эхэлсэн байна.


#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид (фото 9)

Ноа Лайлс

Төлөөлж буй улс: АНУ

Спортын төрөл: 100м гүйлт

Төрсөн огноо: 1997.07.18

Өндөр: 177см

Цахим хуудас: @nojo18

Америкийн Нэгдсэн улс 2004 оны Aфины Олимпоос хойш 100м гүйлтийн төрөлд ялалт байгуулаагүй байсан нь Ноа Лайлсын гаргасан амжилтаар дуусгавар боллоо. Тэрээр Ямайка улсын тамирчин Кишан Томпсоныг 0.005 секундээр гүйцэж Олимпын аварга цол хүртсэн байна.

Лайлсын гэр бүлийн бүх гишүүд тамирчид бөгөөд түүний хувьд 12 настайгаасаа эхлэн гүйлтийн спортоор хичээллэж байжээ. Тэрээр 2016 онд мэргэжлийн тамирчин болж 21 насандаа Усэйн Болтын ижил насандаа гаргаж байсан амжилтыг эвдэж байсан гэдэг. Ноа спортоос гадна хип-хоп дуунд сонирхолтой бөгөөд өөрийн гэсэн уран бүтээлээ гаргаад амжжээ.


#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид (фото 12)

Ким Ежи

Төлөөлж буй улс: БНСУ

Спортын төрөл: 10м хийн гар буу

Төрсөн огноо: 1992.09.04

Интернэтийг шуугиулсан удаах эрхэм болох БНСУ-ын тамирчин Ким Ежи нь 10м хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж Олимпын шилдгүүдийн эгнээнд багтсан чадварлаг тамирчин билээ. Түүний тэмцээнийхээ үеэр биеэ авч явж байгаа байдал нь үзэгчдийн анхааралд өртөж “main character energy” буюу гол дүрийн эмэгтэйн энергийг ялгаруулж байна гэх сэтгэгдлийг хүртсэн юм.

Тэрээр Олимпын тэмцээнийхээ дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хүмүүсийн надад өгч буй анхаарал, энэ бүх хайр халамжид би маш их талархаж байна. Миний бие дараагийн дөрвөн жилдээ улам хичээж Лос Анжелесын Олимпод амжилтаа ахиулах болно” гэж хэлжээ. 


#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид (фото 16)

Томас Чеккон

Төлөөлж буй улс: Итали

Спортын төрөл: 100м араар даллах сэлэлт

Төрсөн огноо: 2001.01.23

Цахим хуудас: @ceccon_thomas

Томас Чеккон “Парис 2024” Олимпод 100м араар даллах сэлэлтийн төрөлд алтан медаль, 4X100м холимог сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр араар даллах 100м сэлэлтийн дэлхийн рекордыг (51.60) 2022 оны Будапештын дэлхийн аваргын тэмцээн дээр тогтоож байсан удаатай юм. Мөн энэ удаагийн Олимпын наадамд өндөр ур чадвар, өв тэгш бие болон зүс царайгаараа Tik Tok, Instagram дээр алдаршиж олон сая хүний crush нь болоод амжсан.

Чеккон усанд сэлэлтээр хичээллэхийн хажуугаар талбайн теннис тоглодог байсан бөгөөд энэ төрлөөр мэргэжлийн тамирчин болохоо дөхжээ. Гэсэн ч усанд сэлэлтийн спортод илүү хайртай байсан учраас, мөн эцэг эхийнхээ зөвлөгөөнд үндэслэн өөрийн сонголтоо хийж байжээ.


#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид (фото 19)

Жэнь Чин Вэн

Төлөөлж буй улс: БНХАУ

Спортын төрөл: Талбайн теннис

Төрсөн огноо: 2002.10.08

Өндөр: 178см

Цахим хуудас: @zhengqinwen_tennis

Жэнь Чин Вэн талбайн теннисний Олимпын аварга болсоноор тус төрөлд Олимпод ялалт байгуулсан БНХАУ-ын төдийгүй Ази тивийн анхны тохиолдол болж байгаа юм. Тэрээр өөрийн өрсөлдөгч Хорватын тамирчин Донна Векичийг 6-2, 6-3 харьцаатайгаар буулган авсан билээ. 

Чин Вэн зургаан настайгаасаа эхлэн талбайн теннисээр хичээллэсэн ба ердөө 11 настайдаа спортын томоохон компаниудын нэг болох IMG-тэй хамтран ажиллах гэрээ үзэглэж байжээ. Тамирчны хувьд өөрийн гаргасан амжилтын үндсийг “Үүнд миний эцэг эхийн нөлөө маш их бий. Тэд надад хэрхэн сахилга баттай байхыг, мөрөөдөлдөө үнэнч явахыг заасан. Тэд үргэлж надад итгэсээр ирсэн” хэмээн тодорхойлсон байна.


#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид (фото 22)

Юсуф Дикеч

Төлөөлж буй улс: Турк

Спортын төрөл: 10м хийн гар буу

Төрсөн огноо: 1973.01.01

Цахим хуудас: @yusufdikecofficial

Юсуф Дикеч 10м хийн гар бууны спортын төрөлд ямар ч тусгай хэрэгсэлгүйгээр оролцож Олимпын мөнгөн медалийг “төвөггүйхэн” хүртэж чадсан гэдгээрээ  цахим сүлжээнд алдаршаад буй. Дан ганц харааны шил, чихний бөглөөтэй оролцох нь түүний хувийн сонголт байсныг багийн гишүүн Севвал Илайда Тархан хэлжээ. Учир нь Дикеч хоёр нүдээ нээлттэйгээр буудах арга барилтай бөгөөд тусгай хэрэгслүүд нь үүнд төвөг учруулах боломжтой гэнэ.

Тэрээр өмнө нь Туркийн Дотоод хэргийн яамны харьяа албанд офицероор ажиллаж байсан туршлагатай юм. Тус газар нь Туркийн цагдаагийн албаны харьяаллаас гадуурх асуудлыг шийдэх, нийтийн хэв журмыг сахиулах, дотоодын аюулгүй байдлыг хангах, үүнтэй холбоотой бусад үүрэг даалгавар биелүүлэх чиг баримжаатай ажээ. Юсуф Дикеч одоо 51 настай ба 2001 оноос эхлэн буудлагын спортоор хичээллэж эхэлсэн байна. Тэрээр 2014 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний практик буудлагын хоёр төрөлд алтан медаль хүртэж байсан бол 2023 онд хийн гар бууны холимог багийн төрөлд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медалийн болзол хангаж байжээ.


#BuroCrush: Бидний анхааралд өртсөн Олимпын тамирчид (фото 25)

Карлос Алькарас

Төлөөлж буй улс: Испани

Спортын төрөл: Талбайн теннис

Төрсөн огноо: 2003.05.05

Өндөр: 183см

Цахим хуудас: @carlitosalcarazz

Энэ бол эрэгтэй ганцаарчилсан талбайн теннисний төрөлд Новак Жоковичтай финалын шатанд таарч хоёрдугаар байр эзэлсэн Карлос Алькарас билээ. Финалын тоглолт онооны хувьд тун ойрхон явагдсан бөгөөд хоёр тамирчны зүгээс үзэгчдийг суудлаас өндөлзүүлсэн өрсөлдөөнтэй, ширүүхэн тоглолтыг үзүүлж чадсан. Алькарас хэдий Олимпод аварга болж чадаагүй ч ердөө 21 насандаа шилдгүүдийн эгнээд багтаж амжилтын буухиаг тасралтгүй үргэлжлүүлж буй залуу тамирчин гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм.

Карлос бол Мэргэжлийн теннисчдийн холбооноос гаргадаг шилдэг тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн хамгийн залуу, мөн анхны өсвөр насны тамирчин билээ. Мөн 2021 оны сүүлчээр 32 дугаар байранд жагсаж байсан бол 2022 оны есдүгээр сар гэхэд жагсаалтын нэгт орж хамгийн хурдацтай байр ахиж чадсан теннисчнээр тодорсон удаатай. Үүгээр ч зогсохгүй Алькарас нь Их дуулга-ын тэмцээний бүх гурван төрлийн талбайд (зүлэгтэй, шавран, хатуу талбай) ялалт байгуулсан хамгийн залуу тоглогчоор нэрлэгддэг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх