Хайх

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа

Text: А.Сарнай


Технологийн ертөнцийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга хэдхэн цагийн өмнө болж өнгөрлөө. Glowtime нэртэй энэ удаагийн танилцуулах арга хэмжээг www.apple.com вэбсайт болон Apple TV аппликейшнаар шууд дамжуулсан юм. Apple компани энэ удаад цоо шинэ iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro болон iPhone 16 Pro Max гэсэн дөрвөн төрлийн гар утас, ухаалаг бугуйн цаг болон чихэвчнүүдээ танилцууллаа.


iPhone 16 Pro болон iPhone 16 Pro Max

Хамгийн том дэлгэц, хамгийн нарийхан дэлгэцийн хүрээ бүхий iPhone 16 Pro болон iPhone 16 Pro Max загварын гар утас хүчирхэг A18 Pro чиптэйгээр танилцуулагдав. iPhone 12 загвараас хойш ийнхүү дөрвөн жилийн дараа дэлгэцийн хэмжээгээ анх удаа 0.2 инчээр томруулж 6.3 болон 6.9 инчийн дэлгэцтэйгээр худалдаанд гаргахаар болжээ. Apple компанийн зүгээс iPhone 16 Pro Max нь iPhone-ий түүхэн дэх хамгийн удаан цэнэгээ барьдаг, хамгийн хүчирхэг батарейтай утас болж буйг мөн арга хэмжээний үеэр онцолсон юм. Хар, саарал болон цагаан гэсэн үндсэн гурван өнгөн дээр алтлаг хүрэн (desert) өнгө шинээр нэмэгдсэн ба камерын үзүүлэлтийн хувьд 4К нягтаршилтай бичлэгийг 120 fps-ээр хийх боломжтой дөрвөлжин пиксел бүхий 48 мегапикселийн шинэ Fusion камертай болсон байна. Үнийн хувьд Pro загвар 999 ам.доллар, Pro Max загвар 1,199 ам.доллароос эхэлнэ.

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 1)

Энэ жилийн арга хэмжээний хамгийн онцлох инновац мэдээж Apple Intelligence болон A18 чип байв. Зургаадугаар сард болж өнгөрсөн Worldwide Developers Conference арга хэмжээний үеэр OpenAI болон Apple компаниуд хамтарч ажиллах болсноо зарлаж, ChatGPT-г Apple-ийн төхөөрөмжүүдэд суулгаж эхэлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан.

Тэгвэл шинээр танилцуулагдаж буй Apple брэндийн бүхий л төхөөрөмжүүд Apple Intelligence хэмээх нэгдсэн системийн дор үндсэн аппликейшнуудаа хиймэл оюун ухаантай холбож, өдөр тутмын хэрэглээг улам хялбаршуулах боломжтой болсон байна. Тухайлбал, Siri ChatGPT-ээс шууд мэдээлэл татаж, зөвхөн дуу хоолойгоор бус бичгээр харилцах чадвартай болжээ. Мөн түүнчлэн iPad дээрх тооны машины аппликейшнийг ашиглаж математикийн бодлого бодох, Writing Tools-ын тусламжтайгаар аливаа текстийн гол санааг товчлон дүгнэх, текстийн алдааг хянах зэрэг маш олон үйлдлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хоромхон зуурт хийх боломжтой болсон юм. Энэ мэтчилэн ухаалаг үйлдлүүдийг нэг дор багтаасан Apple Intelligence нь аравдугаар сард танилцуулагдах iOS 18‌ шинэ үйлдлийн системд багтаж, хэрэглээнд нэвтрэхээр болжээ.

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 2)
Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 3)

Харин гурван нанометрийн технологийг ашиглан бүтээсэн A18 чип нь ухаалаг утасны хамгийн хурдан чип бөгөөд Apple-ийн бүх төхөөрөмж дээр Apple Intelligence функцийг ажиллуулах хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм. 


