Instagram оддын дүрд хувирах уу: Stories хийхэд зориулсан шилдэг селфи фильтрүүд
Нарциссистууд энд байна уу?
Хөл хорионы үеэр хүмүүс гэртээ бүх цаг хугацаагаа өнгөрөөх болсноор Instagram олон нийтийн сүлжээнд селфи Stories огцом ихэссэнийг анзаарч байна уу? Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд олон хоногийн турш гэртээ сууж залхсан тул нүүрээ будаж, гангалах хүсэл төрөх нь арга ч үгүй биз. Гэхдээ нэгэнт гэрээсээ гарч чадахгүйгээс хойш 15 секундийн бичлэг хийхийн тулд нүүрээ будаж, үсээ янзлахаас залхуу тань хүрээд байвал зүгээр л доорх фильтрүүдэд анхаарлаа хандуулаарай.
Ердөө ганц товчлуур дараад л өө сэвээ далдалж, давуу талуудаа тодотгох боломжтой Instagram фильтрүүд нь хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, эрүүл хандлагыг үгүй хийж байна гэсэн шүүмжлэлд өртсөөр байгаа ч дэлхий даяар олон сая хүн дурлан ашигласаар л байна. Ямартаа ч зугаагаа гаргах зорилгоор туршаад үзэхэд гэмгүй ч өөрийгөө байгаагаар нь хайрлаж, фильтрт хэт автахгүй байх нь чухал юм шүү.
Angels and Clouds by @pomelofashion
Сэргэн мандалтын үеийн уран зургууд, эргэн тойронд хөвөх үүлнүүд, гялалзсан гэрлүүд гээд энэхүү фильтр нь хормын зуур таны селфиг урлагийн бүтээл болгон хувиргана. Мөн таны царайны өө сэвийг далдалж, арьсны өнгийг нэгэн жигд болгож өгнө. Та төрөл бүрийн өхөөрдөм сахиусан тэнгэрүүдээс сонголтоо хийж, сонирхолтой Stories хийгээрэй.
Rare by @kendramishell
Олон сая дагагчтай TikTok эсвэл Instagram-ын халуухан охидын дүрд хувирахад төгс тохирно. Тухайлбал энэхүү фильтрийн тусламжтай дээш өргөгдсөн хөмсөг, өө сэвгүй арьс, ягаахан хацар, бомбогор уруултай болж, бүр нүдний өнгөө ч өөрчлөх боломжтой. Сошиал одын төрх бүрдүүлэхэд ийм л амархан.
Girl Crush by @sunniesface
Sunnies Face косметикийн брэндийн зохион бүтээсэн фильтр. Хэрвээ та дээрх Rare фильтрээс арай илүү байгалийн, энгийн төрх бүрдүүлэхийг хүсвэл анхаарлаа хандуулаарай. Учир нь тус фильтр нь танигдахын аргагүй өөрчилж, огт өөр хүн болгохгүйгээр бага зэрэг арьсыг тань толийлгож, уруул болон хацарт тань бага зэрэг улаан туяа оруулна. Үр дүнд нь таны нойр солигдсоноос үүссэн ядаргаанд орсон төрх ор мөргүй арилж, ханатлаа унтаж сэрээд хөнгөн будалт хийсэн мэт харагдана.
Cute baby face by @sasha_soul_art
Кайли болон Кендалл Женнер, Белла Хадид гээд уг филтрийг туршиж үзээгүй алдартан бараг үгүй биз ээ. Арьсны өө сэвийг дарж, бага зэрэг наранд борлосон мэт эффект үүсгэж, нүдийг томруулж, сормуусыг уртасгаж, жижиг гялалзсан чимэглэлүүд нэмж яг л үлгэрийн мэт өхөөрдөм төрхийг бий болгоно. Гэхдээ зарим хэрэглэгчид энэхүү фильтерт хэт донтож байгаа тул хяналтаа алдахгүй байхыг зөвлөе!
Clouds by @pablozwrong
Clouds фильтрийг ашиглан үүлэн дунд хөвж, мөрөөдөмтгий нэгэн болохоо дагагч нартаа харуулаарай. Мэдээж хэрэг нэгэн жигд өнгөтэй гэрэлтсэн арьс, хацар болон уруулын ягаан туяа оруулдаг эффекттэй тул бүр ч романтик дүр төрхтэй болгоно.