Нисэх загварын спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болж байна
Дэлхийн 37 орноос тамирчид иржээ
Тэрэлжийн уулсын урд, Дархан ноёны худаг гэдэг газар дэлхийн 37 орны нисэх загварын онгоцны тамирчид цуглажээ. Тэд дэлхийн А, Б зэрэглэлтэй Монголын цом 2015″ чөлөөт нислэгийн цомын тэмцээн, "МИКСМАН 2015″ чөлөөт нислэгийн олон улсын тэмцээн, 2015 оны Дэлхийн аварга чөлөөт нислэгийн тэмцээн гэх гурван цуврал тэмцээнд оролцохоор ирсэн юм.
Олон хоног үргэлжилсэн бүрхэг өдрүүд өнгөрч, гадаа тогтуун цэлмэг байгаа нь тус тэмцээнд оролцогчдыг ивээлээ гэлтэй.
Нисэх загварын онгоцны спорт нь нас харгалзахгүй хичээллэх боломжтой байдаг. Зургаан настай хүүхэд ч цаас, харандаагаар хийсэн онгоц хөөргөхөөс эхлээд жинхэнэ онгоцны материалаар бүтээгдсэн 3000 долларын өртөгтэй онгоц хүртэлх олон төрөлтэй. Гэхдээ Дэлхийн Агаарын Спортын Холбоо FAI (Fédération Aéronautique Internationale)-оос Нисэх загварын спортын төрөл бүрт далавчны нийт талбай, жин, моторын үзүүлэлт болон холбогдох бусад бүх зүйлийг зохих дүрэм, стандартаар зохицуулсан байдаг.
Тэмцээнд оролцож байгаа нисэх загварын зарим нь түүний их биед бэхлэгдсэн зөөгч гадаргууд аэродинамикийн хүчнүүд үйлчлэхэд үүсдэг өргөх хүчний үйлчлэлээр ниснэ. Зарим нь зөөгч сэнсний үүсгэсэн өргөх хүчний үйлчлэлээр агаарт хөөрдөг байна.
Агаарт хөөргөсөн онгоц 5-10 км зайд очиж буух тул тамирчид нь яг л хөлбөмбөгчин шиг том талбайд гүйх хэрэгтэй болдог сонирхолтой спорт юм. Манай оронд 1965 оноос хөгжиж эхэлсэн энэ спорт өнөөдөр ямар түвшинд хөгжсөнийг 8-р сарын 2-нд өндөрлөх дэлхийн аваргын тэмцээний дүнгээс харцгаая .
Энэ жилийн Монгол Улсад зохиогдож буй тэмцээнүүд дөрвөн төрлөөр зохиогдоно.
F1A - Планерийн загвар,
F1B - Резин хөдөлгүүрт загвар,
F1C - Хугацаат нислэгийн загвар,
F1P - Хугацаат нислэгийн загвар (өсвөр үеийн ангилал, 1 куб см)