iPhone 16 болон iPhone 16 Plus

Шинэ загварын iPhone 16 гар утас хар, цагаан, ягаан, ногоон болон цэнхэр (ultramarine) гэсэн таван өнгөний сонголттойгоор танилцуулагдсан бөгөөд хэмжээний хувьд 6.1 инч болон 6.7 инч хэвээр үлджээ. A18 чиптэй iPhone 16 гар утасны баруун доод хэсэгт camera control товчлуур нэмэгдсэн ба зураг авах, бичлэг хийх үйлдлүүд илүү хялбар болсноос гадна та аливаа хаяг, реклам, зурагт хуудас зэрэг дээр камераа тохируулж camera button товчлуурыг дарахад тухайн газрын талаарх шаардлагатай бүхий л мэдээллийг танд автоматаар санал болгох гэнэ. Мэдээж энэ функц iPhone 16-гийн бүх хувилбарт бий. Мөн iPhone16 болон 16 Plus загварууд маш өндөр нарийвчлал бүхий зураг авах боломжтой 48MP, Telephoto camera-2X зэрэг камерын үзүүлэлттэй болж сайжирчээ.

OLED технологи бүхий Super Retina XDR дэлгэц, бат бөх арын шил, ус, тоос шороонд тэсвэртэй дизайн, цэнэгээ илүү удаан барих том батарей зэргээр шинэчлэгдэн гарч буй iPhone 16 гар утас 799 ам.доллароос эхлэн худалдаанд гарч байгаа нь өнгөрсөн жилийнхтэй ижил үнэ юм.

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 6)
Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 7)

Apple Watch Series 10 болон Apple Watch Ultra 2

Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай Apple Watch ухаалаг бугуйн цаг өмнөх загваруудаасаа илүү хөнгөн, илүү тод бас илүү том OLED дэлгэцтэйгээр танилцуулагдлаа. Онцлох шинэчлэлийн хувьд Apple Watch Series 10 загвар нь илүү хөнгөн бас бат бөх гэх тодотголтой титан материал бүхий хувилбарыг санал болгож эхэллээ. Мөн түүнчлэн Apple Watch-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг S10 SiP чипээр тоноглогдсон бөгөөд дэлгэцэд хүрэлгүйгээр үйлдэл хийх боломжтой Double tap control, дасгал хөдөлгөөний автомат хяналт зэргээс гадна орчуулга хийх, осол аюулыг автоматаар мэдэрч мэдээлэл дамжуулах аюулгүй байдлын функцүүд илүү сайжирсан гэдгийг онцоллоо.

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 8)

Харин 799 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах Apple Watch Ultra 2 загварын дэлгэц нь 49мм-н их биетэй болж томорсон ба цоо шинэ хар өнгийн сонголттой болсон байна. Хамгийн хүнд, хэцүү бартаат нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой энэхүү загвар нь 3000 нитсийн дэлгэцтэй ба усанд шумбах үедээ ч зүүж болох EN13319 стандарт бүхий гэрчилгээг эзэмшдэг.

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 9)

AirPods 4 болон AirPods Pro 2

AirPods чихэвчний дөрөвдүгээр үе гаднын дуу чимээг тусгаарлах noise cancellation тохиргоотой болжээ. H2 чиптэй AirPods 4 загвар нь онгоцны хөдөлгүүр, HVAC систем, замын хөдөлгөөн зэрэг хэт чанга дуу чимээний давтамжийг шаардлагатай герцээр бууруулж таны чихэнд сонсгох юм. USB-C цэнэглэгч, шинэчлэгдсэн дизайн бүхий чихэвчний гэр, толгой дохих төдийд дуудлага хүлээн авч, дууг намсгах ухаалаг функц бүхий AirPods 4-ийн энгийн загвар 129 ам.доллар, дуу чимээ тусгаарлах чадамжтай хувилбар 179 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахаар болжээ.

Харин 249 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах AirPods Pro 2 чихэвчний онцлох зүйл нь хэрэглэгчийн сонсголын түвшнийг шалгаж, сонсголын аппаратыг орлох боломжийг олгох шинэ функц байв. Та чихэвчээ ашиглан утсан дээрээ сонсголын тест өгөх ба хиймэл оюун ухаан сонсголын түвшнийг тань автоматаар тооцоолж, гаднын дуу чимээг илүү тод, сайн сонсох боломжийг чихэвчээр дамжуулан олгох аж.

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 10)

Мөн түүнчлэн AirPods Max загварын чихэвч цэнхэр, хар, улбар шар, нил ягаан болон цайвар шаргал гэсэн шинэ өнгөний сонголтуудаа танилцуулсан ба 549 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахаар болжээ. 

Apple компани iPhone 16, шинэ AirPods болон Apple Watch Series 10 загваруудаа танилцууллаа (фото 11)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх