Өв тэгш биетэй болохыг хүсвэл усан спорт танд туслана
Олимпийн тамирчин зөвлөж байна
Монголд усан спорт сонирхогчид урд өмнөхөөсөө хамаагүй их болжээ. Нэгдүгээрт залуус шөнийн клубээс илүү спорт клуб сонгож байна. Хоёрт өөртөө зарцуулах цагаа хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлэх арга бол усанд сэлэх гэж үздэг охид, бүсгүйчүүд улам бүр нэмэгдсэн. Гуравдугаарт эрүүл, зөв амьдралыг эрхэмлэдэг эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болох багаас нь усан спортоор хичээллүүлж, өв тэгш бие галбиртай болгохыг эрмэлзэх болжээ. Эдгээр эерэг хандлагын хажуугаар мөн зарим нэг эргэлзээтэй асуудал байдаг. Үүний нэг нь хаана, ямар бассейнд явах вэ гэдэг асуудал. Мөн сэлж сураагүй хүмүүс уснаас багагүй айдаг байна. Энэ бүхэнд бид тайлбар авахаар усан спортын мастер, дасгалжуулагч А.Тамиртай уулзлаа.
Усан спортын ач тус
Усан спортын ач тус гэвэл хүний биеийг зөв хөгжүүлнэ. Зүрх судасны үйл ажиллагаа, нуруу нугасанд сайнаар нөлөөлдөг. Хүн энгийн үед байнга босоогоороо явдаг учраас нуруундаа ачаалал их авдаг байна. Харин сэлэх үед бие хэвтээ тэнхлэгт орсноор нуруу амарч, бүх булчин ажилладаг. Тиймээс мөр тэгширч, бөгтөр арилж, тэвхгэр биетэй болно. Мөн усанд сэлэх нь стресс тайлах, жин нэмж, хасахад тохиромжтой спорт юм.
Хэдэн настайгаас хичээллэж болох вэ?
Ер нь аль ч насныхан хичээллэж болно. Над дээр дөрвөн настай хүүхэд хүртэл хичээллэдэг. Тэд өдөрт 2-3 км сэлэх бэлтгэл хийдэг юм. Хүүхэд багаасаа хичээллэснээр усаа мэдрэх мэдрэмж нь сайжирч, уян хатан байдал нь илүү хөгжинө.
Усыг мэдрэх гэж юу вэ?
Энгийнээр тайлбарлъя л даа. Энгийн хүн усан дотор хөлөө хөдөлгөөд явж байхдаа тэр бүр усны долгионыг мэдэрдэггүй. Тамирчдын хувьд гэвэл хөл, хурууны завсраар ус гүйж байгааг хүртэл мэдэрдэг. Үүнийг мэдэрснээр урагш илүү сайн сэлнэ.
Долоо хоногт хэдэн удаа, хэдэн цагаар хичээллэбэл тохиромжтой вэ?
Мэргэжилтнүүд энгийн хүнийг долоо хоногт 3-4 удаа, нэг орохдоо 30-45 минут сэлэхэд тохиромжтой гэж зөвлөдөг. Тухайлбал хүн 30 минут усанд зүгээр тоглоход л 100 калори шатаадаг. Харин сэлэхэд бол 150-200, хурдтай сэлвэл 300 калори шатаах боломжтой. Хамгийн гол нь хүмүүст зарим өрөөсгөл ойлголт байдаг. Усанд сэлснээр маш хурдан турна гэж бодох хэрэггүй. Эрчимтэй жингээ хасъя гэж бодож байгаа хүмүүс өндөр ачаалал авч, нэлээд олон долоо хоногоор хичээллэж байж турах болно. Ойролцоогоор 2-3 сарын дотор бодит үр дүн гарч эхлэнэ.
Өдөр тутмын хоолондоо анхаарах зүйл юу вэ?
Хүүхдүүд өдөрт 4-5 км сэлж, өндөр ачаалал авдаг. Тиймээс хоолноосоо нүүрс усыг маш сайн аваарай. Үүнийг төрөл бүрийн будаа, гоймон, жимснээс авах боломжтой. Ерөнхийдөө тавган дээрх хоолны 40% нь ногоо, 20% нь мах, үлдсэн нь нүүрс усаар баялаг орц, найрлагатай байх хэрэгтэй.
Усан спортын тамирчинд тэвчээр, дайчин чанар чухал
Усан спорт хүнийг маш их сорьдог спортын төрөл. Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тэгээд бас дайчин чанар чухал. Өдөр бүр бэлтгэл дээрээ 3-5 км сэлэхээр хүүхэд стрессд ордог. Тиймээс миний хувьд долоо хоногт 1-2 удаа хүүхдүүдээ бэлтгэл хийлгэхгүйгээр усанд тоглуулдаг. Насанд хүрэгчдийн хувьд сэлэхээс гадна долоо хоногт нэгээс хоёр удаа ууланд гарах, өөр спортоор хичээллэх зэргийг сонгож болно.
Монгол улс усан спортоор амжилт гаргах өсвөрийн олон тамирчинтай
Удахгүй гуравдугаар сарын 25-27 нь өсвөрийн болон насанд хүрэгчдийн улсын аврага шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд 10 багийн 150-200 хүүхэд өрсөлдөх юм. Эдгээр хүүхдүүд дотор Олимп, Дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргах боломжтой хүүхдүүд зөндөө байгаа. Гол нь зөв системтэй бэлтгэл хийх хэрэгтэй. Мэдээж мөн аав ээжийн оролцоо, бассейны хүрэлцээ амжилтанд чухал нөлөөтэй.
Усанд сэлж чадахгүй хүн гэж байхгүй
Усан спортоор хичээллэхийг хүсдэг, суръя, сэлье, тамирчин болъё гэж зорьсон хүмүүст нэг л асуудал тулгардаг. Монголчууд багаасаа "Усыг басч болохгүй" гэж итгэж ирсэн, гол усанд живсэн хүний тохиолдол олон болохоор уснаас айгаад байдаг. Айснаас болж дасгалаа сурахгүй, улмаар нэг сар яваад шантардаг хүмүүс бий. Миний бодлоор бол сэлж сурдаггүй хүн гэж бол байдаггүй. Хувиар тооцож үзвэл хүн сэлж сурах 99%-ийн чадвартай. Тиймээс та явж эхэлсэн л бол үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй.
А.Тамир анх 18 настай байхдаа 2004 оны Афины Олимпд оролцож, улсынхаа рекордыг эвдэж байжээ. Дараа нь тэрээр 2012 оны Лондонгийн Олимпд мөн оролцсон ба нийт найман удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн явсан юм. Одоо тэрээр зодог тайлсан байгаа бөгөөд Vista Club-ын дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүний дараагийн зорилго бол өөрийнхөө чадаагүй, сураагүйг тамирчиддаа сайн хүргэх юм. Энэ ч удахгүй биелэхийн тэмдэг мэт шавь нар нь Азийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.